Польшийн эрх баригчид холбоотнуудын хамт агаарын орон зайн хяналтаа чангатгаж, бүх гол албаа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан тухай тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецкий хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. “Бид Польшийн Зэвсэгт хүчний зарим анги, нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүллээ. Дотоод хэргийн яамтай хамтран цагдаа, хилийн цэрэг, гал түймэртэй тэмцэх гээд бүх албыг нь өндөржүүлсэн бэлэн байдалд оруулав. Энэ онцгой мөчид бусад холбогдох албаныхан ч бэлэн байдлын зэргээ дээшлүүлсэн” гэж тэрбээр хэлжээ.Польшийн иргэдэд тайван, сэрэмжтэй байж, ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалсан аж.
Польшийн зүүн нутагт, Украинтай хиллэдэг Пржеводув тосгонд дэлбэрэлт болсон юм. Энэ газарт пуужин дэлбэрсний улмаас хоёр иргэн амиа алдсаныг Польшийн эрх баригчид мэдээлсэн. Гадаадын шинжээчдийг оролцуулан уг хэргийг мөрдөн шалгаж буй гэнэ. Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудагийн хэлснээр пуужинг хэн харвасныг нотлох баримт одоогоор алга байна. Харин Гадаад хэргийн яам нь уг пуужинг Орост үйлдвэрлэсэн гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийг өдөөн хатгалга гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам нэрлээд, Украин-Польшийн хилийн ойролцоо ОХУ-аас пуужин харваагүйг онцолжээ. АНУ мөн Оросын пуужин унасан гэх нотолгоо байхгүйг уламжлав. Польшийн зүүн нутагт пуужин унасантай холбогдуулан “Их-7”-гийн орнуудын удирдагчид яаралтай хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай Японы Засгийн газрын эх сурвалжаас эш татан “Kyodo” агентлаг мэдээллээ. Эл хэлэлцээнд бэлтгэхтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-нд товлосон Япон, Британийн Ерөнхий сайд нарын уулзалт хойшлогдсон аж. “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонезэд цугласан “Их-7-гийн бүх удирдагч Польшийн асуудлаарх хэлэлцээнд оролцож байна.
Польшид болсон үйл явдлын талаар НАТО-гийн холбоотнууд зөвлөлдөж байгаа бөгөөд бүх баримтыг тогтоох нь чухал гэж Умард Атлантын эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг онцолжээ.