Манай улс шар түвшинд шилжсэн учраас ресторан, баар, кафе гэсэн гурван төрлийн үйлчилгээ зориулалтын байртай бол шөнийн 05:00 цаг хүртэл ажиллах боломжтой болсон гэж Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Мөн тэрбээр, "Орон сууцны барилга дотор үйл ажиллагаа явуулдаг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллана. Үүнээс гадна түргэн үйлчилгээтэй сүлжээ хоолны газрууд зориулалтын байртай бол 24 цагаар, орон сууцанд үйл ажиллагаа эрхэлдэг бол шөнийн 00:00 цаг хүртэл ажиллаад өглөө 06:00 цагт нээх боломжтой. Зориулалтын байртай дэлгүүр 24 цагаар ажиллаж болно. Зориулалтын байргүй бол 00:00 цаг хүртэл ажиллах юм" гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглосноос илүү соён гэгээрүүлэх, зохистой зөв хэрэглээг дэмжих бодлогын хүрээнд явуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Учир нь архи, согтууруулах ундааг хориглох нь ахуйн архидалтыг нэмэгдүүлж, хууль бус дамын наймааг нэмэгдүүлэх зэрэг эрсдэлийг бий болгож байгаа нь олон судалгаагаар харагддаг. Хорихын оронд зөв зохистой хэрэглээг дэмжих нь зүйтэй гэж үзэж уг шийдвэрийг гаргасан. Архи, согтууруулах ундааг хориглоод амжилт олсон улс байхгүй. Харин соён гэгээрүүлэх чиглэлээр тэмцдэг. Бид муу жишээг давтах хэрэггүй" гэж хэлэв.