Америкийн Лос-Анжелес хот дахь “City of hope” судалгааны төвд хорт хавдар устгах туршилтын вирус бүхий тарилгыг анх удаа өвчтөнд тарьсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Уг бэлдмэлийн найрлага дахь CF33-hNIS (Vaxinia) хэмээн нэрлэсэн вирус нь хорт хавдрын эсийг сонгон халдварлахын зэрэгцээ эрүүл эсийг хамгаалах давхар үйлчилгээтэй гэнэ. Уг бэлдмэлийг Австралид төвтэй биотехнологийн “Imugene” компанийн эрдэмтэдтэй хамтран бүтээжээ. CF33-hNIS-ийг хүний салхин цэцэг өвчний вирусийн генийг хувиргасны үр дүнд гарган авсан бөгөөд энэ нь өөрийгөө олшруулдаг юм байна. Үүгээр халдварласан хавдрын эсүүд задарч, эсрэг төрөгчийн үүрэг гүйцэтгэдэг олон мянган шинэ вирусийн тоосонцрыг ялгаруулна. Тэдгээр нь дархлааны системийг өдөөж, хорт хавдрын эсүүдийг дарангуйлж эхэлнэ. Генийг нь өөрчилсөн уг вирусийг өмнө нь амьтанд туршихад хорт хавдрын эсийг агнаж, устгахын тулд дархлааны системийг ашиглах боломжтойг харуулсан учраас энэ удаа хүн дээр анх удаа туршсан байна.
Өдгөө эл туршилтад насанд хүрсэн, хорт хавдар нь үсэрхийлсэн болон даамжирсан, хатуу хавдартай 100 өвчтөнийг хамруулахаар төлөвлөжээ. Хэрэв CF33-hNIS нь аюулгүй, баталгаатай нь эмнэл зүйн туршилтаар нотлогдвол хорт хавдрын эмчилгээнд ашиглаад удаж буй пембролизумабтай эсрэг биеийн эсрэг эмчилгээтэй хослох боломжтой, эсэхийг нэмэлт туршилтаар судлах юм байна. Гэхдээ CF33-hNIS-ийн клиник туршилтын хугацаа хоёр жил үргэлжлэх тул энэ нь дараагийн төлөвлөгөө гэнэ. “CF33-hNIS нь хүмүүст гайхамшгийг үзүүлэх, эсэхийг одоогоор хэн ч мэдэхгүй. Хэрэв бидний хүсэн хүлээсэн үр дүн гарвал энэ нь өдгөө хэрэглэж буй talimogene laherparepvec (T) хэмээх эмийн дараагаар Хүнс, эмийн агентлагаас зөвшөөрөгдөх хорт хавдрын эсрэг вирусийн хоёр дахь эмчилгээ болно” гэж “City of hope” төвийн эрдэмтдийн багийнхан мэдээлсэн байна.