АНУ-д жүжигчин Джони Депп болон түүний эхнэр Амберд Херд нарын бараг хоёр сар шахам үргэлжилсэн хурал өндөрлөж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Шүүгчдийн бүрэлдэхүүн Жоны Деппын талд орсноор экс эхнэр нь түүнд 15 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх болов. Ингэхийн сацуу шүүх Жонни Деппыг өмгөөлөгчөөрөө дамжуулан хуучин эхнэрийнхээ нэр хүндийг гутаан доромжлох гэж оролдсон хэмээн дүгнэн Амбер Хердэд хоёр сая доллар төлүүлэхээр шийдвэрлэв.
Холливудын од жүжигчин Жонни Депп энэ энэ оны дөрөвдүгээр сарын эхээр өөрийг нь гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн гүтгэсэн гэж Амбер Хердийн эсрэг шүүхэд гомдол гаргасан юм. Ингэх болсон шалтгаан нь Амбер Хердын 2018 онд “Washington Post” сонинд бичсэн нийтлэл байв. Түүндээ жүжигчин бүсгүй "олон нийтийн зүтгэлтэн болж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн төлөөлөл болсон" гэж хэмээжэ.
Үүний дараа 58 настай Депп нэр хүндийг нь гүтаан доромжилсон гэж үзээд 50 сая ам.долларыг экс эхнэрээсээ нэхэмжилсэн юм. Дээрх нийтлэлд Жонни Деппын нэр дурдагдаагүй ч түүний өмгөөлөгчдийн үзэж байгаагаар уг нийтлэл нь жүжигчний карьерыг үгүй болгосон аж. Депп “Warner Bros” студитай хийсэн гэрээгээ алдсан байна. Тэрээр гэрээний дагуу Харри Поттерын тухай "Гайхамшигт амьтад" зохиол дээр үндэслэсэн цуврал кинон дээр тоглох ёстой байв. “Warner Bros” түүнийг Данийн жүжигчин Мадс Миккелсенээр сольжээ.
Тангарагтны шүүгчид Амбер Хердыг нэхэмжлэгчийн гаргасан гурван өргөдөл болгонд буруутай хэмээн үзэхээс гадна, худал гэдгийг мэдсээр байж "хорон санаатайгаар" энэ бүхнийг үйлдсэн гэж дүгнэсэн байна.
Жонни Депп шүүхийн шийдвэрийг Лондон хотоос цахим хэлбэрээр сонссон бөгөөд дараа нь хийсэн мэдлэгдэлдээ “Зургаан жилийн өмнө миний амьдрал, миний хүүхдүүдийн амьдрал, ойр дотны минь хүмүүсийн амьдрал, мөн намайг олон жилийн турш дэмжсээр, итгэсээр ирсэн бүх хүмүүсийн амьдрал үүрд өөрчлөгдсөн. Нүд ирмэхийн зуур өөрчлөгдсөн.
Намайг албан ёсоор буруутай гэсэн ямар ч нотолгоо гараагүй байхад миний эсрэг худал, ноцтой, гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, эцэс төгсгөлгүй үзэн ядалтын урсгал бий болсон. Энэ бүхэн бараг л секундын дотор дэлхийгээр нэг тархаж, миний амьдрал, миний карьерт газар хөдлөхийн дайтай нөлөөлсөн.
Ингээд эцэст нь зургаан жилийн дараа шүүх миний амьдралыг надад эргүүлэн өглөө. Надад үнэхээр тааламжтай байна.
Дэлхийн өнцөг булан бүрээс хичнээн их хайр хүндлэл,, сэтгэлийн дэм хүлээн авч байгаадаа миний сэтгэл үнэхээр догдолж байна. Үнэнийг илчлэх миний эрхэм зорилго нь үүнтэй төстэй нөхцөл байдалд орсон эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай ялгаагүй бүх хүмүүст тусалсан гэдэгт найдаж байна.
Мөн шүүх, хэвлэл мэдээллийнхэн буруутай гэдэг нь нотлогдох хүртэл хэн ч буруугүй гэсэн зарчимдаа эргээд үнэнч болно гэж найдаж байна.
Сайн сайхан бүхэн өмнө минь байна. Миний амьдралын цоо шинэ хуудас нээгдэж байна” гэжээ.
Харин шүүх хурдын шийдвэрийг толгой гудайлган сонсож суусан Амбер “Сэтгэл дундуур байгаагаа үгээр илэрхийлэх арга алга. Хуучин нөхрийн маань зүй бус үйлдлийг гэрчлэх уул овоо шиг олон баримт байсан ч түүний асар их нэр нөлөө, эрх мэдлийн өмнө хүчин мөхөстлөө.
Миний сэтгэл шаналж байна. Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд ямар учир утгатайг бодохоор бүр их харамсаж байна. Энэ бол ухралт юм” гэж мэдэгдсэн байна.
Жонни Депп, Амбер Херд нар 2011 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2015 оны хоёрдугаар сард гэрлэжээ. Тэдний гэр бүлийн амьдрал ердөө хоёрхон жилийн дараа төгссөн юм.