Европчуудын бараг дөрөвний гурав нь инфляцын өсөлт, эдийн засгийн хямралын улмаас өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний зардлаа бууруулахаас өөр аргагүйд хүрч байгааг зах зээлийн дүн шинжилгээ хийдэг IRI компанийн судалгаанаас эш татан “Bloomberg” агентлаг мэдээлэв.
Тус тивийн зургаан гол зах зээлийн худалдан авагчдын 71 хувь нь дэлгүүр хэсэх, идэх зуршилдаа томоохон өөрчлөлт хийжээ. Үүний зэрэгцээ оршин суугчдын 58 хувь нь зайлшгүй шаардлагатай зүйлсийн зардлаа бууруулж, 35 хувь нь төлбөрөө барагдуулахын тулд хадгаламжаа ашиглаж, эсвэл зээл авч эхэлсэн байна.
Судалгаанд хамрагдсан 3000 хүний талаас илүү хувь нь хүргэлтийн хоол, хүнсний хэрэглээгээ бууруулахаар төлөвлөсөн бол 47 хувь нь ресторан, кафе, бааранд хооллохоо багасгах бодолтой байна. Олон хүн мөнгөө хэмнэхийн тулд урьдынх шиг хооллохоо больж, хүнсний хямдарсан бүтээгдэхүүн худалдан авах нь нэмэгдсэн гэнэ. Хямдарсан төдийгүй хугацаа нь дууссан барааг ч худалдан авч буй аж.
Энэ бүхэн 1970, 1980-аад оны Европын хатуу хэмнэлтийн үеийг санагдуулж байгааг IRI компанийн ахлах дэд ерөнхийлөгч Ананда Рой тэмдэглэв. Түүний бодлоор хүмүүсийн мөнгө зарцуулах хүсэл эрмэлзэл буурч, цаашид байдал улам дордож болзошгүй. Үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж, эрчим хүчний зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалан үнэ өсөх төлөвтэй байна. Үүний улмаас айл өрхийн төсөв хүнд болж, хангамжийн хямралаас болж өвлийн улиралд эрчим хүчний тасалдах бололтой. Тэрчлэн еврогийн бүс уналтад орж байна гэсэн айдас улам газар авсаар байгааг “Bloomberg” онцолжээ. Жирийн иргэд шинэ нөхцөл байдалд, тэр дундаа бараа, бүтээгдэхүүний нэр төрөл багасгахад дасан зохицох шаардлагатай болж байна.