Хятад болон Канадын мэргэжилтнүүд хамтран могойн хорыг наалдамхай бүтээгдэхүүнтэй хольж шинэ төрлийн цавуу бүтээн, туршсан нь амжилттай болсныг мэдээлэв. Эл цавууг арьсандаа ил, гүн шархтай хулганад түрхэж туршихад харьцангуй богино хугацаанд эдгэрчээ. Ингээд зогсохгүй шархан дээр түрхсэн даруйд цус алдалтыг намдаасан аж. “Science аdvances” сэтгүүлд нийтэлснээр бол өдгөө дэлхийн хэмжээнд эмнэл зүйд хэрэглэдэг, мэс заслын зориулалттай цавуунуудаас онцлог нь наалдамхай бодис нь хүнсний цэлцэгнүүрт суурилсан учраас эрүүл мэндэд тустай буюу харшил зэрэг гаж нөлөөгүй. Өөрөөр хэлбэл, байгалийн гаралтай био наалдамхай бодис учраас аюулгүй гэсэн үг. Хятадын Чонгин дахь армийн анагаах ухааны их сургуулийн Инчэн Гуо, Ин Ван нарын удирдсан багийнхны бүтээсэн уг цавууг могойн хорны цус өтгөрүүлэх чадварт тулгуурласан юм байна. Туршилтаас харахад, энэ нь өдгөө хамгийн аюулгүйд тооцдог, эмнэлгийн зориулалттай фибрин цавуунаас 10 дахин хүчтэй наалдахын зэрэгцээ суналтын бат бэх чанар нь 35.64 килопаскаль (ам метр тутамд нэг тоннын хүч) гэнэ. Түүнчлэн 45 секундын дотор цусыг өтгөрүүлж, тогтоох чадвартай юм байна.