Хоёр оны заагаар холын сайхан Алтайдаа очоод ирлээ. Нутагт минь дулаахан, өнтэй сайхан байна. Энэ удаа аялал амралт, албан ажил аль нь ч биш, гэр бүлийн хүн маань ойр зуурын ажилтай явсан тул надад хийх зүйл үгүй хадам ээжээрээ тойглуулж байгаад ирэв. Миний хадам ээж нас ная дөхсөн ануухан хөгшин. Таван хүүхэдтэй, ач, гуч, зээ, зээнцэрээ үзсэн, гэр дүүрэн үрсдээ буянаа өгсөн буурай. Хүргэн, хүү нь болоод 30 гаруй жилийг үдэж, үйл хөдлөл, дохио зангаагаар ойлголцдог хоёр доо.
Ээж минь амттаны дээдээр том хүргэнээ дайлахыг хичээдэг. Одоо ч ховор бараа үгүй, эд элбэг дэлбэг болсон цаг. Гэхдээ ховор эд байна, байна. Амт. Ээжийн хольдог хайлмаг. Тэр амт, үнэр, өнгө давтагдашгүй. Энэ хорвоогийн ээж бүхэн сэтгэлээ шингээж, үрдээ зориулж хийдэг, үгээр илэрхийлэх аргагүй амттай идээ байдаг. Тэр идээ нь ээжийн хольсон хайлмаг. Ээж минь дундуур дүүрэн, тэгш сайхан амьдарч яваа нэгэн. Урт насалж удаан жаргаарай. Үртэй хүн жаргадаг. Бас зулай зулайгаа гишгэж гарсан “бурхан болооч” ахындаа зочлов. Зочлох шалтгаан бэргэн эгч аймгийн төвд өвөлжиж буй, бага хүү нь өрх тусгаарласан. Миний ах гурван хүү, нэг охинтой. Ахын гэрийн хоймор ханхайж, хань нь гундуу байх вий гэсэн эмзэглэлтэй очсон нь эндүүрэл байж. Аавын голомтыг хүү нь сахиж, ахын гэрийн хоймрыг ач нар нь бүрэн эзэлж. Хэл, хөлд орсон, ороогүй сурагч болсон, сахилгагүй, даруухан гээд хөл тавих зайгүй хүүхэд бужигнаж, хөлс арчих завгүй эгч минь тогоо барьж байна. Миний ах ингэж дундуур-дүүрэн тэгш сайхан амьдарсан нэгэн. Ахын гурван хүү аймгийн төвд чөлөөт цагаараа адуу тэжээдэг юм байна. Хурдан удмын 10 гаруй бага адуу хашаанд нь байна. Аймгийн төвд адуутай байх нь залууст зүгээр ажил. Эрт босож, аажуу унтаж, хашаа хороог нь цэвэрлэх, услах гээд ажил мундахгүй. Адуу мэт орой унтаж, эрт сэрдэг болчихвол сайн явахын л эхлэл. Том хүү нь аймгийн алдарт уяач цол хүртэж. Цол хэргэм ч яах вэ, хүртэх ёстой бол хүртэх, үгүй бол шунах хэрэг юун. Бас дааж явах гэж юм бий. Чухал нь өвөг дээдэс, удам судар, ахын минь адууны тамгыг авдартаа цоожлоогүй дүү нартаа баярлалаа. Дундуур-дүүрэн, тэгш сайхан амьдарч яваарай. Дундуур дүүрэн амьдах ухааныг ээж минь их ярьдаг байж билээ. Бүх юмаар халгиж цалгих боломжгүй, тэгж шунах нь зовлон авчрах, сэтгэл дүүрэн, шунал хязгаартай, илүүгүй, дутуугүй байгаадаа сэтгэл хангалуун амьдрах ухаан юм уу даа. Миний ээж дундуур-дүүрэн амьдрахыг захиж, сахиж явсан нэгэн. Ээж минь долоон хүү төрүүлж зургааг нь өсгөж хүмүүжүүлж, эрүүл саруул хүн болгож, эрийн цээнд хүргэсэн. Хүүхдүүдээ гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөхийн тулд нойр хоолоо умартан зүтгэсэн. Хүүхдүүдээ ч зөв хүн болгож хүмүүжүүлсэн. Малчин, зоотехникч, зохиолч сэтгүүлч, хуульч хүүхдүүдээрээ насны эцэст бахархаж л амьдарсан. Бардамнаагүй ээ харин. Ардын Их Хурлын депутат, Соёлын гавьяат зүтгэлтэн, улс, аймгийн аварга малчин, алдарч уяач, мянгат малчин хүүхдүүдээрээ хөлөө хучуулж амьдарсан. Дундуур-дүүрэн, тэгш сайхан амьдарсан ээж минь.