19 жил амжилттай явагдаж, дэлхий даяар сая, сая үзэгчдтэй болсон алдарт “The Ellen Show” нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт хамгийн сүүлчийн дугаараа толилуулав. Энэхүү дугаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр бичигдсэн бөгөөд нэвтрүүлэгт дуучин Билли Эйлиш, Пинк мөн 1997 онд эл шоуны анхны дуугарын зочин болсон жүжигчин Женнифер Энистон нар оролцжээ.
“Бид хамтдаа ямар гайхалтай, гайхалтай аялалууд хийсэн бэ. Энэ шоу таныг инээлгэж, амьдралын хүнд хэцүү үед сэтгэл санааг тань өргөсөн бол би ажлаа хийж чаджээ гэсэн үг. Эл шоуны ачаар бид олон хүний амьдралыг өөрчилж чадсан. Мөн миний амьдралыг үүрд өөрчилсөн. Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн том туршлага байлаа” гэж нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч Эллен ДеЖенерес хэлэв.
Нэвтрүүлгийг хаах тухай яриа анх хоёр жилийн өмнөөс шоуны эргэн тойронд болсон дуулиан хэвлэлээр цацагдах болсноор гарчээ. Шоуны зураг авалт "хортой уур амьсгал"-тай явагддаг талаар арын албаны 11 ажилтан хэвлэлд ярилцлага өгсөн аж. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн хөшигний цаана дарангуйлал ноёрхдог байсан гэнэ.
Эллены хэлж буйгаар шоуг хаах шийдвэрийг хэдэн жилийн өмнө гаргаж байсан бөгөөд дээрх хэл амтай шууд холбоогүй гэнэ. Түүний бодлоор эл нэвтрүүлэг түүний өмнө тавьсан чиг үүргийг биелүүлэхээ больж хэмээн үзсэн учраас ийм шийдвэрт хүрч байж. Хэдий тийм ч с энэхүү таагүй байдал нь шоуны уур амьсгалд бүхэлд нь төдийгүй өөрийнх нь сэтгэл санааны байдалд ч нөлөөлсөн гэдгийг хөтлөгч хүлээн зөвшөөрөв.
Эллен ДеЖенерес бүх амьдралынхаа туршид хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээж, энэ ч үүднээсээ тэрээр инээдмийн жүжигчин болсон гэдгээ хэлжээ. Тэрээр өөрийн нэвтрүүлгээрээ хүмүүсийг аз жаргалтай болгож, сайн сайхан, энэрэнгүй сэтгэлийг түгээхийг хичээсэээр ирсэн аж. Тиймээс хүмүүс “хортой уур амьсгалын” тухай мэдэгдлээрээ түүний олон жилийн турш бүтээсэн бүх зүйлийг агшин зуур үгүйсгэж, өөрийг нь зүгээр л хэмхчин дарж орхисон гэж Эллен өөр нэгэн алдартай хөтлөгч Опра Уинфрид өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Америкийн телевизийн “The Ellen Show” нэвтрүүлэг нь 2003 оны 9-р сарын 8-нд анх гарч 19 жил үргэлжилсэн. Нийтдээ гурван мянга гаруй дугаар гарсан бөгөөд Нью-Йоркийн Үндэсний Телевизийн Урлагийн боон Шинжлэх Ухааны Академийн олгодог “Өдрийн Эмма” шагналыг 61 удаа, үзэгчдийн санал хураалтыг үндэслэн поп урлагийн уран бүтээлчдэд олгодог Америкийн үндэсний “People’s Choice Awards” шагналын 14 удаагийн эзэн болж байжээ.