Дэлхийн хүнсний хямралын эсрэг авч буй АНУ-ын нэмэлт хариу арга хэмжээний хүрээнд Монгол Улс хоёр сая ам.доллар хүлээн авна гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. Эл асуудлыг шийдвэрлэхэд АНУын Засгийн газраас саяхан зарласан 2.76 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд Украин дахь дайны улмаас улам хурцдаж буй хямралаас эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор тус улсын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол Улсад шинэ санхүүжилтийн эх үүсвэр олгохоор болсон аж. Бүс нутгийн бусад орны нэгэн адил Монгол Улс нь Украинаас улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортолдгийг дурджээ. Уг санаачилгын хүрээнд дээрх агентлаг нь нэмэлт хоёр сая ам.долларын санхүүжилтийг Монголд хэрэгжүүлж буй Жижиг, дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, Ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөсөн гэнэ. Уг санхүүжилт нь эдгээр импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар санхүүгийн удирдлагыг сайжруулахын сацуу бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хүнсний аюулгүй байдалд хүргэх зорилготой юм байна. Ташрамд дурдахад, хүнс, бордоо болон түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор яаралтай тусламжийн санхүүжилт авч байгаа улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг 47 хүлээн авагчийн нэг нь Монгол Улс аж.