Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 31 хүртэл сунгасан. Хэрэв коронавирусийн нөхцөл байдал хүндэрвэл ирэх есдүгээр сард боловсролын байгууллагууд ажиллахгүйд хүрч ч мэднэ. Гэсэн ч эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, УОК-ын шийдвэрээр үзвэр, үйлчилгээний газруудыг үе шаттай нээж буй. Харамсалтай нь, иргэдийн анхаарал суларч, амны хаалт зүүхээ больсныг гудамжинд зөрөх хэн бүхнээс тольдож болохоор. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд халдвар хамгааллын дэглэм хэр мөрдөж байгааг сурвалжиллаа.
АМНЫ ХААЛТАА МАРТЧИХАЖ
Долдугаар сарын 22. 18.30 цаг. Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд байрлах хөгжимт усан оргилуурыг өнгөрсөн сард ашиглалтад оруулсан. Иргэдийн тэгтлээ эсэргүүцэж байсан усан оргилуур өдгөө нийслэлчүүдийн зорьж очих газрын нэг болжээ. Гэвч төв талбай хүний хөлд дарагдаж, вирус тархах нөхцөл бүрдэж буйг иргэд төдийлөн мэдэхгүй байх шиг. Амны хаалтаа зүү гэж анхааруулах хүн ганц ч алга.
Өдөржин ээсэн нар жаргах болоход усан оргилуурыг зорих иргэдийн тоо нэмэгдэж байлаа. Тэд зуны халуунд сэрүүцэх, оргилуурын хөгжим сонсохоор ирдэг тухайгаа учирласан. Амны хаалт зүүгээгүй нэгнээс учрыг тодруулахад “Халуунд амны хаалттай явах хэцүү. Энд ирээд түр авчихлаа” гэх. Амны хаалтаа гэртээ орхисон гэж хариулсан нь ч байсан юм. Хөгжмийн аянд “найган хөдлөх” оргилуурыг хүүхдүүд даган баясана. Инээд хөөр гэрэлтсэн тэдний царай өвчингүй, энх цагт аваачсан мэт санагдуулах. Амны хаалт зүүгээгүй хүн анхаарал татахаа больжээ.
21.00 цагаас хойш тус байгууламжийн лед гэрэл асаж, усан үзүүлбэрийг үзэгчдэд толилуулдаг учраас төв талбайг зорих хүн улам олширдгийг усан оргилуурын техник хариуцсан ажилтан хэлсэн. Тэрбээр чанга яригчаар эцэг, эхчүүдэд хандан, хүүхдээ байгууламжийн тавцан дээр гаргахгүй байхыг сануулав. Тэгсэн хэрнээ иргэдийг амны хаалт зүүхийг шаардахгүй юм. Нийтийн эзэмшлийн газарт олноор цугларч, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг ЭМЯ, УОК-оос өчнөөн анхааруулсан ч олон нийт хэдийнэ тоохоо больжээ. Ядаж олон нийтийн газар амны хаалт зүүх ёстойг мэдэх хүн алга. Нийслэлийн Хот тохижилтын газрын талбайн цэвэрлэгээ хариуцсан ажилчин Х.Хүрэлбаатар “Иргэдэд амны хаалт зүүх шаардлага тавьдаг ч олонх нь үл тоомсорлодог” гэлээ. Байгууламжийн зэргэлдээ орших нийтийн бие засах газрынхан эрүүл ахуйн дэглэм хэр мөрдөж байгааг сонирхлоо. Тэндхийн ажилчин Б.Энхмаа үйлчлүүлэгчдийг амны хаалтаа зүүж, гараа ариутгахыг сануулж байв. Гэвч усан оргилуурын ойр орчимд хяналт шалгалт хийдэг хариуцсан ажилтан байсангүй. Энэ талаар Хот тохижилтын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Тэмүүжингээс тодруулахад “Манайх иргэдэд анхааруулга, сануулга өгдөг ганц ажилчинтай. Тэр хүн гэрэлтүүлэг, дуу хөгжим хариуцангаа санамж, зөвлөмж уншдаг” гэлээ. Гаднах орчинд хяналт тавих олон хүн хэрэгтэй байгааг тус байгууллагынханд хэлэхэд энэ тал дээр анхаарч ажиллана хэмээсэн.
ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД ХҮҮХДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Халуун ч гэсэн амны хаалтаа зүүж, олны хөлийн газруудыг зорив. “Бөмбөгөр”, “Хархорин”, “Теди” болон III, IV хорооллын дэлгүүрүүд “Ковид-19”-өөс сэргийлэх зөвлөмжийг хэрхэн мөрдөж буйг ажиглалаа. Худалдааны томоохон төв, дэлгүүрүүдийн нэвтрэх хаалганд гар ариутгагч алга. Аль ч тасгаар орсон иргэд бөөгнөрсөн байх. “Бөмбөгөр” худалдааны төвийн хүнсний бүтээгдэхүүн, хувцасны лангуунуудаар ч мөн адил. Худалдагч нар амны хаалтыг эрүү, тохой, бугуйн “хамгаалалт” болгож зүүсэн байх юм. Уг нь амьсгалын эрхтнээ халдвараас хамгаалж зүүдэг баймаар. Үйлчүүлэгчид ч “Амны хаалт шаардлагатай үед зүүдэг” гэв. Харин “Теди” төвд амны хаалт зүүсэн иргэн олон байсан ч лангуу болгонд гар ариутгагч харагдсангүй. “Хархорин” худалдааны төвд голдуу хүүхдүүд хана, хаалганы бариул зэргийг барьж тоглон, гараа амандаа хийх нь энүүхэнд. Үйлчилгээний байгууллагууд 0-12 насны хүүхдэд үйлчлэхгүй гэж зөвлөмж “хадсан” хэрнээ мөрдөж буй газар бараг алга.
ХЭДҮҮЛЭЭ Ч ОРЖ БОЛОХ КАРАОКЕНУУД
20.30 цаг. Караоке, шар айргийн газрууд энэ сарын 2-ноос тодорхой дүрэм, журмын хүрээнд ажиллаж эхэлсэн билээ. Баянзүрх дүүргийн V хороонд байрлах нэгэн караоке “Иргэний үнэмлэхээ үзүүлж, согтууруулах ундаа захиална” гэсэн анхааруулгаар угтсан ч гар ариутгагч харагдсангүй. Мөн ажилчид, үйлчлүүлэгчдийн аль нь ч амны хаалт зүүгээгүй байв. Харин Чингэлтэй дүүргийн V хороонд байрлах нийтийн дууны газарт “ёс болгож” ариутгагч тавьжээ. Зөөгчөөс нь амны хаалтгүй хүнд үйлчилж буй, эсэхийг лавлахад “Гайгүй дээ. Бид тийм сүртэй шаардлага тавьдаггүй” гэв.
21.45 цаг. Чингэлтэй дүүргийн I хороонд зэрэгцэн орших караоке, шар айргийн газруудыг зорив. Үйлчлүүлэгч ихтэй гэдэг нь үүднээсээ илт бөгөөд хүмүүс өрөө сулрахыг хүлээж зогсоно. Уг газрууд гар ариутгагч тавиагүйн дээр ажилчид нь амны хаалт зүүгээгүй байсан юм. Караокены ажилчин нэгэн жижиг өрөө үзүүлэн “Хоорондоо “учраа” олоод багтаж чадвал хэдүүлээ ч орсон болно. Одоогоор манайд шалгалт хийгээгүй” хэмээсэн. Нэгэн үйлчлүүлэгч “Найзууд минь энд хөгжилтэй, тухтай гэсэн учраас ирсэн. Өдөр бүр ариутгал, цэвэрлэгээ хийдэг гэж хэлэхэд хэцүүхэн л юм” гэв.
22.30 цаг. Чингэлтэй дүүрэгт орших “Чингис” болон “Nox” караокед 14 хоногт нэг удаа нэгдсэн журмаар ариутгал хийдгийг ажилтнууд нь хэлсэн. Хүүхдийн 100 орчмын үйлчилгээний байгууллагууд хүн хооронд 1.5-2 метрийн зай барих ёстойг мартсан бололтой. Хаалгаар нь шагайхад сул суудал байсангүй. 22.45 цагт ихэнх газрууд сүүлчийн захиалгаа авч, 23.30 цагт хаалгаа барьжээ. НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Э.Номин “Үйлчилгээний газруудад манайхаас өгсөн үүргийн дагуу санаачилга гарган ажиллах ёстой” хэмээв. Гэвч эрүүл ахуйн шаардлага хангаж ажиллах ёстой байгууллагуудын зарим нь “Багтвал хэдүүлээ ч орж болно” гэх. Коронавирус агаар, дуслын замаар дамждаг учраас караокены дуу хураагчуудад нэг удаагийн зөөлөвч, хамгаалах уут хийхийг зөвлөсөн. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд хямралд өртсөн ч мөнгө олж л байвал хамаагүй гэсэн ийм үзлээр хөнгөн хуумгай хандаж боломгүй мэт.
ИРГЭДИЙН ОРОЛЦОО Ч ЧУХАЛ
Кинотеатрууд энэ сарын 9-нөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Бид “Тэнгис”, “Өргөө 2”, “Гэгээнтэн”-д очлоо. Кинотеатрууд иргэдийн биеийн халууныг хэмжихэд анхаарч буй нь ажиглагдав. Эрүүл ахуйн хяналтын тусгай ажилтан зориулалтын төхөөрөмжөөр үйлчлүүлэгчийн халууныг хэмжиж, үзэгчдийг амны хаалттай нэвтрүүлэх аж. Гар ариутгагч шингэнүүдийг ч байршуулсан харагдана. Харин иргэд түүнийг “үзээгүй” мэт аашилж, хянагчид ч заримдаа чимээгүйхэн өнгөрөөж байсан нь учир дутагдалтай. Дотогш нэвтэрсэн иргэдийн олонх нь амны хаалтаа авсан, эсвэл зориулалтын дагуу хэрэглэхгүй байлаа. “Дүр эсгэж” нэвтрэх нь л чухал болохоос өөрсдийгөө аюулаас сэрэмжлэх асуудал тэдэнд огт хамаагүй бололтой. Түүнчлэн иргэд олноор бөөгнөрдөг худалдаа, үйлчилгээ, автомат тоглоомын хэсгүүдэд зай барихыг сануулсан тэмдэг, тэмдэглэгээ, анхааруулга байршуулсан байх авч ойшоогчид ховорхон аж. Нийтлэг ажиглагдсан дээрх зөрчлүүдийн талаар иргэн С.Нямдэлгэр “Энэ бүхэн бидний хандлагаас л шалтгаалж буй. Хүн бүр цаг үеийн нөхцөл байдлыг ойлгож, дор бүрнээ ухамсартай байх нь чухал” хэмээсэн. Онцлоход, мэргэжлийн байгууллагуудаас үүрэг болгосны дагуу кинотеатрууд үзвэрийн танхимуудынхаа 50 хувийг чөлөөлсөн байв. Ариун цэврийн өрөө, олон нийтийн хүлээлгийн танхимууддаа ч тодорхой давтамжаар чийгтэй цэвэрлэгээ, ариутгал хийж байсан нь сайшаалтай.
Үзвэр, үйлчилгээ, нийтийн эзэмшлийн гээд ер нь бүх газарт анхаарвал зохих зүйл чамгүй олон байлаа. Эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг хангасан орчин бүрдүүлэхэд иргэдийн ухамсар хандлага, нөгөө талаас тэдгээр байгууллагуудын санаачилга, зүтгэл чухал гэдгийг аль аль нь анхаараасай.
Бэлтгэсэн: Г.ДАМДИНСҮРЭН, Б.ЛХАГВА, Э.НАМУУНЦЭЦЭГ, Б.НАМУУН