“Америкийн нефтийн компаниуд дэлхийн эрчим хүчний зах зээлээс урьд өмнө байгаагүй их хэмжээний ашиг олсон хэрнээ дотоодын шатахууны үнийг бууруулахаас татгалзаж, ард түмнийг дэмжих үүргээ биелүүлэхгүй байна” гэж тус улсын Ерөнхийлөгч Жозеф Байден Цагаан ордонд сэтгүүлчдэд үг хэлэхдээ мэдэгдэв. Түүний хэлснээр сүүлийн зургаан сарын хугацаанд АНУ-ын нефтийн хамгийн том зургаан компани 100 тэрбум долларын орлоготой ажилласан хэрнээ улсдаа хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэл, боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх, эсвэл хэрэглэгчдийнхээ нөхцөл байдлыг сайжруулахын оронд их ашгаа хувьцаа эзэмшигчдэд өгч буй аж. Тэрбээр нефтийн компаниудын ашгийг хэрээс хэтэрсэн гэж үзэж байгаа бөгөөд шатахууны үнийг бууруулахад хувь нэмрээ оруулахгүй бол өндөр ашгийн татвар төлж, бусад хязгаарлалттай тулгарахыг анхаарууллаа.
“Нефтийн компаниуд ямар нэг шинэлэг зүйл хийснийхээ төлөө тийм их амжилт олоогүй. Тэдний ашиг бол дайны ашиг юм” гэж Ж.Байден тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, Украинд ОХУ-аас дэгдээсэн дайны улмаас нефтийн үнэ нэмэгдэж, АНУ-ын компаниудын орлого үлэмж хэмжээгээр өссөн аж.