Хайр гашуун бөгөөд чамайг хэрхэн догдлуулдаг тухай зөндөө гоё ишлэлүүд уншиж л байсан биз дээ. Тэгээд хайртай учрахсан хэмээн уяранхан, хайланхан мөрөөдөж байв уу. Учирсан хойноо алдахгүй гэхдээ айж, шаналж, бас эмзэглэж, учраа олохгүй зүг чигээ алдаж үзсэн л биз дээ. Эсвэл зүрх чинь хөөр, баяраар цалгиж, таарсан болгонтойгоо дурлалын тухай ярьмаар санагдсан уу. Эмзэг уяхан болчихоод үг яриагаа эвлүүлж чадахгүй чичирч зогсоно уу. Ерөөсөө тэр бүсгүйд, тэр хархүүд дурлаж, хайрласнаа хэлээгүй хэрнээ нууцаар үерхэж, бодолдоо диваажин байгуулж, үгүй бол бүтэхгүй гэж гутраад сэтгэлдээ булшилчихсан уу. Сэтгэл чинь тэр гэхийн аргагүй үерлэж, эргэж буцаж давалгаалав уу. Хайраа “үзэн ядахдаа” өөртөө хэт их ачаа үүрч, өрөөлөөс дөлж, өөр нэгэн болж хувирсан уу. Эргээд хартал өөдөөс чинь инээсээр гараа тосож зогссон уу. Хайр хэмээх салхинд туугдаад, хясал гэдэг хананд хургачихаад харамсаж, хагдарч явна уу. Сөхөрч уналгүй, сөгдөж туйлдалгүй, эргэж дүрэлзээд, эрвэлзэж асаад хүнийх байсан түүнийг өөртөө дурлуулав уу. Хорвоо ертөнцтэй хуйвалдаад хосоо болгоод авчихсан уу. Чамайг хүлээлгэдэг, өвтгөдөг, зовоодог түүнийг уучилж, хүлээх хүч бий юү. Ганцхан чамд дурласан, итгэсэн, бүхнээ зориулсан түүнээс урваж зориглох уу. Өмнө нь хайртай байснаа өдгөө үгүйсгэж чадах уу. Өрөөлд алдсан түүнийгээ дотроо хайрладаг уу. Эргэж, буцаж будилахад нь энхрийлж, уучилж чадах уу. Зориглож гараас нь атгаад эрхийн тэнэг түүнээсээ өөр нэг цэцэг ургуулж нялхраад эргэх цагийн аясаар ээж,аав, бүр эмээ, өвөө болчихоод налайж сууна уу. Хайрын мянган гунигийг сөрж, түмэн бэрхшээлийг туулан, төсөөлөөгүй аз жаргалд хүрч, таашаалын түмэн охь, амтат балыг хүртэх эрч хүч чамаас гарах уу. Хайр гэдэг ийм нандин. Бас гайхамшигтай. Хамгийн гэгээн, гэхдээ заримдаа доогтой, бүр өргөстэй, эс бөгөөс иртэй. Хайр нэг тийм эзэн биегүй, юугаар ч илэрхийлэх аргагүй. Ертөнцийн бүх сайхан зүйл. Эсрэгээ бүх уй гуниг, үзэн ядалт. Заримдаа бүх зүйл чиний зөв, эсвэл миний буруу, тэнцүү хайр. Өргөс, сарнай, зөөлөн, хатуу, баяр гуниг юу ч бай, хайр бүхэн эзэнтэй. Хайрлаж, хайрлуулсан бүгд гайхамшигтай.