“Их дуулга” тэмцээнд нийт 23 удаа түрүүлж, дэлхийн чансааг 319 долоо хоног (186 долоо хоног дараалан чансааны эхэнд бичигдсэн нь дээд амжилт) тэргүүлж байсан нэрт теннисчин Серена Уильямс удахгүй зодог тайлна гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, энэ сарын 29-нд эхлэх “Америкийн нээлттэй тэмцээн” түүний хувьд замналын сүүлч нь болох ажээ. Серена өчигдөр хэвлэгдсэн “Vogue” сэтгүүлийн гол нийтлэлийн баатар болсон. Тэрбээр уг нийтлэлд спортоо орхих гэж буйгаа илэрхийлсэн юм.
“Энэ сард таван нас хүрэх Олимпиа охины хамт өнөө өглөө шинэ гадаад паспортоо авахаар явж байлаа. Охин минь машин дотор өөрийн дуртай интерактив сургалтын аппликэйшнээ ашиглаж байсан юм. Уг аппликэйшний робот хоолой түүнээс “Том болоод хэн болохыг хүсэж байна вэ” гэж асуулаа. Охин минь намайг сонсож байгааг мэдээгүй агаад утас руугаа хариултаа шивнэн хэлэхийг нь би сонсов. “Том эгч болмоор байна” гэж Олимпиа хэлэх нь тэр. Гэр бүл, эсвэл теннисний аль нэгийг сонгохыг би огт хүсээгүй. Ингэх нь шударга бус. Хэрэв би эрэгтэй хүн байсан бол ингэж бичихгүй байсан биз ээ. Учир нь намайг үргэлжлүүлэн тоглох зуур эхнэр минь хүүхдүүдээ асрах байлаа. Яг л Том Брэди шиг. Гэхдээ намайг буруугаар бүү ойлгоорой. Би эмэгтэй хүн байх дуртай, олимпын үеэр жирэмсэн хэрнээ тоглох надад сайхан санагдсан. Би бараг л боломжгүйг бүтээсэн. 2017 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлэхдээ намайг хоёр сартай жирэмсэн байсныг олон хүн ойлгодоггүй, бас мэддэггүй. Харин энэ сард би 41 нас хүрнэ, ямар нэг зүйлийг өөрчлөх ёстой. Теннисээ орхих цаг болсныг хүлээн зөвшөөрөх мөч иржээ. Эл сэдэв миний хувьд хориотой байсаар ирсэн. Надад тэтгэвэр гэдэг үг таалагддаггүй. Энэ бол орчин үеийн үг биш. Надад харин “хувьсал” гэдэг үг илүү тохирно гэж бодож байна. Би теннисийг орхиж, илүү чухал зүйл рүү шилжинэ. Хэдэн жилийн өмнө би “Serena ventures” компанийг үүсгэн байгуулж, удалгүй гэр бүл зохиосон. Гэр бүл маань улам өнөр өтгөн болоосой гэж хүсдэг. Би салах ёс хийхдээ их муу, гэхдээ хөгжөөн дэмжигч та бүхэндээ хайртай шүү гэдгээ хэлэхийг хүсэж байна. Үүнийгээ үгээр илэрхийлж чаддаг ч болоосой. Бид хамтдаа асар олон ялалт, олон цомын эзэн болцгоосон. Нью-Йоркт болох тэмцээнд түрүүлж чадах, эсэхээ хэлж мэдэхгүй, гэхдээ хичээнэ. Теннис тоглодог байсан Серенаг би их санана даа” хэмээн нэрт тамирчин тус нийтлэлдээ бичжээ.
Серена 14 настайдаа мэргэжлийн теннисчин болж, гурван жилийн дараа анхны “Их дуулга” тэмцээндээ түрүүлсэн юм. Тэрбээр энэ онд ердөө гурван тоглолтод оролцсон агаад өнгөрсөн даваа гарагт Испанийн Нури Парризас-Диасийг ялсан нь (Канадад болж буй WTA-1000 тэмцээн) сүүлийн 14 сард байгуулсан анхны хожил нь байлаа.
Ийнхүү дэлхийн шилдэг эмэгтэй теннисчдийн нэг зодог тайлах шийдвэрээ гаргасан бол өөр нэг алдартай тамирчин ээлжит удаагаа спортдоо эргэн ирнэ гэдгээ мэдэгдлээ.
Холимог тулааны UFC холбооны аварга асан Конор Макгрегор энэ тухай нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн бөгөөд “Спортын түүхэн дэх хамгийн агуу, хамгийн том эргэн ирэлтийн гэрч болоход бэлэн байна үү” гэж фэнүүдээсээ асуужээ.
Өдгөө 34 настай ирланд тулаанч нийт 28 тулаанд оролцохдоо 22 ялж, зургаа ялагдсан юм. Тэрбээр хамгийн сүүлд 2021 оны долдугаар сарын 10-нд октагонд гарч тулалдсан ч эхний раундад хөлөө гэмтээсний улмаас Д.Порьед (АНУ) ялагдсан билээ.
Бэлтгэсэн Н.Энх