Аялал жуулчлалын салбарынхан ойрын өдрүүдэд бужигнаантай байна. Найман яам, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого-аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. БОАЖЯ, Соёлын яам “Тогтвортой аялал жуулчлал-II” төсөлд гар нийлэн ажиллахаар бэлтгэлээ базааж байна. Мэргэжлийн холбоод болон МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарыг богино хугацаанд сэргээх хөтөлбөр, төлөвлөгөөг тус бүр боловсруулан, БОАЖ-ын сайдад өргөн барив. Холбогдох байгууллагууд хамтран “Улаанбаатар трэвэл экспо” үзэсгэлэн, яармаг зохион байгуулахаар ажиллаж буй гэнэ. Дэлхийн 186 орны 10 мянга гаруй байгууллага оролцдог “Ай Ти Би Берлин-2022” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголыг төлөөлөн цахимаар оролцох аж ахуйн нэгжүүдийг бүртгэх, тодорхой болгох ажил ид өрнөж байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, хилээ бүрэн нээсэнтэй холбоотойгоор тур оператор, жуулчны баазууд үйл ажиллагаагаа сэргээж, аялагч хүлээж авах бэлтгэлээ хан гаж эхэллээ. 20 жилийн түүхтэй “Хөх сувд” мөсний баяр Хөвсгөлд төд удалгүй болох нь. Үргэлжлүүлээд Өмнөговьд “Түмэн тэмээний баяр”-тай.
Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд идэвхгүй байсан аялал жуулчлалын салбарынхан хөдөлгөөнд орж, дээр, дооргүй ийнхүү бужигналдаж байна. Цаашид ч янз бүрийн арга хэмжээ, үйл ажиллагаа эрчимжих шинжтэй. Дундговь, Дорнод, Төв тэргүүтэй аймаг 2022 онд зохион байгуулахаар төлөвлөсөн аялал жуулчлалын арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг хэдийн гаргаж, Монголын аялал жуулчлалын холбоонд танилцуулжээ. Бусад нь ч энэ чиглэлд анхаарч, ажиллаж буй болов уу. Зах зээлийнхээ зарчмаар чанартай, чанаргүй, сайн, муу олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ энэ салбараас “мэндлэх нь” нэгэнт тодорхой болов. Иймд эдгээрийг бүгдийг нь биш юм гэхэд уламжлал болсон, олон жилийн түүхтэй, “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарын нэр, нүүрийг тахалдаг, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг хэзээнээс татсаар ирсэн томоохон арга хэмжээнүүдийг өөд нь татаж, жинхэнэ утгаар нь хөгжүүлэн, “тодруулах” шаардлагатай мэт санагдана. Салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудал хөндөгдөж буй, компаниуд коронавирусээс үүдэлтэй хямралын цэгээс нэгэн зэрэг хөдөлж байгаа, Засгийн газраас баталсан хөгжлийн дунд хугацааны хөтөлбөртэй холбоотойгоор бодлогын тодорхой шинэч лэлүүдийг хийхээр төлөвлөсөн, БОАЖЯ-ны удирдлагууд ажлаа хүлээж аваад удаа гүй энэ үе л үүнийг шийдвэрлэх хамгийн тохиромжтой цаг хугацаа байж болох талтай.
Аялал жуулчлалын салбарт уламжлал болсон арга хэмжээ гарын арван хуруунд багтах цөөн. Хөвсгөлд “Хөх сувд”, Өмнөговьд “Түмэн тэмээний баяр”, Хэнтийд “Талын түмэн адуу”, Өвөрхангайд “Сарлагийн баяр”, Архангайд “Монгол сарлаг”, Баян-Өлгий аймаг болон нийслэлийн нутаг дэвсгэр (“Чингисийн хүрээ” жуулчны баазад)-т “Бүргэдийн баяр” болдог. Эдгээрийг зохион байгуулахад БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар зэрэг байгууллага хамтран ажиллагч, дэмжигч гэсэн нэр зүүдэг боловч мэдээлэл, сурталчилгаа түгээх, хөтөлбөр, зурагт хуудсыг нь логогоороо “чи мэх”-ээс өөр гавьтай зүйл хийдэггүй. Зохион байгуулалтад нь ч дорвитой анхаардаггүй, оролцдоггүй юм билээ. Тиймээс дээрх арга хэмжээнүүдтэй холбоотой гомдол, шүүмжлэл тасардаггүй. “Хөтөлбөрт тусгасан арга хэмжээ болоогүй”, “Үзэж сонирхох зүйл ховор байлаа”, “Ариун цэврийн байгууламж нь хүрэлцээгүй, бохир”, “Дулаацах газар байгаагүйн улмаас даарсан”, “Идэх, уух зүйл олдоогүй” зэрэг таагүй сэтгэгдэл, гомдлын үг байнга сонсогддог. Энэ бүхний уг шалтгаан нь тухайн арга хэмжээнүүдийг зохион байгуулах нэгдсэн стандартгүй, хяналт тавих, бодлогын түвшинд зохицуулах байгууллагууд ажлаа хийдэггүйтэй холбоотой.
Энэ жилийн “Хөх сувд”-ын зохион байгуулалтад БОАЖЯ-ныхан онцгой анхаарч ажиллахаа мэдэгдээд буй. Нуурын мөсөн дээр нэг ч тээврийн хэрэгсэл байршуулахгүй, автомашины зогсоолыг тусгай газарт байгуулна, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ажиллуулна, ил задгай хог хаяулахгүй хэмээн ам гараад байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах чиглэлд гойд анхаарч, тодорхой санаачилгуудыг хэрэгжүүлж эхэлсэн учраас БОАЖЯ энэ жилийн мөсний баярын зохион байгуулалтад жинхэнээсээ санаа тавьж, оролцохоор болсон юм байх. Оройтсон ч гэсэн, тодорхой шаардлагаар ч болов цэнгэг уст нуураа олны хөл, тээврийн хэрэгслээс хамгаалах болсон нь яамай. Хамгийн гол нь нэг удаа анхаараад, санаа тавиад өнгөрөх бус, хойшдоо ч ийм байдлаар зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Бусад арга хэмжээний хувьд ч ялгаагүй экосистем, хүрээлэн буй орчны асуудалтай холбогддог. Энэ бүхнийг цэгцлэх шийдэл нь тодорхой стандартуудыг хатуу мөрдүүлж, босго тогтоох. Шаардлагатай бол холбогдох байгууллагуудынхнаар хэрэгжилтэд хяналт тавиулах хэрэгтэй.
Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч “Ажиллаад удаагүй байхдаа мөсний баяр болно гэхээр догдолж, их баярладаг байлаа. Харин одоо айдаг болсон. “Хэр зэрэг бохирдох бол, ил хаясан хогийг нь яаж түүнэ ээ” л гэж боддог. Аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагын албан хаагчид тухайн өдрүүдэд газар дээр нь ажилладаг ч тэр олон хүнд хяналт тавьж дийлдэггүй. Баяр дууссаны дараа нэгмөсөн цэвэрлэдэг. Хүмүүст шаардлага тавиад ч нэмэргүй. “Угаасаа л байгальд зохион байгуулж байгаа юм чинь ийм зүйл болохоос яах вэ” гэсэн хандлага гаргадаг. Далай ээж минь өвөл, зунгүй л олны хөлд дарагдаж, хогонд хучигдах юм. Болдог бол ганц жил ч болов өнжөөвөл…” хэмээн ярьж байв. Түүний хүслийг өнгөрсөн жил цар тахал биелүүлсэн юм. Нутгийнх нь брэнд болсон томоохон ганц арга хэмжээг ингэтлээ “төвөгшөөхөд” хүргэсэн шалтгаан нь соёлгүй, байгальд ээлгүй жуулчид мэт харагдавч жинхэнэ буруутан нь тогтолцоонд буй юм. Хэрэв аялал жуулчлалын салбарын бодлого оновчтой, тогтолцоо эрүүл байсан бол, бүтээгдэхүүн, үйлчилгээний түвшинд хөгжүүлэхийг зорьж буй аливаа арга хэмжээнд холбогдох байгууллагынхан анхаарал хандуулдаг, тодорхой жишгүүдийг тогтоосон бол ийм асуудал үүсэхгүй байв.
“Талын түмэн адуу”-г үзсэн нэгэн иргэн “Фэйсбүүкээр нэг зарлаад, сонирхол татаад байхаар нь зорьж очсон юм. Үнэндээ үзэх, баясах зүйл байсангүй. Осгож үхэх шахаад ирлээ. Адуу нь ч цөөн аж. Ийм хэцүү нөхцөлд болдгийг нь мэдсэн бол тийшээ зүглэхгүй. Хэнтий рүү дахиж явахгүй, адуутай бүр ч ойртохгүй” хэмээн аялал жуулчлалынхны бүлгэмд бичсэн нь “хэрүүлийн алим” болж, хүмүүсийг талцуулж байв. Энэ бол чанаргүй, зохион байгуулалтгүй арга хэмжээ жуулчдын сэтгэл ханамж, дараа дараагийн сонголтод хэрхэн нөлөөлдгийн тод жишээ юм. Тиймээс байгаль орчноо бодсон ч, аялал жуулчлалын цаашдын хөгжлөө чухалчилсан ч тэр, байгальд түшиглэсэн аливаа арга хэмжээний зохион байгуулалтад онцгой анхаарч, тодорхой зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны гол байгууллага болох БОАЖЯ-ныхан энэ чиглэлд дорвитой анхаарах хэрэгтэй байна.