Оросын саналд АНУ, НАТО ямар хариу өгсөн тухай баримт Испанийн “El Pais” сонинд нийтлэгдсэн байна. Энэ хариу нэгдүгээр сарын 26-нд Оросын Гадаад хэргийн яаманд иржээ. Испанийн сонинд хэвлэгдсэн баримт эх материал мөн болохыг РИА агентлагийн дипломат эх сурвалж нотолжээ. Уг баримтын хуулбарыг Вашингтоны холбоотнуудад, тэр дундаа Киевт нэгэнт дамжуулсан болохоор Өрнөдийн өгсөн хариу эрт, орой ч хэвлэл мэдээллээр олны сонорт хүрнэ хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьдчилан хэлсэн байдаг.
Өрнөд Москватай харилцаагаа сэргээхийг, түүний дотор Европын аюулгүй байдлын асуудлаар гаргасан санаачилгыг нь тунгаан хэлэлцэхийг зөвшөөрсөн тухай уг баримтад өгүүлсэн байна. Түүнээс гадна өнгөрсөн онд хаасан Элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг сэргээх, мөн цэрэг, дайны салбарт “итгэлцлийг бэхжүүлэх нэлээд арга хэмжээ авах”-ыг АНУ санал болгожээ. Цаашид яриа хөөрөө хийж байх гол болзол нь “Украины эсрэг түрэмгийллээ” зогсоох явдал гэж үзсэн аж. Эсрэг тохиолдолд АНУ, түүний НАТО-гийн холбоотнууд Зүүн Европт байрлуулсан цэргийнхээ тоог нэмэгдүүлнэ гэж “сүрдүүлэх” өнгө аяс ч үзүүлсэн гэнэ. Урьд нь АНУ, НАТО-гийн цэрэг Европт хөл тавихад 10 өдөр зарцуулдаг байсан бол одоо таван өдөр л хангалттай болжээ. Америкийн командлалын үзэж буйгаар Украинтай залгаа хил дээрээ ОХУ 100 мянга гаруй цэрэг хуралдуулсан юм байна. Үүнийг Украин руу дайрах гэж байна хэмээн үзэж буйг Оросын тал хий хардлагын адилд тооцож, энэ тоог үгүйсгэж байгаа. НАТО, АНУ-тай Москвагийн эхлүүлсэн хэлэлцээрийг “Украин руу хийх довтолгоон” гээчтэй холбохгүй байхыг НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя уриалав. Яриа хэлэлцээр зогсвол дайрч, довтлоод эхлэх юм шиг битгий ярь. Ийм юм болохгүй гэж тэрбээр тэмдэглэж хэллээ.
Ирээдүйд Украин улс НАТО-гийн гишүүн болохгүй гэх баталгааг Москвад өгөхөөсөө АНУ, НАТО татгалзсан. Энэ нь Оросын тавьсан саналын амин сүнс нь байсан гэж хэлж болно. Хариунд нь өгүүлснээс үзвэл аль ч улсын хувьд тус эвслийг нээлттэй байлгах бодлогыг дэмжихээ илэрхийллээ. Үүний зэрэгцээ аюулгүй байдал нь тусдаа зүйл биш болохыг, тодруулбал, нэг улсын аюулгүй байдал нөгөө улсын аюулгүй байдлаар барьцаалагдаж хангагдах ёсгүй тухай асуудлыг Оростой шүүн тунгаахад бэлнээ АНУ илэрхийлжээ. Энэ зарчмыг АНУ болон түүний холбоотнууд мартагнуулахыг оролдож байна гэж Сергей Лавров урьд нь үзэж байсан юм. Тэгвэл энэ зарчим нь 2010 онд Астана (одоогийн Нур-Султан) хотод гарын үсэг зурсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гэрээний нэг заалт болохыг Вашингтон өгүүлсэн билээ. Энэ гэрээний нэг заалт болох, аливаа эвсэлд улс орон бүрийн нэгдэх эрхийг хайхрахгүй байж болохгүйг АНУ, НАТО-гийн хариунд тэмдэглэжээ.
Стратегийн давшилтын зэвсгийг хорогдуулах гэрээг солих, шинэ гэрээ байгуулах асуудлыг даруй эхлүүлэхийг Орост АНУ санал болгов. Хуучин гэрээг 2021 онд таван жилээр буюу 2026 оны хоёрдугаар сарын эх хүртэл сунгасан юм. Зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх шинэ гэрээнд цөмийн зэвсгийн шинэ төрөл болон тактикийн цөмийн зэвсгийн талаар оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. АНУ, НАТО Зүүн Европт цөмийн зэвсэг байрлуулахаа түдгэлзэхээр төлөвлөж буйг баримт бичигт бас дурджээ. Румын, Польш улсад байгаа НАТО-гийн баазуудад “Томагавк” далавчит пуужийн байхгүйд Оросыг итгүүлэх механизмыг бий болгох асуудлыг хэлэлцэхэд Өрнөд бэлэн байгаа аж. Үүний зэрэгцээ Оросын нутаг дэвсгэр дээр газарт байрлалтай пуужингийн хоёр баазыг өөрийн сонголтоор байгуулах тухайд харагдахуйц арга хэмжээ авахыг Москвагаас Вашингтон шаардсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Харвах төхөөрөмж Румынд нэгэнт байгаа, удахгүй Польшид байгуулна. “Томагавк” хэмээх цохилт өгөх пуужин байрлуулах төхөөрөмж тэнд байгаа, энэ чинь бидэнд заналхийлж буй хэрэг биш үү” гэж хэлж байжээ. Эдгээр пуужинг Зүүн Европ дахь НАТО-гийн пуужингаас эсэргүүцэн хамгаалах баазад байрлуулсан тохиолдолд харвавал Оросын нутагт хүрч чадна гэж “El Pais” сонинд тэмдэглэсэн байна.
Украинтай залгаа хил дээрээ Орос цэргийн томоохон хүч бөөгнүүллээ гэх мэдээлэл 2021 оны эцсээр дуулдах болсон аж. Энэ талаар эхлээд Өрнөдийн хэвлэлүүд Вашингтоны эх сурвалжаар мэдээлж байснаа Оросыг хөрш улс руугаа довтлохоор зэхэж байна хэмээн өндөр албан тушаалын хүмүүс зэмлэх болсон. Москва ийм төлөвлөгөө байхгүй хэмээн үгүйсгэж, өөрийн газар нутаг дээр цэргээ байрлуулах бүрэн эрхтэйгээ илэрхийлж байсан юм. Аюулгүй байдлын асуудлаар НАТО хийгээд АНУ-тай байгуулах гэрээний төслөө Оросын Гадаад хэргийн яам 2021 оны арваннэгдүгээр сард олон түмэнд танилцуулсан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан, НАТО-д элсээгүй орнуудын газар нутаг дээр АНУ цэргийн бааз байгуулах ёсгүйг уг төсөлд тусгасан байв. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын дэд бүтцийг цэрэг, дайны үйл ажиллагаанд ашиглах, тэдгээртэй цэргийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэхийг сайшаахгүй гэдгээ АНУ ч мөн илэрхийлсэн. Үүний дараа Өрнөдтэй цуврал яриа, хэлэлцээ эхэлсэн, одоо ч үргэлжилж байна.
“Умардын урсгал-2”-ыг хэрэгжүүлэх, эсэх нь ОХУ-ын үйл ажиллагаанаас хамаарна гэж Еврокомиссын тэргүүн мэдэгдлээ. Украинд түрэмгийлэл үйлдсэн тохиолдолд Орост эдийн засаг, санхүүгийн өргөн хүрээтэй хориг тавихаар Европын Холбоо бэлтгэснээ Урсула фон дер Ляйен хэлсэн. Энэхүү хоригт гадаадын хөрөнгө ашиглах эрхийг нь хязгаарлах, өндөр технологийн бараанд тавих экспортын хяналтыг хүчтэй болгох асуудал орж байгаа аж. Москва Украинд шахалт үзүүлэхийн зэрэгцээ Европт дарамт үзүүлэхэд хийг ашиглаж байна гэж Евро комиссын тэргүүн онцлоод, тийм учраас хоригийн жагсаалтаас “Умардын урсгал-2”-ыг хасаж болохгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл Германы Бундестагийн гишүүн Штеффен Котре Орост шахалт үзүүлэхдээ “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолойг ашиглахыг ухаалаг биш алхам гэж нэрлэсэн. Түүний хэлснээр бол Герман-Оросын эрчим хүчний түншлэл хоёр талд хоёуланд нь найдвартай, ашигтай үйл ажиллагаа аж. Хоригийн хариу болгож Орос Европ руу хий дамжуулах хоолойгоо хаавал түүнийг орлуулах асуудлаар Ойрхи Дорнод, Умард Африк, Азийн орнуудтай Вашингтон ярьж тохирч байгаа зүйл бий гэж Төрийн департаментийн нь төлөөлөгч мэдээлсэн удаатай.
Сонирхуулахад, Оросын хувьд Европын Холбоо нь худалдааны хамгийн том түнш нь юм. Орон тус бүрээр нь авч үзвэл Оросын экспорт, импортод тэргүүлж яваа Хятадын дараа Нидерланд, Герман улс ордог. Итали, Франц, Финланд, Польш эхний 20-д багтдаг. Тиймээс Европын Холбоо Орост ямар хориг тавих, энэ тухайд санал нэгдмэл байгаа, эсэх нь тодорхой бус байгаа. Европын дипломат бодлогын гол хүн Жозеп Боррель болохоор хоригийг “хэрэгтэй үед” нь тавих байр суурьтай байгаа юм билээ. Европын Холбооны зүгээс тавих хоригийн багцад валютын хөрвөх чадварыг хязгаарлах, экспортод тавих хяналтыг хүчтэй болгож, экспорт, импортод тавих хориог багасгах, голлох технологид нэвтрэх боломжийг хязгаарлах зэргийг оруулах нь тодорхой болоод буй.
Украин бол яарч байна. Оросын хийх довтолгоо бодитой болохоос урьтаж түүний эсрэг эдийн засаг, улс төрийн хоригоо тавихыг Өрнөдөөс Украин шаргуу хүсэж буй. Ерөнхийлөгч Зеленский нь “Washington post” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хориг тавих болон Оросын түрэмгийлэл шатлан өргөжих тухай манай түншүүд ярьж байгаа бол яагаад хоригоо тавихгүй, түрэмгийлэл өргөжихийг хүлээгээд байгаа юм бэ?” гэж хэлжээ. Гэвч урьтаж хориг тавихыг хүссэн энэ уриандаа Киев одоогоор ямар ч хариулт аваагүй байгаа.
Орост хориг тавих тухайд одоо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден илүү шийдмэг байр суурьтай байна. Тэрбээр Орос хэрэв Украин руу довтолбол Ерөнхийлөгчийнх нь эсрэг тусгайлан хориг тавих боломжийг ч үгүйсгээгүй. Яг энэ талаар сэтгүүлчийн шуудхан тавьсан асуул тад хариулахдаа Жо Байден “Ийм боломжийг би хянаж үзэх болно” гэж хэлсэн байдаг. Ийм туршлага Америкт бий. 2011 онд Сирийн Ерөнхийл нхийлөгч Башир Асадад, 2017 онд Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод бас Зимбабвегийн Мугабед, Ливийн Муамар Каддафид хориг тавьж байсан юм. Ерөнхийлөгчид нь тусгайлан хориг тавихаас эмээхгүй гэж Кремль хариуд нь мэдэгдсэн. “Россия” банкийг 2014 онд Өрнөдийн орнуудын хоригийн жагсаалтад оруулснаас хойш Оросын Ерөнхийлөгч энд данс нээлгэж, цалингаа тус банкны дансанд хийсэн хэвээр байгааг Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков батлан хэлсэн нь бий. Гадаадын мөнгө, валютын хадгаламжтай байхыг Оросын хуулиар төрийн байгууллагын ажилтнуудад хориглосон байдаг тул АНУ-ын хориг ямар ч нөлөөгүй болохыг Песков сануулсан. Тэгтэл Оросын Ерөнхий сайд Михиал Мишустин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарыг хоригт хамруулах санал Америкийн Сенатын зарим гишүүд гаргасан гэх чимээ бас дуулдаж байна. Путин хийгээд түүний ойрын хүрээллийнхний Орос болон хилийн чанад дахь хөрөнгө хогшлын талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэг бус удаа зарласан. Энэ мэдээлэл үндэслэлгүй гэж Кремль үзсэн. Түүнээс гадна өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Путинтэй хоёр цаг ганцаарчлан ярилцсаныхаа дараа Байден тэмдэглэхдээ Крымийг Орост нэгтгэж, Донбасст зөрчил тэмцэл эхэлснээс хойш Өрнөдийн хийсэн алхмаас энэ удаагийн хориг үлэмж ялгаатай байх болно. Энэ нь “Урьд өмнө байгаагүй хориг”, Орост “сүйрлийн үр дагавартай” байх тухай ярьж байгаа юм гэж Байден тодруулсан. “Украин руу дайрсан тохиолдолд тэрбээр эдийн засгийн хатуу ширүүн хоригоос аваад айхавтар уршигтай, үр дагавартай нүүр тулгарна гэдгийг би Путинд бүр эхлээд л ойлгуулсан. Украин руу хийх алхмаа хэрэгжүүлбэл Путинд өмнө нь учирч байгаагүй хориг тавина гэж би амласан. Тэд их үнэ төлөх болно. Банкууд нь ам.долларын гүйлгээ хийхээ байна. Энэ бол Оросын хувьд сүйрэл” гэж Байден сүүлийн үед хийсэн мэдэгдлүүддээ өгүүлээд байгаа. 2014 онд тавьсан хоригоос Оросын эдийн засаг тэгтлээ хохироогүй гэдэг ч статистик өөр нотолгоо харуулдаг. Оросын эдийн засаг Өрнөдийн хөрөнгө, тоног төхөөрөмж, технологоос ихээхэн хамааралтай байсан. Эрчим хүчний үнэ дэлхийн хэмжээнд дээд амжилт тогтоож, үлэмж хэсгийг нь нефть, хийн экспорт бүрдүүлдэг Оросын төсөв асар их нэмэлт нөөцтэй болсон. 2021 оны сүүлчийн хагас хүртэл энэ байдал үргэлжилжээ. Оросын Статистикийн хорооны баримтаас үзвэл 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны арваннэгдүгээр сард тус улс 200 тэрбум гаруй ам.долларын эрдэс, дийлэнх нь түлш гадаадад гаргасан байна. Энэ нь Оросын нийт экспортын 43 илүү хувь юм. Гэвч одоо тавина гэж сүрдүүлээд байгаа шинэ хоригийн үр нөлөө урьд урьдынхаасаа хавьгүй илүү байх болно гэж Өрнөд батлаад байгаа. Үнэндээ ч шинэ технологи ашиглах боломжтой байх нь Орост хэчнээн чухал болохыг “Умардын урсгал-2”-ыг барьж байгуулж байх үед тавьсан хориг харуулсан байдаг. Эцэст нь, Оросыг олон улсын төлбөрийн SWIFT (Society for worldwide interbank financial telecommunication) системээс салгах тухай ч ярих боллоо. Энэ системийг зарим тохиолдолд эдийн засгийн хоригийн тогтолцоонд “цөмийн зэвсэг” ч гэж нэрлэдэг. Түүний төв байр нь Бельгийн нийслэл Брюссель хотод байрлаж, тэндхийн хуулиар ажилладаг. Өнгөрсөн оны эцсээр уг систем өдөрт их наяд ам.долларын төлбөрийн 30 сая орчим мэдээлэл хүлээж авсан байна. Энэ систем Орост үйлчлэхээ боливол рублийн ханш огцом унаж, хадгаламж нь үнэгүйднэ. Украин руу Орос довтолж болзошгүй гэх сургаар 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 25-ны хооронд Оросын 104 тэрбумтны хөрөнгө 27.9 тэрбум ам.доллароор буурсныг “Forbеs” тооцоолсон байна лээ.