МУИС-ийн урд байрлах “Circle K” дэлгүүр өнгөрөөд нэг өндөр нуруутай 30 орчим насны хүн тамхи баагиулсаар урд минь алхлаа. Ойролцоох “тамхи татах” цэгт нэг ч хүн алга.
Би ч тамхины утаанаас болгоомжилж нэлээд хол зайтай араас нь алхав. Цаана нь нэг цагдаа зогсож харагдана. Би ч нөгөө хүнийг “торгуулах нь дээ” гэж бодтол цагдаа огт тоосон шинжгүй зөрж өнгөрлөө.Үл таних хүн үргэлжлүүлэн тамхиа татсаар Тусгаар тогтнолын ордны урд ирээд тамхиныхаа ишийг хээвнэгхэн шидчихээд яваад оров.
Зарим хүн гудамжинд бие засч, шүлс цэрээ хаяж, бусдыг тамхиар хордуулж байхад цагдаа нь харсан ч хараагүй мэт зөрж өнгөрөхийг магадгүй та ч харсан байх. Уг нь 2012 онд батлагдсан Тамхины хяналтын тухай хуульд зааснаар хориглосон газарт тамхи татсан иргэнийг 50 мянга, тамхи татах нөхцөл бололцоог бүрдүүлсэн ААН-ийг 1,5-3 сая төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Гэвч Монголын хууль гурван хоног гэдэг шиг дээрх хууль цаасан дээр бичигдсэнээс цаашгүй.
Мөн ил задгай тамхи татах төвлөрсөн цэгийн нэгэн жишээ бол автобусны буудал. Хүмүүс бөөгнөрөн тамхи баагиулан зогсож байхад нэг ч цагдаа шаардлага тавьдаггүй, торгодоггүй. Бараг л хамт тамхилаад зогсох нь холгүй харагддаг. Хэдийгээр иргэд бие биедээ шаардлага тавьж, уриалдаг ч албаны хүн нь тоохгүй байхад ил задгай тамхи таталтыг зогсооно гэдэг үлгэр.
Манай улсад 2015 онд Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж, хаа сайгүй тамхи татахыг хориглосон. Ингэхдээ ”Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” байгуулахаар санаачилсан. Гэсэн хэдий ч тэдгээр тамхины цэгүүд нь зориулалтын шаардлага хангаагүй. Харин зориулалтын хогийн савнууд байршуулсан нь иргэд ил задгай тамхины ишээ хаях нь харьцангуй багасжээ.
Эцэст хэлэхэд, иргэдээсээ соёлтой байхыг шаардаж байгаа бол төр өөрөө хатуу чанд шаардлага тавьдаг, хууль журмынхаа дагуу торгодог байх хэрэгтэй.
Тамхины хяналтын тухай хуулинд:
-Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл,
-Олон нийтийн үзвэр үйлчилгээний газар,
-Шатахуун түгээх станц, зорчигч тээврийн буудал, нийтийн үйлчилгээний газрууд,
-Бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр,
-Эмнэлэг сувилал болон нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц зэрэг газруудад тамхи татахыг хориглоно гэж заажээ.
Д.БЯМБАСҮРЭН