Ардчилсан нам (АН)-ын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Ц.Туваан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван сарын өмнө нэхэмжлэл гаргажээ. Ийнхүү шүүхэд хандах болсон нь Соёлын төв өргөө болон ДБЭТ-ын дунд байсан тус намын байрыг буулган, газар эзэмших гэрчилгээг нь Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлсэнтэй холбоотой юм байна.
АН-ын даргаар өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ажиллаж байхдаа дээрх байрыг Улаанбаатар хотын банканд долоон тэрбумаар худалдсан хэмээн хэвлэлд мэдээлж байсан бөгөөд өдгөө тус нам өөрийн гэсэн байргүй болчихоод буй билээ. Тиймээс татан буулгасан эл банкны эрхийг залгамжилж, үүрэг хүлээж буй Худалдаа, хөгжлийн банкнаас АН-ын газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээ, тухайн газарт барилга барихаар Барилга, хот байгуулалтын яамнаас 2011 онд олгосон тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичиг гаргуулж авах, тэдгээрийн үнийн дүнг 100 сая төгрөгөөр тооцож буйгаа тус намын удирдлага нэхэмжлэлдээ илэрхийлсэн аж. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянаад өнгөрсөн аравдугаар сарын 12-нд хэлэлцэхээр товлоод байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад буй юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа