Ж.Болсонару
Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва, одоогийн Төрийн тэргүүн Жаир Болсонару нар бусад нэр дэвшигчээс илүү олон санал авч, энэ сарын 30-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тунав. Өнгөрсөн ням гарагт болсон сонгуулийн эхний шатанд Өмнөд Америкийн тус бүгд найрамдах улсыг 2003-2010 онд тэргүүлсэн Лула да Силва 47.95 хувийн санал авчээ. Түүнийг 55 сая гаруй хүн дэмжив. Харин Ж.Болсонаруд 50 сая гаруй сонгогч саналаа өгсөн байна. Сонгуулийн комиссынх нь мэдээлснээр бүртгэлтэй 156 сая гаруй сонгогчийн бараг 32 сая нь саналаа өгөөгүй гэнэ. Энэ удаагийн сонгуулиар бразилчууд Ерөнхийлөгчөөс гадна парламентын дээд танхимын гишүүдийн гуравны нэг, доод танхимынхан болон бүх 27 мужийн захирагч, бүс нутгийн хууль тогтоох хурлын тэргүүнийг сонгожээ.
“ЯДУУСЫГ ДЭМЖИНЭ”
Луис Инасиу Лула да Силва Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж, ядуусыг хамгаалах, дэмжихийг нэн тэргүүний зорилт болгожээ. Уг асуудлыг тэрбээр сайн мэддэг. Тариачны өнөр өтгөн гэр бүлд төрж, өссөн тэрбээр 14 настайдаа үйлдвэрт ажлын гараагаа эхэлж, 23-тайдаа Сан-Паулу мужид төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлд элсэж, үүнээс хойш 12 жилийн дараа социалист Ажилчдын нам байгуулж, мөн онд сонгуульд нэр дэвшжээ. Дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиа орхиж, дараа нь механикчаар суралцсан, өөрөө хэлбэл, өндөр боловсролгүй нь түүнийг өнгөрсөн зууны 80-90-ээд онд Бразилын Ерөнхийлөгчийн сонгуульд хэд хэдэн удаа нэр дэвшихэд нь саад болоогүй аж. Түүний дөрөв дэх оролдлого амжилттай болж, улмаар улиран сонгогдож, 2003-2011 онд төр барьсан юм. Лула да Силваг ямар нэг байдлаар азтай нэгэн гэж шинжээчид үздэг. Өмнөх Ерөнхийлөгч Фернанду Энрике Кардозугийн хийсэн шинэчлэлийн ачаар түүний бүрэн эрхийн эхний хоёр хугацаа эдийн засгийн сэргэлтийн үед таарсны сацуу экспортын гол нэрийн барааны үнэ өндөр байжээ. Харин одоо бол улс орон нь хямралд орсон үе таарч байна.
Ажилгүйдэл, ядуурал, өлсгөлөн, инфляц, шатахууны үнэ нь Бразилын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал юм. Лула да Силвагийн сонгуулийн кампанит ажил “Ядуу хүнийг төсөвт тусга” гэсэн уриатай. Ерөнхийлөгчид нэр дэвшигч тэрбээр цалингийн доод хэмжээг жил бүр инфляцын түвшнээс дээш үнэлж, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд олгох санхүүгийн дэмжлэг улсын төсөвт хүндээр тусдаг ч нэмэгдүүлж, татварыг шинэчилж, ядуусыг бага, чинээлэг иргэдийг илүү төлдөг болгохоо амлажээ. Хөдөлмөр эрхлэлтийг улсаас дэмжих ёстой гэж Лула да Силва үзэж байна.
Үүний сацуу хөдөө аж ахуйн салбараа шинэчилж, улс орныхоо хүнсний бүрэн эрхт байдлыг баталгаажуулахын тулд тариаланчдаа дэмжихээ амлав. Шатахууны үнийн талаар төрийн оролцоотой газрын тосны хамгийн том “Petrobras” компанийн бодлогыг өөрчилж, түлш нийлүүлэх, боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах баталгаа гаргуулж, үнийг долларт бус, бодит байдалд нийцүүлэх ёстой гэж үзжээ. Лула да Силвагийн энэ саналыг Бразилын олон эдийн засагч дэмжиж, өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн захидалдаа зүүний намаас нэр дэвшигчийн төлөө санал өгөхийг уриалсан байна.
Гадаад бодлогын хувьд Лула да Силва стратегийн эвсэл байгуулах замыг сонгож, юуны түрүүнд Бразилын одоогийн Засгийн газар ойр дотно харилцдаггүй Аргентин, Боливи зэрэг Латин Америкийн оронтой холбоо тогтооно гэж Аргентины үндэсний их сургуулийн профессор Вилла Мария, улс төр судлаач Сильвина Ируста нар үзэж байна. “Өрнөдийн орнуудаас тавьсан хориг арга хэмжээг үл харгалзан Оростой худалдаа, эдийн засгийн харилцаагаа Лула да Силва үргэлжлүүлнэ. ОХУ ч Бразилтай эдийн засгийн харилцаатай байх сонирхолтой байдгийг бид мартаж болохгүй. Энэ харилцааг зогсоохыг төсөөлөхөд ч бэрх” гэж С.Ируста хэлэв.
Хэдийгээр нийгмийн санаа бодол Лула да Силвагийн талд байгаа ч тэрбээр сонгуульд тийм ч амар ялахгүй. Бразилын нийгэм үнэндээ Лула да Силваг хайрладаг болон үзэн яддаг хүмүүс гэж хуваагддаг. Өрсөлдөгчид нь түүнийг хоригдол байсан хүн хэмээн нэрлэж, төрийн эрхийг барьж байхад нь гарсан авлигын дуулиан шуугианыг байнга сануулдаг.
2016 онд Лула да Силва авлига, мөнгө угаасан хэргээр шалгагдаж, улмаар 12 жил хорих ял шийтгүүлж, төрийн албан тушаал эрхлэх эрхээ хасуулан, 580 хоног шоронд хоригдсон. Харин 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд Бразилын Дээд шүүх түүнийг суллах шийдвэр гаргаж, дараа нь оноосон бүх ялыг хэрэгсэхгүй болгосон нь түүнд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломж олгосон юм. Ташрамд дурдахад, 76 настай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Лула да Силва өнгөрсөн тавдугаар сард 55 настай бүсгүйтэй гэрлэсэн. Гурав дахь эхнэр Розангела нь социологич, намынх нь гишүүн бөгөөд сонгуульд оролцох энэ асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцох бололтой.
“ЭДИЙН ЗАСГАА ӨСГӨЖ, АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО”
Бразилын одоогийн Ерөнхийлөгч Жаир Болсонару хоёр дахь удаагаа нэр дэвшиж, эдийн засгаа өсгөж, технологи хөгжүүлж, ажлын байр бий болгохоо амлав. Цэргийн хүн болох тэрбээр дөрвөн жилийн өмнө эмэгтэйчүүд болон нийгмийн цөөнхийн талаар хатуу үг хэлж, олон хүний хувьд санаанд оромгүй байдлаар улс төрд оржээ.
Үзэл бодол, хатуу үг хэллэгээр нь Ж.Болсонаруг “Халуун орны Трамп” гэдэг. Америкийн удирдагч асныг дэмждэгээ ч Бразилын одоогийн Ерөнхийлөгч удаа дараа илэрхийлсэн. Дональд Трампын нэгэн адил тэрбээр эмэгтэйчүүд, ижил хүйстнүүдийн эсрэг үг хэлэхээс эмээдэггүй. Сонгуулийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс бага цалин авах ёстой. Яагаад гэвэл эмэгтэй хүн бие давхар болж, жирэмсний амралтаа авдаг гэж хэлсэн байдаг. Өөр нэг ярилцлагадаа ижил хүйстэн хүүгээ тэвчдэггүй хэмээн мэдэгджээ. Мөн Д.Трампын адил Ж.Болсонару коронавирус дэгдсэнд итгэдэггүй, олон нийтийн арга хэмжээний үеэр амны хаалт зүүхээс татгалзаж, вирус тархахтай тэмцэхийн тулд хязгаарлах арга хэмжээ авсныг буруушаадаг. Өөрөө ч “Ковид-19” тусаад эдгэрсэн аж. Д.Трампыг дэмждэг тэрбээр Жозеф Байден ялсны дараа түүнийг санал хураалтыг луйвардсан гэж мэдэгджээ. Үүний хариуд Ж.Байден сонгуулийн кампанит ажлын үеэр Ж.Болсонаруг Амазоны бүс нутгийн ой модыг устгасан хэмээн шүүмжилж, энэ бодлогоо өөрчлөхгүй бол Бразилын эсрэг хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн билээ. Жил бүр дээд үзүүлэлт бүртгүүлдэг Бразилын Амазоны түймэр нь Ж.Болсонаруг Ж.Байдентай төдийгүй Францын Ерөнхийлөгчтэй үл ойлголцоход хүргэсэн юм. Эммануэль Макрон Ж.Болсонаруг цаг уурын талаарх амлалтаа биелүүлээгүй гэж буруутган, Европын Холбоо болон Өмнөд Америкийн “Меркосур” эвсэл хоорондын чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг эсэргүүцжээ. Ж.Болсонару хариуд нь Э.Макроныг колоничлогчийн сэтгэлгээтэй хэмээн буруутгасан байна.
Лула да Силва
Ж.Болсонаруг олон зүйлээр шүүмжилж болох ч эдийн засгийн бодлого нь ерөнхийдөө амжилттай хэрэгжиж, нийгмийн бодлогод ч анхаарч, нийгмийн хөтөлбөрүүдийн төсвийн хязгаарлалтыг арилгаж чаджээ. Бразилын банкны салбарыг шинэчлэх талаар үнэхээр бодитой алхмууд хийсэн. Банкны салбарт нэвтрүүлсэн олон технологи нь үсрэнгүй амжилт олж, хамгийн том дижитал “Бразилийн банк”-ийг байгуулсан нь Ж.Болсонару болон түүний Засгийн газрын гавьяа гэнэ. Тэрчлэн эдийн засгийн янз бүрийн салбарт томоохон хувьчлалын хөтөлбөр эхлүүлж, Өмнөд Америкийн цахилгаан эрчим хүчний хамгийн том, төрийн өмчит “Eletrobras” компанийн хувьцааг худалдахаар болжээ. Мөн түүний Засгийн газар 5G технологи нэвтрүүлж, алслагдсан бүс нутагт нь харилцаа холбоо, интернэт ашиглах боломжийг нээсэн байна. Гэсэн ч Бразилын эдийн засаг хүнд хэцүү үеийг туулж, үүнд цар тахал, Оросын эсрэг Өрнөдийн орнуудын авсан хориг арга хэмжээнээс үүдэлтэй шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, бордооны нийлүүлэлтийн хүндрэл зэрэг асуудал тулгамдаж байна. Хүнсний бие даасан байдлын судалгааны хүрээлэнгийнх нь мэдээлснээр 212 сая гаруй хүн амтай Бразилын 33.1 сая иргэн нь өлсгөлөнд нэрвэгдэж, 125 саяынх нь хүнсний аюулгүй байдал алдагджээ. Тиймээс Ж.Болсонару сонгуулийн хөтөлбөртөө залуучууд, эмэгтэйчүүдэд ажлын байр бий болгоход голлон анхаарч, бага орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, бүс нутгуудад дэд бүтэц байгуулж, хөгжүүлэх, хувьчлалын хөтөлбөрийг үргэлжлүүлэх, мөн гэмт хэрэгтэй тэмцэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээ амласан байна.