Эгч, дүү болов уу гэмээр охид байсхийгээд л алгаараа нүүрээ дарж, хашхирна. Тэгэх бүртээ чанга инээж, доороо үсэрч дэвхэцнэ. Дүү нь “Ээж яг ингэх үү. Уначихгүй биз дээ” хэмээн шулганаж, эгчийгээ зогсоо зайгүй шалгаах аж. Харин эгч нь “Хүмүүс зүгээр л байгаа биз дээ. Айх хэрэггүй” гэж дүүгээ тайвшруулах боловч хажууханд нь хэн нэгэн “газардах” бүрт доороо дэвхцэж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байв.
Өхөөрдөм охид ийнхүү ярилцах зуурт тэдний хүсэн хүлээсэн мөч ирэв. Эсрэг талын уулын оройд цагаан цамц, цэнхэр өмдтэй бүсгүй байраа эзэлсэн нь охидын ээж бололтой. Тэд “Ээж мөн байна, яана аа” гэсээр тэврэлдэн, өмнөхөөсөө ч чанга хашхирах нь тэр. Бүсгүй яах ийхийн зуурт сүнгэнээд хүрээд ирлээ. Айж, сандарсан тэд “Гоё байсан уу. Та айв уу. Дахиад явмаар байна уу” гэж ээжийгээ угтан асуухад амьсгаагаа бүрэн дарж амжаагүй бүсгүй “Эхлээд жаахан айлаа. Ёстой кайфтай, гоё юм байна” гэж охидынхоо санааг амраав.
Ийм нэг хөгжилтэй, “хөөрхөн” явдал энэ сарын 12-нд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь “Экстрим Монголиа” компанийн талбайд болов. Хоёр уулын оройг холбож татсан, агаарын замын газардах хэсгийн ойролцоо суусан охид ээжийгээ хүлээж байхдаа ийн өөрсдөө ч “хамт алхаж”, адреналин ялгаруулан, хавийн хүмүүсийг баясгав.
Тэсвэр тэвчээр, эр зориг шаарддаг учраас спортын төрөлд ч хамааруулдаг экстрим аялал сүүлийн үед дэлхий дахинд эрчимтэй хөгжиж буй. Тэнгэр баганадсан өндөр барилгын оройд ямар ч хамгаалалтгүй зогсох, нэг байгууламжаас нөгөөд үсрэх, шовх хад цохионд янгир мэт дүүлэх, бартаат замд уулын мотоциклтой уралдах зэрэг “галзуу”, эрсдэлтэй үйлдэл хийж, түүнийгээ баталгаажуулсан бичлэгийг цахим сүлжээнд байршуулдаг хүн олширсон нь үүнтэй холбоотой.
Манай улсад экстрим аялал харьцангуй “нялх” ч сонирхож, хичээллэх хүн олширч буйг аялал жуулчлалын салбарынхан онцолсон. Харин хэсэг залуус эл спортын төрлийг сонирхогчдод ойртуулж, аялал жуулчлалын хувиар хөгжүүлэхээр “Экстрим Монголиа” компанийг 2018 онд байгуулсан нь манайд анхдагч юм. Хотоос 50 гаруй км-т, Тэрэлжийн “Булагтай” кэмптэй зэрэгцээ байрлах тус баазын менежер Ганбаатар “Манайх агаарын зам, дүүжин гүүрээр алхах, хаданд авирах гэсэн үндсэн гурван үйлчилгээ үзүүлж байна. Цаашид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэх зорилготой. Саяхан уулын дөрвөн мотоцикл авсан. “Экстрим Монголиа” жилийн дөрвөн улиралд ажилладаг ч цар тахлын улмаас өнгөрсөн хавар хэсэг хугацаанд амарсан. Одоо хэвийн ажиллаж байгаа учраас хөл тасрахгүй байна. Ялангуяа амралтын өдрүүдэд дараалал үүсэж, ачаалалтай ажилладаг” гэв.
Агаарын замаар зорчигч газардах гэж буй нь
“НАЙЗУУДЫНХАА ШАХАЛТААР АЙДАСТАЙГАА НҮҮР ТУЛЛАА”
Жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг нь агаарын зам. Газраас 30 гаруй метр өндөрт татсан нарийхан татлага утсан дээр зорчигч тусгай төхөөрөмжөөр бэхлэгдэн, нэг уулын оройгоос нөгөөд очдог. Өөрөөр хэлбэл, барилга, уул зэрэг өндөрлөг объектоос тусгай шугам, татлагын тусламжтай газардахыг ийн хэлдэг аж. Агаарын замаар зорчих үйл ажиллагааг хоёр баг удирдан явуулж байв. Хэсэг залуус зорчигчийг гараанаас гаргадаг бол нөгөө багийнхан нь аюулгүй газардуулах үүрэгтэй.
Монголдоо хамгийн урт гэх тодотголтой энэхүү зам 430 метр үргэлжилдэг. Даац нь 45-120 кг. Аюулгүй байдал, стандартыг харгалзан жин хэт их, бага, эсвэл хүүхэд зорчуулахыг хориглодог хэмээн “газардуулагч” залуус онцоллоо.
“Уг нь маш тайван байсан. Хүмүүс орилохоор сандарчих юм. Агаарт хэсэг хугацаанд “амьдрах” ямар байдгийг удахгүй мэдрэх нь” хэмээсэн Н.Тэмүүлэнтэй хэдэн хормын дараа уулзахад “Амьдралдаа авч байгаагүй онцгой мэдрэмжүүдийн нэг байлаа. Би өндрөөс айдаг ч найзуудынхаа шахалтаар айдастайгаа нүүр туллаа” гэв. Түүний найз “Онцгой, сайхан мэдрэмж төрүүллээ. Боломж олдвол дахиж энэ замаар явж, бичлэг хийнэ” гэлээ.
Агаарын замаар явна гэж эртнээс төлөвлөж, “Экстрим Монголиа”-г зорих чиглэл гаргасан дүү минь “Анх хөдлөхөд л эвгүй мэдрэмж төрдөг юм байна. Яг л ямар нэг зүйлээс хөл алдан унах гэж байгаа юм шиг. Амьсгал давчдаад, зүрхний цохилт түргэсээд. Гэхдээ сайхан байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Агаарын замаар зорчиход 15 000 төгрөгийн төлбөртэй аж.
Нэгэн эмэгтэй дүүжин гүүрийн аюулгүй байдлыг ийнхүү шалгажээ
“САХИЛГАГҮЙ” ГҮҮР
“Гүүрээр алхах нь хаданд авирах, агаарын замаар зорчихоос амар, аюулгүй гэж бодсон ч үгүй байлаа. Зарим зүйл харагддаг шигээ биш гэдгийг мэдрэв. Савлагаатай учраас алхахад бэрхшээлтэй юм. Тэнцвэрээ олох нь чухал бололтой. Түрүүн нөхрөө шоолж, “Ямар удаан явдаг юм бэ”, хүмүүст төвөг удлаа гээд загнасан хүн өөрөө хэцүүдлээ. Экстрим спортын онцлог л энэ байх” хэмээн хөдөлгөөнт дүүжин гүүрээр алхсан Ц.Оюун-Эрдэнэ ярилаа.
Түүний хэлсэнчлэн, дүүжин гүүрээр алхах нь төвөггүй харагдавч бодит байдалд тийм биш гэдгийг аюулгүй ажиллагаа хариуцагч залуус хэлсэн юм. Тиймээс үйлчлүүлэгчид 110 метр урт гүүрээр алхахдаа багагүй хугацаа зарцуулдаг гэнэ. Айдсаа даван туулж, тэнцвэрээ олж чадаагүй зарим нь замынхаа талаас буцах, тусламж хүсэх, орилох, суух, гүүрээс зуурах зэрэг үйлдэл хийж, бусдыг “хөгжөөдөг” гэнэ.
Хөдөлгөөнт гүүрээр зорчих тасалбар 20 000 төгрөг юм байна. Ц.Оюун-Эрдэнэ болон түүний нөхөр “Үйлчилгээний үнээ бага зэрэг бууруулахад энэ газрыг илүү олон хүн зорих байх” хэмээн саналаа хуваалцав. Түүнчлэн тасалбар түгээх цэгийн гадаа суудал, саравч байгуулж, тав тухтай орчин бүрдүүлэхэд анхаараасай хэмээлээ. Сонирхуулахад, нэгэн эмэгтэй аюулгүй ажиллагааг нь шалгахын тулд хөдөлгөөнт гүүрээс зүүгдэн, амь дүйсэн үйлдэл хийсэн талаар “Экстрим Монголиа”-гийн цахим хуудсанд бичжээ.
Монголын хамгийн өндөр, байгалийн хадан хана
БАЙГАЛИЙН ХАНА
Манай хүүхэд, залуучууд хананд авиралтын спортоор сүүлийн үед идэвхтэй хичээллэх болсон. Тэдэнд зориулсан танхим, сургалтын төв ч олширсон. Спортын хэмжээнд тууштай хичээллэдэг зарим нь Улаан цутгалангийн хаданд авирч, чадвар, чансаагаа сорьдог. Харин “Экстрим Монголиа”-гийнхан Монголдоо хамгийн өндөр, олон улсын стандарт, шаардлага хангасан авиралтын хадан ханыг Тэрэлжид бий болгожээ.
Авиралт нь агаарын зам, дүүжин гүүртэй харьцуулахад монголчуудад шинэ зүйл биш учраас жуулчид энэ үйлчилгээг нэг их ойшоодоггүй бололтой. Хаданд авирахаар дугаарлах хүн бага байсан нь үүнтэй холбоотой аж. 25 метр өндөр хаданд “мацсан” О.Мөнхжин “Мэргэжлийнхэнд бол ондоо байх. Анх удаа авирах хүмүүст амаргүй юм байна. Гутлаасаа болоод халтирч, олон удаа хий гишгэлээ. Бэхэлгээтэй, аюулгүй гэдгийг мэдэж байсан ч маш их түгшсэн” гэв.
Монголын хамгийн өндөр, байгалийн хадан хана
Агаарын замаар зорчигч газардах гэж буй нь
Нэгэн эмэгтэй дүүжин гүүрийн аюулгүй байдлыг ийнхүү шалгажээ