…Эх, хүүхдийн эрүүл
мэндийн дэвтэр бол эцэг, эх, гэр бүлийн гишүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтны оролцоотойгоор хүүхдийн хөгжлийг үнэлдэг хэрэгсэл юм. Аль алиных нь оролцоо чухал гэсэн үг…
“Хүүхдийг эрүүл саруул бойжуулахад эцэг, эх хамгийн чухал оролцоотой. Энэ оролцоог хангахын тулд хүүхдийн оюун санаа, бие бялдрын хөгжлийг тогтмол хянах шаардлагатай. Харин эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ийм боломжийг тэдэнд олгодгоороо онцгой ач холбогдолтой. Тиймээс эцэг, эхчүүд эл дэвтрийг бүрэн гүйцэд ашиглаж, хүүхдийнхээ хөгжлийг цаг тухайд нь үнэлэн, тэмдэглэл хөтлөх, эрүүл мэндийн байгууллагынхан, ялангуяа анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч нар тэдэнд зааж зөвлөж, чиглүүлэх хэрэгтэй” хэмээн эмч нар зөвлөдөг билээ. Ингэж чадвал эцэг, эхчүүд ирээдүйд үүсэж болзошгүй олон эрсдэлээс хүүхдээ хамгаалах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт үед нь илрүүлснээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, тохирсон эмчилгээ сувилгаанд хамруулах, цаашлаад амь насанд нь аюул учрахаас сэргийлэх ач холбогдолтой.
Тэгвэл орон нутгийн эцэг, эхчүүд энэ талаар хэр ойлголт, мэдээлэлтэй байна вэ. Тэд эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг зориулалтаар нь ашиглаж чадаж байна уу. Эмч, мэргэжилтнүүд энэ чиглэлд хэрхэн анхаарч ажилладаг бол. Эдгээр асуултад хариулт олох зорилгоор орон нутгийн төлөөлөл болох Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын төлөөллийг сурвалжилгадаа хамрууллаа. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч эмч Д.Оюунчимэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бол маш олон төрлийн хэрэгцээт мэдээлэл агуулдаг хүүхдийн хөгжлийг үнэлэх чухал хэрэглэгдэхүүн. Хүүхдийн өсөлт, хөгжлийн үзүүлэлт, эрүүл мэндийн үзлэгийн мэдээллээс гадна эмч, эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан тусгай тэмдэглэлийн хэсэг, зөвлөгөөний булантайгаараа ач холбогдолтой. Энэ бол өвдсөн үед л ашигладаг, эмчилгээ бичүүлдэг карт төдий зүйл биш. Харин тухайн хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үе шатных нь түүхийг агуулдаг үнэ цэнтэй баримт юм. Манай тасгаар эмчлүүлж, үйлчлүүлж буй эцэг, эхчүүдийн нөхцөл байдлаас харахад “ягаан” дэвтрийн ашиглалт тун тааруу байна. Шинэ ээж, аавууд, залуу гэр бүлүүд үүний хэрэглээ, ач холбогдлын талаар ойлголт, мэдлэг харьцангуй сайтай. Гэвч бүрэн гүйцэд хөтлөх нь ховор. Ажиглахад, эхний таван сарын хөтлөлтийг маш чамбай хийдэг. Энэ нь товлолт дархлаажуулалттай холбоотой. Эцэг, эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулахаар ирэхдээ дэвтрээ бөглөдөг, эмч нар ч эрүүл мэндийн үзлэгээ хийдэг. Харин таван сайртайгаас хойш буюу дархлаажуулалтын хугацаа холдоход (хоёр, гурав, дөрөв, тав, есөн сартайд болон хоёр, долоо, 15 настайд хамруулдаг) “ягаан” дэвтрээ ашиглахаа, хөтлөхөө больчихдог. Тиймээс би эцэг, эхчүүдэд “ягаан” дэвтэр бол таны хүүхдийн түүх шүү. Хожим хүүхэд тань хүндээр өвдлөө гэхэд эмч нар үүн дээрх тэмдэглэлийг, эрүүл мэндийн түүхийг нэхнэ, харна. Орчин цагт дархлаажуулалтын мэдээллийг ихэд чухалчилдаг болсон. Таны хүүхэд товлолт дархлаажуулалтдаа хамрагдсан, эсэхийг мөн л энэ дэвтэр гэрчилнэ. Хүүхэд насандаа тохирсон хөгжилтэй байна уу, өсөлт бойжилт нь хэвийн үү гэдгийг энэ дэвтэр танд “хэлж” өгнө. Тиймээс үл ойшоож болохгүй, асуумжуудад нэгбүрчлэн хариулаарай, тогтмол хөтлөөрэй” гэж байнга захидаг. Тэд уриалгахан хүлээж авдаг ч бодитоор хэрэгжүүлдэг нь цөөн. Зарим нь “Эмч нар бөглөх ёстой юм биш үү” гэдэг. “Сүүлийн үед хөтөлж чадсангүй” гэж үнэнээ хэлж, уучлал гуйх нь ч бий” хэмээн ярьсан юм.
Манай улс эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг 2011 оноос хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд ашиглаж эхэлсэн. Энэ хугацаанд гурван удаа шинэчилжээ. Ийнхүү шинэчлэх бүрт нь тус дэвтрийг хэрхэн ашиглах, хөтлөх талаарх сургалтыг аймгийнхаа хэмжээнд зохион байгуулж, эмч, мэргэжилтнүүдийг хамруулж ирснийг Д.Оюунчимэг эмч онцолсон юм. Улаанбаатараас хүртэл сургагч багш нар очиж, хичээл зааж байж. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр хөтлөх журмыг анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч нар маш сайн хэрэгжүүлдэг, мэдээлэл сайтай гэж тэрбээр хэлсэн. Харин үзлэг оношилгоог чанартай, хариуцлагатай хийх тал дээр учир дутагдалтай асуудал бий гэнэ. Түүнчлэн олон нийт буюу эцэг, эхчүүдийн энэ талын мэдлэг, ойлголтыг сайжруулах чиглэлд онцгой анхаарч, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлагатайг хөндсөн.
“Ягаан” дэвтрийг ашиглахад ямар асуудал тулгамдаж байна вэ, засаж сайжруулах шаардлагатай зүйл бий юү гэж түүнээс асуухад “Ноцтой алдаа, зөрчил гэхээр зүйл үгүй. Гэхдээ энэ дэвтрийг нийгмийн бүхий л давхаргын хүмүүс ашигладаг учраас хэнд ч ойлгогдохоор энгийн, тодорхой байх ёстой гэж боддог. Энэ шаардлагыг хангаж байна уу гэдгийг мэргэжлийн хүмүүс үнэлж, тогтоох хэрэгтэй болов уу. Дэвтрийн арын хэсэгт зургаа хүртэлх насны хүүхдийн өсөлтийг үнэлдэг хүснэгт байдаг. Хэвлэлийн алдаанаас болдог уу, эцэг, эхчүүд “алга болгодог уу”, зарим насны хүснэгт нь байдаггүй юм билээ. Ийм алдаа гаргахгүй байхад анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Мөн тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эхчүүдэд “ягаан” дэвтрийг хүртээмжтэй байлгаж, ашиглалтыг нь сайжруулах шаардлагатай санагддаг юм. Огт хөтөлдөггүй, ашигладаггүй нь олон байна. Эмч нарын хувьд ийм эцэг, эхчүүдтэй тэр бүр ойлголцож чаддаггүй. Гэр бүлийнх нь хүмүүсээр дамжуулан харилцах тохиолдол гардаг. Ер нь тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн онцлогт тохируулан ямар нэг хэлбэрээр мэдээлэл өгөх, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн талаар ойлголттой болгох хэрэгтэй. Үүнд гэр бүл, ойр дотнынх нь хүмүүсийг татан оролцуулж, тусламж дэмжлэг авах боломжтой. Ийм асуудал дан ганц манай аймагт биш, бусад газарт ч тулгамдаж буй. Тэгэхээр нийтэд нь анхаарах, тодорхой зохицуулалт хийх хэрэгтэй болов уу” хэмээлээ.
АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны салбар сургуулийн багш, Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч С.Жаргахсайханаас эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн хэрэглээний талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай аймаг “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгээр эх, хүүхдийн эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлсээр ирсэн. Үүний хүрээнд “ягаан” дэвтрийн хэрэглээг сайжруулах зорилт дэвшүүлж, гурван жилийн хугацаанд тодорхой ажлууд хийсэн. Тухайн жил төрөх эмэгтэйчүүдийн тоо, мэдээллийг бүрэн авч, нэгтгэж чадаагүйгээс заримд нь энэ дэвтэр хүрэлцдэггүй тохиолдол байлаа. Үүнийг нэн түрүүнд шийдсэн. Анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг 24 салбар эмнэлэгт дэвтрийн хүртээмжийг сайжруулсан. Харин ашиглалт, хэрэглээний хувьд чамлалттай. Хүнд өвчтэй, эмнэлгийн онцгой хяналтад байдаг хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид энэ дэвтрийг харьцангуй сайн ашигладаг бол бусад нь алдаг оног хэрэглэдэг. Эхний саруудад буюу хүүхдийг ойрхон
давтамжтайгаар дархлаажуулалтад хамруулдаг хугацаанд идэвхтэй хөтлөөд, түүнээс хойш хоосон орхидог тохиолдол их ажиглагддаг. Эмч нар эцэг, эхчүүдэд шаардлага тавьдаг. Үүнийг дагадаг нь ч байна, ойшоодоггүй нь ч бий. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр бол эцэг, эх, гэр бүлийн гишүүд, эрүүл мэндийн байгууллагын ажилтны оролцоотойгоор хүүхдийн хөгжлийг үнэлдэг хэрэгсэл юм. Аль алиных нь оролцоо чухал гэсэн үг. Гэтэл коронавирусийн улмаас сүүлийн жилүүдэд эцэг, эх, эмч, мэргэжилтнүүдийн эргэх холбоо эрс муудсан. Энэ дэвтрийн ашиглалт тэр хэрээр буурсан байх магадлалтай. Тиймээс манай эмнэлэг 2022 оныг хүүхдийн хөгжлийг дэмжих, “ягаан” дэвтрийн хэрэглээг сайжруулах жил болгож зарласан. Тодорхой ажлууд хийхээр төлөвлөж, аймгийн Эрүүл мэндийн газраар батлуулаад буй” хэмээн хариулав.
Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хариуцлагатайгаар хөтөлдөг, зориулалтаар нь ашигладаг, харьяа газрынхаа эрүүл мэндийн байгууллагынхантай эргэх холбоотой байдаг сайн ээж, аав цөөн боловч бий гэдгийг эмч нарын аль аль нь онцолсон. Ийм ээжийн тухай нэгэн жишээг С.Жаргахсайхан эмч ярьсан юм. Хөдөөний бусад айлын адил ажил ихтэй, насны зөрүү бага зургаан хүүхэдтэй нэгэн ээж гурван сартай хүүхэд нь сайн харахгүй байгааг ажиглаж, илрүүлжээ. Тэрбээр эмнэлэгт хандахдаа “Хүү минь ойр тойронд нь хүн байгааг мэдрэхгүй, ямар нэг зүйл хөдлөхөд ч хариу үйлдэл үзүүлэхгүй байна. Тод өнгийн зүйлээр анхаарлыг нь татах гэж оролдсон ч нөлөөлсөнгүй. Гурван сартай хүүхэд тод өнгө ялгаж эхэлдэг гэж “ягаан” дэвтэрт бичсэн байна” хэмээн өгүүлжээ. Ингээд эмч нар тухайн хүүхдийн нүд төрөлхийн болрын цайлттайг оношилж, баталгаажуулсан аж.
Бас нэгэн гэр бүл эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эмч нарын тусламжтайгаар хүүхдийнхээ хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлсэн гэнэ. Хүүхдийнх нь биеийн байрлал хэвийн бус, хөдөлгөөн хийх дургүй, идэвхгүй байгаа нь эцэг, эхийнх нь санааг зовоожээ. Ингээд тэд өрхийн эрүүл мэндийн төвд хандсан байна. Эмч хүүхдийнх нь биеийн нэг тал хэт чанга, нөгөө нь илт сулбагар буйг хэлээд дараагийн шатны эмнэлэгт хандахыг зөвлөжээ. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар тухайн хүүхдийг тархины саажилттай хэмээн оношилсныг ЭХЭМҮТ-ийнхөн бататгасан аж. Ийм жишээ ганц, хоёроор тогтохгүй гэдгийг тус эмнэлгийн эмч нар онцолсон. Хэрэв эдгээр эцэг, эх хүүхдэд нь илэрсэн тухайн шинж тэмдгийг эрт ажиглаж мэдээгүй бол, цаг тухайд нь эрүүл мэндийн байгууллагад хандаагүй бол нөхцөл байдал хэрхэн хүндэрч, хаашаа эргэх байсныг таашгүйг ч мөн тэд хэллээ. Эрт илрүүлэг, оношилгоо, ажиглалт ямар чухал болохыг, үүнд эцэг, эх, гэр бүл, эмч нар хэчнээн чухал оролцоотойг, “ягаан” дэвтэр хэр ач холбогдолтойг эдгээр жишээ давхар баталж байна