Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “ “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг бид татан буулгахгүй, дампууруулахгүй. Харин хариуцлагагүй зээлдэгчдийн өмнөөс бид зээлийг төлөхгүй. Цаашид Хөгжлийн Банк Эксим банк буюу экспортыг дэмждэг, импортыг орлуулахыг дэмждэг банк болж, олон улсын жишгийн дагуу ажиллах хэрэгтэй. Харин харамсалтай нь “Хөгжлийн банк” 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр байгуулагдсанаас хойш Хөгжлийн банкны зорилгоороо ажиллаж чадаагүй. Сан, банк, арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоо ч юм шиг тодорхойгүй статустай өнөөг хүртэл ажиллаж ирсэн. Үүний үр дүнд 3,2 их наяд төгрөг Хөгжлийн Банкны хүүгийн багцын үлдэгдэл болж, Монголбанкны тогтоосноор 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон нөхцөл байдал үүссэн.
Хөгжлийн Банкнаас зээл аваад зориулалтын дагуу ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалттай, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсан төслүүдийн тасалдсан нөхцөл байдлыг Засгийн газар хэвийн зээл гэж үзнэ. Харин улс төрийн нөлөөлөл ашиглаж, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн асуудал бий. Эдгээр хариуцлагагүй хүмүүсээс үүдэн баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагаж, Хөгжлийн Банкийг өнөөдрийн түвшинд хүргэсэн хүмүүстэй Засгийн газар хуулийн дагуу арга хэмжээ авна.
Хөгжлийн Банкийг илүү том түвшинд зээл гаргадаг, арилжааны банк санхүүжүүлж болох төслүүд рүү ордоггүй банк болгох ёстой. УИХ хөгжлийн төсөл гэж үзсэн төслийг санхүүжүүлдэг банк болгож байж манай улс эдийн засгийн хувьд бэхжих боломжтой. Тус банк байгуулагдсан цагаас хойших бүх хэргүүдийг, чанаргүй, барьцаа хөрөнгөгүй, зориулалтын бусаар зээл авсан хүмүүст Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий прокурорт гаргасан.
Улсын ерөнхий прокурор цохогчоор оролцож, төрийг хохиролгүй болгох бичиг өгсөн. Ингээд зарим үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх шийдвэр гарч байна. Нэр бүхий 15 хүрэхгүй хүмүүс Хөгжлийн Банктай холбоотой асуудал дээр 1.5 их наяд төгрөгийн голлох зээлдэгч бий. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, Хөгжлийн Банкийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулна" гэлээ.