Буэнос-Айрест байгаа Оросын ЭСЯ-ны сургуульд 362 килограмм хар тамхи нууж байсан хэрэгт холбогдуулж дөрвөн хүнд 13-18 жил хорих ял оноож шоронд суулгав. Мөрдөн байцаагчдын тогтоосноор гол буруутан нь Андрей Ковальчук гэгч бөгөөд зарим нь түүнийг Гадаад хэргийн яамны хүн гэж үздэг бол тусгай албаны ажилтан юм гэнэ лээ гэх нь ч бас байх. Үнэн хэрэгтээ Ковальчук дипломат албанд хамаатай ч чухам ямар алба хашдаг, хаанаас, хэнд зориулж олон сая еврогоор хар тамхи авсан нь оньсого болж үлдсэн аж. Харин ийм хэмжээний хар тамхийг дипломат шуудан нэрээр Оросын дипломат ажилтнуудын тусламжтайгаар Европ руу илгээх гэж байсан нь тодорхой болжээ. Дипломат шуудаг гэдэг нь онцгой ачаа бөгөөд энэ нь баримт бичиг бүхий ямар нэг цүнх, хүүдий, эсвэл дугтуй байх нь элбэг.
Ийм илгээмжийг лацдаж, тамга дарсан байдаг. Түүнийг албаны нохойгоор үнэрлүүлнэ. Их ховор тохиолдолд техник хэрэглэж шалгахыг зөвшөөрдөг, задалж болохгүй. Дотор нь хориотой зүйлс байна гэх ул үндэстэй сэжиг дипломат ачааг хүлээн авч буй улсад байх юм бол явуулсан улсын төлөөний хүнийг байлцуулан задалж үзэхийг эрх мэдэл бүхий хүмүүс шаардаж болдог. Дипломат ачааг илгээсэн талын төлөөлөл нээхийг зөвшөөрөхгүй бол тухайн улс руу нь буцаана. Дипломат шуудангийн онцгой статусыг дэлхий дахинд албан бус зориулалтаар ашиглаж байсан тохиолдол цөөнгүй байжээ. Тухайлбал, Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль Дэлхийн II дайны үед ийм шуудангаар Вашингтонд байгаа ЭСЯ-наасаа навчин тамхи зөөлгөдөг байсан аж. 2003 онд дипломат шуудан ашиглаж Сьерра-Леоне улсаас Британи руу хар тамхи илгээхийг оролдож байсан удаа бий. Тэгэхэд НҮБ-ын өндөр албаны хүмүүс Сьерра-Леоне улсын Ерөнхийлөгчөөс урьдчилан зөвшөөрөл авч илгээмжийг задалж байжээ. Түүнээс гарсан хар тамхины үнэ нэг сая фунт стерлинг хүрч байв. Энэ дипломат шууданг явуулсан Сьерра-Леоне улсын Гадаад хэргийн яамны хоёр ажилтныг баривчилсан аж.
Хар тамхины шуугианд нэр холбогдсон Аргентин дахь Оросын Элчин сайдын яамны сургууль 1989 оны есдүгээр сарын эцсээр Буэнос-Айрес хотын Посадас гудамжны 1663 дугаар байшинд нээгджээ. Оросын ЭСЯ-ны цахим хуудас дахь мэдээллээс үзвэл ийм сургууль Аргентинд ердөө ганц бий. Түүнд Оросын дипломат ажилтнууд болон урт хугацааны бизнесийн зорилготой томилолтоор Аргентинд ирсэн орос хүмүүсийн хүүхдүүд суралцана. Ер нь бол энд эцэг, эхийн аль нэг нь Оросын иргэн бол хүүхдүүд бас суралцдаг аж. Буэнос-Айрес дахь сургуулиудаас ялгаатай нь түүний захирал Аргентинд суугаа Оросын ЭСЯ-ны удирдлага, түүгээр уламжлан ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ажлаа тайлагнадаг байв. Энэ сургуулийн хашаанд цагдаа, дипломат ажилтнуудын хамар дор 362 килограмм хар тамхи Орос руу илгээхийг хүлээн нэг жил гаруй хугацаанд хэвтжээ.
Андрей Ковальчук урьд нь Берлинд амьдарч өөрийнх нь хэлснээр Оросын ЭСЯ-ны дэргэд ажиллаж, цагаач хүмүүсийг Германы иргэншилтэй болгоход тусалж байж. Түүний зэрэгцээ “Bossner сigars” компанийн эзэн барон фон Босснер нэрээр нь хүмүүс мэдэх Константин Лоскутниковтой хамтарч ажиллаж байв. Энэ барон буяны ажил эрхлэхийн хажуугаар архи, дарс, тамхи болон дээдсийн хэрэглэдэг тансаг бараа нийлүүлдэг байжээ. Лоскутниковын ярьснаар бол түүнийг “Газпром Германия” компанийн нэг ажилтан Ковальчуктай танилцуулсан гэнэ. Тэгэхэд Ковальчукийг Европ, Ази, Латин Америкийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЭСЯ-д, Консулын газарт үйлчилдэг, тусгай албаны удирдагч, хурандаа цолтой хүн гэж үздэг байж. Тэрбээр дэлхий дахинаар хаа сайгүй явдаг тул барааг нь борлуулах ажлын зохион байгуулахад бэлэн гээд компанийнхаа эд барааг үзүүлэхийг Лоскутниковоос олонтаа гуйсан аж. Барон хожим хэвлэлийнхэнд хэлэхдээ Ковальчуктай ямар нэг наймаа арилжаа хийгээгүй гэсэн байна.
Таахад бэрх, олон янзаар хувирдаг Ковальчук орлогын шинэ эх үүсвэр ямагт хайж явдаг нэгэн байв. Түүний ашиг сонирхлын хүрээ их өргөн, мах үйлдвэрлэлээс аваад далайн амьтны арьс үсээр хийсэн гадуур хувцас ч арилжина. Нууц бизнес хийхэд нь Ковальчукт дипломатчид, ЭСЯ-дын ажилтнууд, шашны байгууллагууд дахь танилын өргөн хэлхээ холбоо нь тус болдог байлаа. Тэр хаана ч эрх чөлөөтэй.
Түүнтэй Лоскутников албан ёсны нэгэн дайллагын үеэр танилцжээ. Тэгэхэд Оросын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Валентин Смирнов тэднийг танилцуулсан байна. Буэнос-Айрес дахь Оросын ЭСЯ-ны дэргэдэх Аргентинд байгаа оросуудын байгууллагын зохицуулах зөвлөлийг тэргүүлж байсан, бизнес эрхлэгч Леонардо Головановын ярьснаар бол Ковальчук гэгч үнэн хэрэгтээ чухам ямар хүн байсныг хэн ч мэдэхгүй болохыг байцаалтын явцад мөрдөн байцаагчид ойлгожээ. Аргентин дахь Элчин сайдын яамныхан түүнийг тусгай албаны ажилтан, өндөр албан тушаалын офицер гэж үздэг, Буэнос-Айресийн цагдаа нар олон улсын харилцааны томоохон хүн гэж боддог байж. Гэрч болсон хүмүүсийн хэн нь ч түүний баримт бичгийг шалгах гэдэггүй, Ковальчукийн үгэнд л итгэдэг байв.
2011-2016 онд Буэнос-Айрест Оросын ЭСЯ-нд аж ахуйн ажил эрхэлж байсан Али Абянов дурсахдаа “Ковальчук албаны утсаар ярина. Уулзахдаа хилийн чанадад заншсанаар шил архи, хар талх, утсан май загас өгнө. Тиймээс Гадаад хэргийн яамны хүн л гэж боддог байсан” гэжээ. Ковальчук танилцахдаа Герман дахь Оросын ЭСЯ-ны аюулгүй байдлыг хариуцдаг гэж хэлж байв. Ковальчук хийгээд түүний ойр орчны хүмүүсийг Абянов нисэх онгоцны буудал, зочид буудалд хүргэж өгч, дипломатчид, ажилтнуудын ачаа барааг явуулахад нь тусалдаг байв. Үүний хариуд Ковальчук гар хоосон буцаахгүй. 2016 оны зун Аргентин дахь томилолт нь дуусаж, Абянов эх орон руугаа буцахад нэг сар орчим хугацаа үлдээд байтал Ковальчук гадуур нь юмаар ороосон 10 чемодан өгч хадгалж байхыг гуйжээ. Дотор нь кофе, дарс, засмал чулуугаар хийсэн эд зүйл байгаа, том хүмүүст очих бэлэг гэж хэлж. Ковальчукийн өмгөөлөгч Сергей Юрошийн хэлснээр чемоданууд дотор жирийн кофе биш, халуун орны ойн суусрын тусламжаар гаргаж авдаг кофены хамгийн үнэтэй сорт болох Kopi luwak гэгч байсан аж.
ЭСЯ-ны агуулах дүүрсэн тул Али Абянов чемодануудыг сургуулийн гараашт тавьжээ. Леонардо Головановын ярьснаас үзвэл ЭСЯ-ны сургуулийн багш, сурагчид, эцэг, эхчүүд, ажилтнууд хар тамхины тухай хэл амнаас өмнө хоорондоо итгэлцсэн найрсаг харилцаатай байв. Тиймээс хэн нэгний ачаа, эд юмсыг Москва руу явуулах юм уу, сургууль дотор хадгалахад гайхах, сэжиглэх юм ер байсангүй. Абяновын буцах хугацаа улам дөхөөд байдаг, чемодануудын араас хүн ер ирдэггүй. Тэгээд 2016 оны наймдугаар сард Абянов шинээр аж ахуйн ажил эрхлэх болсон Игорь Роговт Ковальчукийн чемодануудыг үзүүлж, “Хэрэгтэй цаг нь болохоор эзэн нь утасдаж яахыг нь хэлж өгнө” гэж захиад орхисон байна. Хэдэн сар өнгөрөв. 2016 оны аравдугаар сард Роговын санаанд нөгөө чемоданууд орж, элчингийн аюулгүй байдал хариуцсан туслах Олег Воробьевт хэлж, тэнд тэсрэх дэлбэрэх зүйл юм уу, ямар нэг аюултай юм байх вий хэмээн болгоомжилж, сургууль дээр Воробьев өөрийн биеэр очиж чемоданыг онгойлгож үзвэл нунтаг цагаан юм байв. Байцаагчдад хэлснээр нь бол хар тамхи юм уу, шүдний хуурай ооны алин болохыг мэдэх гэж амталж үзсэн аж.
Хар тамхины тухай Воробьев Москва руу мэдээллээ. Оросын Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд тэр даруй Аргентинд ирж, хоёр долоо хоногийн дараа мансууруулах бодис байгааг Аюулаас хамгаалах яаманд дуулгав. Шинжилгээ хийж үзвэл 88-95 хувийн цэвэр хар тамхи байжээ. Аргентины шинжээчид ийм хэмжээний, өндөр чанартай бодис 50 гаруй сая еврогоор үнэлэгдэнэ гэж үзэв. Холбооны аюулгүй байдлын албаны ажилтнууд тусгай ажиллагаа явуулж хар тамхийг гурил, голын элсээр солихоор шийджээ.
Орос, Аргентины хууль сахиулах байгууллагынханд энэ ажлыг хийхэд ердөө 24 цаг үлдсэн байв. Гэтэл шуурхай ажилтнууд ийм хэмжээний гурил богино хугацаанд ганц ч дэлгүүрээс олсонгүй. Ингээд Аргентины хилийн цагдаагийн ажилтнууд Буэнос-Айресы төв зах дээр байсан бүх гурилыг худалдаж авлаа. Чемодан доторхыг солив. Түүнийг авахаар хүн ирэхгүй байгаа нь цагдаа нарын сэтгэлийг зовоож эхэлжээ. Үйл ажиллагааг зогссон цэгээс нь хөдөлгөхөд Олег Воробьев туслав. Тэрбээр Ковальчук руу утасдаж, барааг нь гадагш илгээх боломж гарч буйг дуулгахдаа ЭСЯ-ны ажилтнуудын эд хогшлыг жил бүр зөөдөг ажил удахгүй болно гэдгээс өөр юм хэлсэнгүй. Ковальчукийн өмгөөлөгч Сергей Юрошийн хэлснээр үнэндээ бол уг ачааг Москвагаас дахиад Европ руу явуулах шаардлагатай болох тул тийш нь зөөх нь илүү чирэгдэлтэй ч гэлээ өөр сонголт байсангүй. Өмнө нь Ковальчук ядаж ганц чемоданыг ч гэсэн явуулчихыг олон удаа оролдож, хувийн онгоц хөлсөлж туслах хүн ч олсон байна. Тэр хүн Аргентинд ирсэн ч чемоданыг авч чадаагүй аж.
Үүний шалтгаан нь ачааг даруй Орост авчрахыг шаардсан Холбооны аюулаас хамгаалах албаны шийдвэр байлаа. 2017 оны аравдугаар сард бэлтгэсэн Аргентины Цагдаагийн ерөнхий газрын тайланд энэ тухай өгүүлсэн байв. 2017 оны арванхоёрдугаар сард мансууруулах бодис бүхий чемодануудыг нисэх онгоцоор Москва руу явуулжээ. Өмнө нь холбогдох байгууллагууд байдлыг хяналтдаа авч, ачааг хаана байгааг мэдэх боломжийг Ковальчукт олгохгүй болсон байжээ.
Уг ачааг Москвад аваачаад хэд хонож байтал түүнийг авахаар Владимир Калмыков, Иштимир Хужамов нар ирэхэд тэр дор нь баривчилжээ. Ачааг нисэх онгоцны буудалд хүргэх ажлыг хариуцсан Буэнос-Айресийн цагдаагийн офицер Иван Близнюк, механик Александр Чикало нарыг 2018 оны хоёрдугаар сарын 21-нд Аргентинд баривчлав. Маргааш нь Москвад Али Абяновыг саатуулж, гуравдугаар сард энэ хэргийн гол эзэн Андрей Ковальчук Германд хууль сахиулагчдын гарт орсон байна. Түүнийг Оросын Ерөнхий прокурорын газрын шаардсанаар ОХУ-д шилжүүлж баривчлуулав. Баривчлагдсан хүмүүсийн нэгнийх нь өмгөөлөгчийн ярьснаас үзвэл тэд 362 килограмм хар тамхийг дипломат шуудан нэрээр Европын орнууд руу явуулахаар төлөвлөж байсан аж. Тэгэхлээр ЭСЯ-ны энгийн нэг техникийн ажилтан дипломат шууданд юу байгааг үзэх, мэдэх эрхгүй байсан болохоор хар тамхийг ийш тийш нь илгээх ажил дипломатчдын оролцоогүйгээр бүтэхгүй нь ойлгомжтой. Үүнийг харин Оросын Гадаад хэргийн яам тэр даруйд нь үгүйсгэлээ.
Энэ хооронд Оросын Элчин сайд Виктор Коронелли хар тамхитай чемодануудын талаар Аргентины эрх баригчдад мэдээлж байхад 2016 оны арванхоёрдугаар сард Оросын Гадаад хэргийн яамны Латин-Америкийн газрын ахлах зөвлөх Петр Польщиков Москвад учир битүүлгээр нас баржээ. Албан ёсоор бол “золгүй тохиолдлоор” гэж үзсэн байна. Цогцсыг өрөөнөөс нь олоход толгойдоо буудуулсан, хажууд нь хоёр хонгио байсан гэдэг.
Андрей Ковальчукт 18 жил хорих ял оноож, 1.8 сая рублиэр торгох, Али Абяновыг 17 жил хорьж, 1.6 сая рублиэр торгох, Владимир Калмыков, Иштимир Хужамов нарт 16, 13 жил хорих ял шийтгэсэн аж. Харин нөгөө чемодануудад байсан хар тамхи шүүх хурал болохоос өмнө сураггүй болжээ. Албан ёсоор бол түүнийг шатаах зууханд хийсэн гэдэг. Богино хугацаатай нэг бичлэгт харагдаад өнгөрснөөр Аргентины Аюулаас хамгаалахын сайд Патрисия Буллрич, Оросын Элчин сайд Дмитрий Феоктистов нарыг байлцуулан том биш боодолтой зүйл пийшин рүү шидсэн байдаг. Нэгэн гэрч хар тамхийг хадгалж байгаад шүүхийн шийдвэрээр акт үйлдэж устгасан гэж ярьжээ. Хар тамхийг устгасан тухайд Аргентинд испани хэл дээр бичсэн баримт бий ч түүнийг өөрийн хэлнээ хөрвүүлэх талаар Оросын шүүхийнхэн анхаарал тавьсангүй. Устгаж байгаа зүйл нь чухам юу болохыг хэн ч хайхарсангүй. Тэгэхлээр 50 сая еврогоор үнэлэгдэх хар тамхи пийшин рүү ороогүй ч байж мэдэх нь
Бэлтгэсэн Р.Жалгалант