ОХУ дахь АНУ-ын ЭСЯ-ны тэргүүний албан тушаалд одоо Арменид Элчин сайдаар ажиллаж байгаа дипломатч Линн Трейсигийн нэрийг Америкийн Ерөнхийлөгч Жозеф Байден дэвшүүлсэн. Энэ сарын 4-нд ОХУ-д сууж байсан АНУ-ын Элчин сайд Жон Салливан хугацаанаасаа өмнө огцорч, Москвагаас явсан юм. Түүний үүргийг дэд сайд Элизабет Руд гүйцэтгэж байна. ОХУ энэ томилгоог зөвшөөрсөн. Одоо Л.Трейсийг АНУ-ын Конгрессын дээд танхим батлах үйл явц хүлээгдэж буй.
Линн Трейси Жоржиа муж улсын их сургуульд Зөвлөлт Холбоот Улс судлалын чиглэлээр гурван жил суралцаж, төгсөөд 1987-1990 онд Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажилласан. “Өөрчлөн байгуулалт яаж эхэлж, тэр үед ЗХУ байсан өнөөгийн Орос хэрхэн илүү нээлттэй орон болсныг харж байлаа. Энэ туршлага миний мэргэжил сонголтод нөлөөлсөн гэж болно. ОХУ намайг дипломатч болгосон” гэж тэрбээр хожим нь дурсжээ.
ХЭТ ДАВРУУ ҮЗЭЛТНҮҮДИЙН БАЙ
1990 онд нутаг буцсан тэрбээр дөрвөн жилийн дараа Акроны их сургуульд хууль зүйн докторын зэрэг хамгаалсан бөгөөд мөн оноос АНУ-ын Төрийн департаментад алба хаших болжээ. 1990-ээд онд ихэвчлэн Төв болон Өмнөд Азид дипломат янз бүрийн албан тушаалд ажилласан байна. Тухайлбал, Афганистаны Кабул, Пакистаны Пешавар дахь Консулын газарт улс төрийн ажилтан, Туркменистаны Ашхабад дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга, Казахстаны Астана дахь Консулын газрын даргаар ажиллажээ. 2000-аад онд тэрбээр Европ, Евразийн асуудал эрхэлсэн товчоонд хэсэг хугацаанд алба хашихдаа эхлээд Гүрж, дараа нь Казахстанд зохицуулагчаар ажилласан гэнэ.
2008 онд Пешавар хотод ерөнхий консулаар ажиллаж байхдаа Линн ажилдаа явах замдаа отолтод өртөж, “Талибан” хөдөлгөөний босогчид түүний машин руу бууджээ. Тэрбээр жолооч, хамгаалагчтай гурвуул явсан бөгөөд гэмтэж, шархдалгүйгээр халдлага болсон газраас холдож чадсан байна. Тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон түүнд эр зоригийн шагнал гардуулахдаа халдлагад өртсөн ч юу болсныг ажилтнууддаа мэдэгдэж, дараагийн хийх алхмуудаа төлөвлөхөөр ажлын өрөөндөө шууд очсоныг онцлон тэмдэглэжээ. Урьдчилан сэргийлэх үүднээс түүнийг болон бусад хэд хэдэн ажилтныг гэртээ байж, эсвэл Исламабад руу нүүхийг тушаасан боловч Линн алба хаагчдаа орхихоос татгалзаж, ажлаа хэвийн үргэлжлүүлэн, албан ёсны зочдыг хүлээн авч (хэрэв зочид буудалд буух аюултай бол тэднийг гэртээ байлгадаг байж), нутгийн иргэдтэй харилцаагаа таслалгүй, исламын шашинтнуудын ариун Рамадан сард оройн зоог барих гэх мэт арга хэмжээ зохион байгуулсан гэнэ.
Линн Трейси 2011-2012 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Төв Азийн газрын захирал, 2012-2014 онд Төрийн нарийн бичгийн даргын Төв Азийн асуудал эрхэлсэн туслахын орлогчоор ажиллав. 2013 онд тэрбээр “Шинэ торгоны зам”-ын үзэл баримтлал буюу бүх Евразийн хуурай замын тээврийн систем болон Төв Азийн бүс нутгийн дэд бүтцийн бусад төслийг хэрэгжүүлэхэд оролцжээ.
“МОСКВАД БАЙСНААР ОРОСЫГ ОЙЛГОХ БОЛОМЖГҮЙ”
ОХУ дахь АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүнээр 2014-2017 онд ажиллахдаа тус улсаар маш их аялсан аж. Тухайлбал, 2015 онд Буриад, Якутад очиж, Мөнх цэвдэг судлалын хүрээлэн, Арслан зааны музей үзэж, орон нутгийн Ротари клубийн уулзалтад оролцжээ. 2016 онд Приморье, Екатеринбург, 2017 онд Перм хотоор аялсан байна. Энэ бүх аялал нь сөрөг хүчний төлөөлөгчидтэй уулзах, нууц мэдээлэл хийх, улбар шар хувьсгалыг өдөөх зорилготой байсан гэж Оросын Засгийн газрын талын хэвлэлүүд бичиж байв. Харин Линн аяллаа тус улстай танилцах хүсэлтэйгээ холбон тайлбарлаж, “Москвад байснаар Оросыг ойлгох боломжгүй гэдгийг баттай мэдэж байна. Улс төрийн хямралын үед ч хамтран ажиллаж, харилцаа холбоогоо бэхжүүлэх шаардлагатай гэж бид үздэг. Хүмүүсийн хувийн харилцаа, соёлын хамтын ажиллагаа улс төрөөс хамаарах ёсгүй. Улс төрийн нөхцөл байдал сайжирвал харилцааны үндэс нь хүмүүнлэгийн болон хүн хоорондын хэлхээ холбоо байх болно” гэв.
2017 онд Линн Трейсигийн нэр “Нэгдмэл Орос” намаас сонгогдсон Төрийн думын гишүүн Евгений Федоровын санал болгосон, ОХУ-аас хөөх дипломатчуудын жагсаалтад оржээ. Линн болон Америкийн дипломат төлөөлөгчийн газрын бусад ажилтныг АНУ-ын тагнуулуудтай тогтмол уулзаж, эсэргүүцлийн олон жагсаал, цуглаан зохион байгуулахад хүргэдэг хэмээн уг баримт бичигт тэмдэглэсэн байв. Оросын Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан, хурандаа Сергей Скрипалийг 2018 онд Британид хордуулсан. Үүнтэй холбогдуулан АНУ-аас гаргасан шийдвэрийн хариуд ОХУ тус улсын 60 дипломатчийг хөөх ижил шийдэл гарсан. Тэр үед Линн Трейси хэдийн АНУ руу буцаж, Төрийн департаментын албанд дахин орсон байжээ. Гэсэн ч удалгүй есдүгээр сард нь АНУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг Арменид Элчин сайдаар томилохыг санал болгосон аж. Үүний өмнөхөн “Хилэн хувьсгал”-ын үр дүнд сөрөг хүчний удирдагч Никол Пашинян Ерөнхий сайд болсон байв.
ТУУШТАЙ ДИПЛОМАТЧ
“Хэрэв намайг томилбол хараат бус шүүхээр баталгаажсан, тогтвортой хяналт, тэнцвэртэй засаглалын тогтолцоотой байхаар тусгасан хуулийг дээдэлж, шударга бус, дангаар ноёрхох үйлдлээс ангид эдийн засаг, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэхийг уриалсан Арменийн ард түмний хүсэл эрмэлзлийг дэмжихийн тулд өмнөх Элчин сайд Рик Миллсийн гаргасан онцгой хүчин чармайлтыг үргэлжлүүлэх болно” гэж Линн Трейси Сенатын Гадаад харилцааны хорооны хуралдааны үеэр хэлсэн байна. Үүний сацуу тэрбээр ХХ зууны Арменийн ард түмэнд нүүрлэсэн хамгийн аймшигт харгислалуудын нэгийг дурсахдаа “үй олноор хөнөөсөн гэмт хэрэг” гэж хэлээгүйнхээ төлөө сенатч Роберт Мендест шүүмжлүүлсэн. Гэсэн ч түүнийг Элчин сайдаар ажиллахыг дэмжсэнээр 2019 оны эхээр Арменид очжээ. Түүний шинэ албан тушаалд очоод хийсэн анхны албан ёсны айлчлалуудын нэгд армянчуудыг үйл олноор хөнөөсөн гэмт хэргийг дурсах музей багтсан гэнэ.
2019 он бол түр зуур намжсан Карабахын мөргөлдөөн (Армени, Азербайжаны удирдагчид хэд хэдэн удаа биечлэн уулзсан) дахин хурцадсан шилжсэн жил юм. Америкийн Арменийн үндэсний хороо Линн Трейсигийн үйл ажиллагаанд F үнэлгээ өгчээ. Тус хороо мэдэгдэлдээ түүнийг Ереван дахь АНУ-ын төлөөлөгчийн хувьд бүтэлгүйтсэн тухай дурдаж, “Арменийн ард түмэнд заналхийлсэн, Азербайжан, Туркийн цэргийн гэмт хэргийн талаар дуугүй өнгөрсөн. Үндэсний хямралын үеэр армянчуудад санхүүгийн болон сэтгэл санааны хувьд тусалж чадаагүй. Тэрбээр шаардлагатай үед байгаагүй бөгөөд тулалдаанд оролцохоор шийдсэн ч буруу талд нь зогссон” гэв. Үүний хариуд Линн “Мөргөлдөөний үеэр Уулын Карабахад байсан хүмүүс болон дүрвэгсдэд туслах таван сая доллар авчирсан. Бид хил орчмын суурин газруудад, ялангуяа Сюник мужид тусалсаар байна” гэжээ. Мөн АНУ-ын ЭСЯ Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан Арменид 2021 онд болсон парламентын ээлжит бус сонгуулийг зохион байгуулахад техникийн туслалцаа үзүүлснийг тэрбээр онцоллоо. Тэрчлэн “Ковид-19” цар тахалтай тэмцэхэд АНУ-аас 13 сая доллар авахад тусалсан аж.
Линн Карабахын мөргөлдөөнд оролцогч талуудтай 2022 онд ч холбоотой байсны сацуу Армени, Туркийн яриа хэлэлцээг дэмжиж байгаагаа илэрхийлж, түүхийг хүлээн зөвшөөрөх нь үүний хамгийн чухал хэсэг болохыг тэмдэглэв. “Бид Османы эзэнт гүрэн оршин тогтносон сүүлийн жилүүдэд үй олноор хөнөөх гэмт хэргийн золиос болсон 1.5 сая армян хүнд эмгэнэл илэрхийлж байна” гэж тэрбээр хэлжээ. Хэрэв Линн Трейсийг АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдаар Сенат нь баталбал тэрбээр энэ албан тушаалыг хаших анхны эмэгтэй болох юм.