Хойд хөршийн нийслэл Москва хотод балетын олон улсын XIV уралдаан энэ сарын 3-наас хойш үргэлжилсээр байгаа юм. Уралдааны эцсийн дүн сонин уншигчдын гарт очих мөчид тодорсон байх болно. Дэлхийн 22 орны шилдэг балетчид оролцож буй уг уралдаанд манай улсын ДБЭТ-ын балетын таван эрэгтэй, гурван эмэгтэй жүжигчин ур чадвар сорьсноос О.Мөнхжин шагналт байрын төлөө өрсөлдөхөөр тунаад байлаа.
ОХУ-ын Их театрт болдог, олон улсын А зэрэглэлийн энэхүү уралдааныг 1969 оноос дөрвөн жилийн зайтай зохион байгуулж ирсэн юм. Энэ удаагийн арга хэмжээг ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова нээж үг хэлэхдээ уралдаан аль хэдийн балетын олимп хэмээх албан бус тодотголтой болсон талаар дурдав.
Манай улсын уран бүтээлчдийн тухайд энэ олимпоос Ардын жүжигчин Ю.Оюун 1981 онд хүрэл медаль хүртсэн бол О.Батсайхан мөн онд диплом авч байжээ. Балетчин У.Бат-Эрдэнэ 1989 онд оюутан байхдаа өрсөлдөж, “Шилдэг орчин үеийн бүжигчин” хэмээх шагналын эзэн болсон бол 1993 онд дахин ур чадвараа сорьж, мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Тэрбээр өдгөө АНУ-д балетын багш, балетын олон улсын уралдааны шүүгчээр ажилладаг юм.