НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 27 дахь бага хурлыг зохион байгуулж буй Египет улс ган гачиг, хүнсний хомсдол зэрэг цаг уурын аюулд өртөмтгий дөрвөн тэрбум хүний амьдралыг дэмжих үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулсныг NHK телевиз уламжиллаа. Үүнд 2030 он гэхэд хэрэгжүүлсэн байх, дэлхий нийтийг хамарсан 30 зорилт тусгажээ. Уг төлөвлөгөөнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах газар тариалангийн илүү тогтвортой практикт шилжих замаар 2019 оны түвшинтэй харьцуулахад нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээг хоёр дахин бууруулж, тариалангийн талбайн бүтээмжийг 17 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна.
Тэрчлэн далайн эргийн элэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд мангрогийн 15 сая га ойг хамгаалахаар уг баримт бичигт тусгажээ. Эл төлөвлөгөөг хэрэгжүүлэх зардал нь жилд 300 тэрбум ам.доллар байх аж. Тиймээс санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллахыг Засгийн газрууд болон бизнес эрхлэгчдийг Египет уриалсан байна.
Дэлхийн олон орны төрийн бус байгууллагууд Египетийн бага хурал болж буй газарт болж буй жагсаалд нэгдэв. Үүнд оролцогчид чулуужсан түлшийг төсвөөс санхүүжүүлэхээ зогсоохыг Засгийн газруудад уриалсан, мөн сэргээгдэх эрчим хүч рүү шилжье гэсэн уриа лоозон барьжээ. Япон, Хятад, Өмнөд Солонгос нь олборлодог түлш ашиглах шинэ төслүүдэд оруулсан хөрөнгөөр тэргүүлэгч орнуудын тоонд багтдаг гэж жагсаалыг зохион байгуулагчид онцолжээ.
Египет олон улсын хурал зохион байгуулагч орны хувьд эсэргүүцлийн жагсаалд хатуу хязгаарлалт тавьж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хориглосон аж. Жагсаал зохион байгуулагчдын нэг болох Филиппиний төрийн бус байгууллага үүнийг нотолж, дээд хэмжээний уулзалтууд болсон даваа, мягмар гарагт зөвшөөрөл олгоогүйг уламжилжээ. Гэсэн ч төрийн бус байгууллагууд хязгаарлалтыг үл харгалзан жагсаал, цуглаан зохион байгуулж, Засгийн газруудад шахалт үзүүлэхээ мэдэгдсэн байна.