Коронавируст халдварын Омикрон хувилбарын үеийн эмнэл зүйн шинж тэмдэг, эмнэлгийн орны зохицуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Омикрон хувилбарын халдварын үед халуурах, хоолой өвдөх, аргах, хуурай ханиалгах, ханиалгалт нь хэд хоногоос ханиалга цэртэй болох шинж тэмдэг илэрнэ. Хүүхдийн хувьд хоолой сөөх, зарим тохиолдолд амьсгал бачуурах шинж тэмдэг голчлон илэрч байгаа. Энэхүү шинж тэмдэг нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй ижил төстэй. Ингэж хөнгөн хэлбэрэээр өвдсөн бол 5-10 хоног илрээд, эдгэрэх боломжтой.
Халдварын тоо ихсэж байгаа энэ үед иргэдийн эмнэл зүйн байдлыг тандах, өмнөх хувилбараас ямар ялгаатай байгааг тандах ажлыг эхлүүлээд байна. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа иргэдийн эмнэл зүйн шинж тэмдгийг харвал хүчилтөрөгчийн дутагдалд орох, хатгаа болох эрсдэл Дельта хувилбартай харьцуулахад хүндрэх эрсдэл харьцангуй бага байна гэсэн тандалтыг хийсэн.
Эмнэл зүйн хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа учраас ард иргэд маань эмчийн зөвлөсөн эмчилгээг хийж, гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлан, тайван байж эмчлүүлэх юм. Омикрон хувилбарын хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Эмчийн зааварын дагуу шинж тэмдэгийн эмчилгээ хийх нь зүйтэй. Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4,764 орыг коронавирусийн халдвартай иргэнийг эмчлэхэд зориулж байгаа бол орон нутгийн 42 эмнэлгийн 5,482 оронд халдвартай иргэдийг хүлээн авч байгаа. Эрсдэлт бүлгийнхэн болон эмнэл зүйн хүнд болон нэн хүнд шинж тэмдэг илэрсэн иргэдийг эмнэлэгт хүлээн авч байна" гэлээ.