Монголын сонгогчдын боловсролд хэн анхаарал хандуулдаг вэ. Иргэдийнхээ улс төр, нийгмийн боловсролыг дээшлүүлэхэд хаанаас, хэрхэн анхаарч ирсэн юм бэ. Гадаадын орнууд, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүдээс төрийн бус байгууллагынхан хэдэн төгрөг “босгож”, энэ ажлыг хийх гэж хичээж ирсэн гэхэд болно. Саяхныг хүртэл, дөнгөж 2020 оноос л сонгуулийн төв байгууллага нь бүтэцдээ Сонгогчийн боловсрол, сургалтын төвгүй байлаа. Дөрвөн жил тутам болдог сонгуулиар л “амилдаг” Сонгуулийн ерөнхий хороо батлагдсан төсвөө сонгуулийн зохион байгуулалтын ажилд арайхийн хүргэж, сонгогчийн боловсролд зориулах сохор зоос ч үгүй сууж байдаг нь нууц биш. Үнэндээ үе үеийн эрх баригчид сонгогчдыг яавал мэдээлэлгүй, мэдлэггүй, харанхуй хэвээр сонгуулиас сонгуулийн хооронд залуурдах вэ гэдэг бодлого хэрэгжүүлдэг юм болов уу гэх бодол төрүүлдгийг ч нуух юун. Ээлжлэн эрх барьж, сонгогчдоос авсан санал, суудлынхаа хэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс авдаг улс төрийн намууд ч дээрх чиглэлд ямар ч санал, санаачилга гаргалгүй явж ирсэн нь хөөрхийлэлтэй. Энэ үнэнийг илтгэсэн, сонгогчдод нь боловсрол үгүйлэгдэж байгааг илтгэх нэгэн судалгааны үр дүнг саяхан танилцуулжээ.
Монгол дахь “Конрад Аденауэр” сангийн дэмжлэгээр “Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ-аас хийсэн “Z үеийн улс төрийн оролцоо” судалгааны дүнгээс харвал үүнд хамрагдсан залуучуудын улс төрийн оролцооны түгээмэл хэлбэр нь сонгууль аж. Өөрөөр хэлбэл, тэд сонгуульд оролцож, саналаа өгөн, үр дүнг нь илүүтэй сонирхохын зэрэгцээ энэ талаарх мэдээлэлд анхаардгаа хэлсэн байна. Харин улс төрийг ерөнхийд нь “заримдаа” сонирхож, үйл ажиллагаанд нь хамрагддаг боловч бодит оролцоо нь хязгаарлагдмал, өнөөгийн улс төрийг “замбараагүй” гэж үздэг байна. Ийнхүү улс төрийг ерөнхийд нь сонирхох байдал өндөр хувьтай гарсан ч энэ салбарын талаарх ойлголт, мэдээллүүдийг нарийвчлан “сонирхдог” хэсэг нь тун бага байгаа юм. Жишээ нь, сонгуулийн тухай хууль, тогтоомж, сонгогч хүн ямар эрх, үүрэгтэй хийгээд сонгуулийн тогтолцоо, тойрог, нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьдаг зэргийг мэддэггүй гэнэ. Тэр ч бүү хэл, сонгуулийн үеэр нэр дэвшигчид болон намуудын мөрийн хөтөлбөрийг тэд төдийлөн уншиж танилцдаггүй, заримынх нь хувьд энэ талаарх ойлголт ч байхгүй учраас тэдгээрийг сонирхдоггүй байдал ажиглагджээ. Цаашлаад УИХ-ынхаас илүүтэй аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн талаарх бүрэн, цэгцтэй мэдээллийг авч чаддаггүй тул сонголт хийхэд асуудал үүсдэгээ хэлсэн байна. Угтаа хөгшин, залуу хэн ч бай, иргэнд хамгийн ойр ажиллах, сонгогчид нь хамгийн сайн таньдаг байх учиртай хүмүүс нь ИТХ-ын төлөөлөгчид баймаар. Үнэндээ улс төрийн ямар нэгэн холбоо, клуб, байгууллагад гишүүнчлэлтэй залуучууд энэ салбарыг илүү сонирхож, оролцож, мэдээллүүдийг нь ч сайн авч, сонгууль болон улс төрийн ач холбогдлыг илүүтэй ойлгосон байдгийг судалгаанаас харж болох нь.
1996-2012 онд төрөгсдийг “Generation Z” буюу Z үеийнхэн хэмээдэг. Өндөр технологийн үед өсөн торниж буй тэд өмнөх үеийнхнээсээ эрс тэс ялгаатай, өвөрмөц байдлаараа судлаачид, мэргэжилтнүүдийн анхаарлыг олон талаар татаж, хэдийн “судлагдахуун” болсон билээ. Өнгөрсөн оны байдлаар манай нийт сонгогчийн 23 хувийг Z үеийнхэн бүрдүүлж байна. Үндсэндээ дөрвөн сонгогч тутмын нэг нь Z үеийнхний төлөөлөл гэсэн үг. Гэтэл Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 20-24 насныхны ирц хамгийн бага байлаа. Уг нь судалгаанд хамрагдсан залуучуудын 95 хувь нь сонгуульд оролцох нь “маш чухал”, “чухал”, 80.2 хувь нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө гэж хариулсан. Гэхдээ тус сонгуульд 18-19 насны залуучуудын 56.4, 20-24 насныхны 43.7, 25-29 насныхны 46.3 хувь нь оролцжээ. Бодит байдал дээр дунджаар тэдний 48 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгсөн байгаа юм. Залуучууд бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй байсан нь энэ. УИХ-ын 2012 оны сонгуульд 18-35 насны залуусын 60 хувь нь саналаа өгөөгүй бөгөөд санал хураалтад оролцсон сонгогчдын 10 хувь нь 18-25, 25 хувь нь 18-35 насныхан байв. Парламентын 2016 оны сонгуульд 18-21 насны, ойролцоогоор 192 мянган иргэн санал өгөх эрхтэй байсан нь 18-25 насныхны 46.7 хувьтай дүйх дүн юм. Гэвч Z үеийнхний сонгуулийн идэвх хамгийн муу байгааг дээр дурдсан тоонууд илтгэнэ. Тэдний улс төрийн оролцооны түгээмэл хэлбэр нь сонгууль гэж байгаа ч сонгох эрхээ эдэлж буй байдал нь ийн сүүл мушгидаг.
Хэдийгээр сонгуулийн санал хураалтад оролцох, сонгох, сонгогдох эрхээ эдлэх, аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжих, эс дэмжиж, түүнийгээ илэрхийлэх нь иргэний улс төрийн оролцооны түгээмэл хэлбэр, тод илрэл ч зөвхөн үүгээр Z үеийнхний онцлогийг тодорхойлох нь өрөөсгөл. Тэр тусмаа мэдээлэл, технологийн эрин үеийн өнгө төрх болж буй 18-25 насныхны улс төрийн оролцоог гагц сонгуулийнх нь идэвхээр төлөөлүүлэн тодорхойлох нь явцуу хэрэг. Гэхдээ цахим орчинд, ялангуяа фэйсбүүкээр үзэл бодлоо илэрхийлж, улс төрийн талаарх мэдээллийг дэмжиж, эсвэл шүүмжлэн эможи дарж, хариу үйлдэл үзүүлэх хэлбэрээр “заримдаа оролцдог”, бусад тохиолдолд “огт үгүй” гэсэн хариулт дийлэнх байлаа.
Z үеийнхний дунд анх удаа саналаа өгч буй шинэ сонгогчид бий. Тэдний нас нэмэгдэхийн хэрээр сонголт хийхдээ нэр дэвшигчийн онцлогийг харгалзах байдал өсөж буйг судалгааны үр дүнгээс харж болох аж. Мөн Улаанбаатар хотод амьдардаг, эсвэл ойр дотнын хүмүүстэйгээ улс төрийн талаар санал солилцдог залуучуудын хувьд шийдвэр гаргахдаа илүү олон зүйлийг чухалчилж үздэг болох нь ажиглагдаж байна. Ийм тохиолдолд анх удаа саналаа өгч буй залуучууд 100 хувь өөрийн итгэл үнэмшлээр, бусдын нөлөө, дарамтаас ангид сонгох эрхээ эдэлж байгаа, эсэх нь ч эргэлзээтэй болж байгаа юм. Энэ нь тэдний улс төрийн оролцоо төдийгүй мэдлэг, хандлагыг нь тухайлан тодорхойлох шаардлага хэдийн үүсээд зогсохгүй Z үеийнхэнд л зориулсан нөлөөллийн ажлууд орхигдож ирснийг нөхөх цаг үе хэдийн ирснийг илтгэж байна гэлтэй. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулас харахад залуу сонгогчдын бүлэг дотроо 18-19 насныхны ирц хамгийн өндөр буюу 56.4 хувьтай байгаа нь тэднийг чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг цаг алдалгүй эхлүүлэн, одоогийн идэвх, оролцоог нь бууруулахгүй, улам нэмэгдүүлэх чиглэлд тасралтгүй ажиллах шаардлагатайг илэрхийлж байна.
Иргэдийнхээ улс төр, нийгмийн боловсролыг тасралтгүй дээшлүүлж, урт хугацаанд үргэлжлүүлж, авч явах нь төрийн, эрх баригчдын үүрэг. Сонгогчдын боловсролыг сонгуулийн жил гарсны дараа, санал хураалт болохоос хэдхэн сарын өмнө сайжруулдаг юм биш гэдгийг дээрх судалгаа бэлхнээ харуулна. Харин ч улс төрөөс уйдчихсан, “замбараагүй” хэмээн зай барьдаг Z үеийнхнийг улс төрийн нам, нэр дэвшигчид голдуу богино хугацаанд болох, болохгүй баахан мэдээллээр “бөмбөгдвөл” тэд дайжиж, халширч мэднэ. Нэр дэвшигчдийн талаарх танилцуулга, мөрийн хөтөлбөр нь ойлгомжгүй, цахим сүлжээн дэх сонгуулийн үеийн мэдээллийн урсгал хэт их байдаг учраас улс төрийг ч, сонгуулийг ч сонирхдоггүй гэдгээ тус судалгаанд оролцогчид илэрхийлсэн байна лээ. Тиймээс ядаж эхний ээлжид залуучууд, Z үеийнхний улс төрийн оролцооны олон хэлбэрийг хангаж, дэмжиж, энэ талаарх ойлголт, мэдлэгтэй, хариуцлагатай оролцоотой иргэн байхын ач холбогдлыг таниулах, сонгуульд идэвхтэй оролцохыг уриалах, идэвхжүүлэх, заах, үлгэрлэх ажлыг цаг алдалгүй хиймээр байна. Ялангуяа сонгуульд анх удаа оролцож буй, эсвэл оролцохгүй байгаа залуучуудад чиглэсэн улс төрийн болон сонгогчдын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлье.