У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноор хоёр Засгийн газрыг дамнуулан удирдсан хоёр дахь хүн болов. Өчигдөр түүнийг томилогдох хүртэл энэ тодотгол ганц С.Баярт (2007-2009) л хамаатай байлаа. Гэхдээ гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн хоног, өдрийг нь нэгбүрчлэн тоолбол У.Хүрэлсүх түүнээс хавьгүй олон хоног, бараг жил орчим илүү хугацаанд эл албанд ажиллаад байна. Хоорондоо зургаан жилийн зайтай хоёр удаа Ерөнхий сайдаар ажилласан Ц.Элбэгдоржийн “томилолт”-ын нийт хугацаанаас ч урт аж. Тэгээд ч Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийг цэлийсэн дөрвөн жил хүлээж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихгүй л бол тэрбээр Ерөнхий сайдаар хамгийн урт хугацаанд буюу бараг долоон жил тасралтгүй ажиллах бүрэн боломжтой. Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан гэгдэж буй П.Жасрай (1992-1996), Н.Энхбаяр (2000-2004) нарын “дээд амжилт”-ыг эвдэнэ гэсэн үг.
У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажилласан хоногийг тоолж, тахин шүтэх гээд байгаа юм биш гэдгийг хэн хүнгүй ойлгож буй биз ээ. Монгол Улсын Засгийн газрыг тогтвортой байлгах механизм ажиллах, эсэхийг түүний байгуулах танхимын үйл ажиллагаанаас харах гээд байгаа юм.
Хариуцлага, шударга ёс тогтоохоо амласан У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүний тамгыг хадгалж үлдсэн мөчөөс үе үеийн Ерөнхий сайдыг “шүдгүй арслан” болгосон хуулийн хүлээсийн гадна, ашиг сонирхлын зөрчилд цаламдуулалгүй ажиллаж чадах, эсэхийг нь ард түмэн нүд салгалгүй ажиглах болно. Ерөнхий сайдаар томилогдсон даруй хийх эхний ажил болох Засгийн газрын бүтцээ тодорхойлж, бүрэлдэхүүнийг нь томилохоос л түүнд “бяр” амтагдаж байх учиртай. Танхимаа бие даан бүрдүүлж, явцын дунд болохгүйг нь буцаах бодит эрх мэдэл түүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хэдийн ирсэн. Сайд нарыг томилох, чөлөөлөх бүрт Ерөнхий сайд нь УИХ-ыг царайчилж, Засгийн газрын гишүүн болгоныг парламентаар хэлэлцүүлэн дэмжүүлж байж танхимаа бүрдүүлдэг цаг ард хоцорсон. Одоо тэр Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Төрийн тэргүүнтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх төдийгүй сайд нараа өөрөө томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг л өргөнө. Гэхдээ Засгийн газар төрийн хууль биелүүлэх ажлыг төрийн эрх барих дээд байгууллагын өмнө хариуцаж, үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнах үүргээс зайлахгүй. Салбарын ажил хариуцуулж, “хийж чадна” хэмээн итгэл хүлээлгэсэн хүмүүсээ өөрөө томилсон Ерөнхий сайдаас хариуцлага нэхдэг, ам асуух эрх нь УИХ-д хэвээр үлдсэн.
Мөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу ердөө 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргаж, түүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэн дэмжихэд л Ерөнхий сайд, танхимтайгаа “унадаг” байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн тавдугаар сарын 25-наас мөрдөхөөс өмнө нэгдсэн хуралдаанд гишүүдийн олонх нь буюу ердөө 39 гишүүн оролцож, тэдний 50-иас дээш хувь буюу 20 нь санал өгч, дэмжихэд Засгийн газар огцорч байсан юм. Харин одоо 19-өөс доошгүй гишүүн санал гаргах эрх нь хэвээрээ ч 76 хүний олонх буюу хамгийн багадаа 39 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн тохиолдолд л дараагийн Засгийн газрын талаар ярих нөхцөл бүрдэнэ. Юутай ч тэр хуульчилсан “заналхийлэл”-ээс ангид ажиллах нь. Олон жил ярьсан, уршгийг нь улс, нийтээрээ мэдэрсэн гажуудлыг засаж, Засгийн газрын чадамж, дархлааг сайжруулан, Ерөнхий сайд нь бүрэн хариуцлага хүлээдэг болгосон нэмэлт, өөрчлөлт бодитой хэрэгжих, эсэхийг л харах л үлдлээ.
Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг төвхнүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх энэ оны улсын төсвийн тодотгол, улс орны хөгжлийн асуудлууд хамгийн чухал. Хөрөнгө мөнгө ярих, төсөв батлахад ч УИХ-ын өмнө Засгийн газар тэгтлээ “жижгэрэхээргүй” болчихсон. Жишээ нь, Засгийн газраас боловсруулсан төсвийн төслийг танигдахгүй болтол нь өөрчилж, нутаг орондоо саймширсан гишүүд тойрогтоо багагүй хөрөнгө татах гэж лоббийддог явдал үндсэндээ газар авхааргүй болж байгаа. Учир нь Үндсэн хуульд “Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. ИнгэхдээЗасгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно” гээд тодорхой заачихсан. Ямартай ч У.Хүрэлсүхийн баг ийм зовлон үзэхгүй.
Амьдрал баян. Манай эрх баригчид улс төрийг улам “үзүүштэй” болгодог туршлагатай. Гэхдээ 2016 сонгуулиар 65 суудал авчихаад Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хариуцлагыг өөрсдийнхөө Засгийн газраасаа нэхэж, огцруулсан шиг үйл явдал давтагдахгүй гэж найдна. Учир нь сая сонгуульд МАН-аас нэр дэвшсэн хүмүүс үндсэндээ У.Хүрэлсүхийн үгнээс гарахааргүй, түүнийг дэмжигч байсан. Дахин үнэмлэхүй олонх болчихоод засаглаж чадахгүй, түмэн олонд булайгаа дэлгэхгүйг хичээх нь лав. Бас У.Хүрэлсүхээс урвах хүртэл овоо удах биз. Учир нь хоёр жил гаруйн өмнө У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоход түүний гарт Засгийн газрын тэргүүний тамга л байсан. Одоо намын даргын тамга ч түүнд бий. Намынхаа анхан шатнаас авхуулаад Удирдах зөвлөл хүртлээ нөлөөгөө бэхжүүлсэн. Намдаа төдийгүй нийгэмд бэхжүүлж чадсан байр суурь, хувь улстөрчийн нэр хүндийг нь сая МАН сонгуулиар ашигласан гэхэд буруудахгүй.
Хуулийн болон хууль бус энэ мэт дарамт, “сүрдүүлэг” үгүй болох тул Ерөнхий сайд У.Хүрэлсүх аливаа асуудалд өгөө, аваатай хандаж, нам болон парламент дахь нөлөө бүхий гишүүдтэй ямар нэгэн тохиролцоо хийх гэж гүйх шаардлагагүй. Тухайлбал, У.Хүрэлсүх 2017 онд өөрөө Шадар сайдаар ажиллаж байсан Засгийн газраа унагаж, Ерөнхий сайд болохдоо тухайн үеийн УИХ-ын гишүүдийн дэмжлэгийг хамгийн их авсан. Тиймээс ч Засгийн газрын бүх гишүүн, өөрөөс нь бусад нь “давхар дээл”-тэй хууль тогтоогч байсан. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гэж явсаар эцэст нь хамаг буруу өөр дээр нь үлдэж, шахааны хүнээр дүүрсэн Засгийн газар нь муухай харагдаж, шүүмжлэлийн бай болон үлддэг жишиг давтагдахгүй гэж найдаж байгаа.
“Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын гишүүн сайд нартаа өргөсөн тангарагтаа үнэнч, сахилга хариуцлагатай, шударга ажиллахыг хатуу шаардаж, бас хариуцлага тооцон ажиллах болно” гэсэн нь ч түүнд ирж буй их эрх мэдэл, үүрэг хариуцлагыг зэрэг дааж ажиллахын чухлыг ойлгосон хүний үг биз ээ. Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө хамгийн олон Засгийн газарт сайдаар ажилласан (Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, хоёр удаа Шадар сайд) улстөрч болохын хувьд туршлага заах буй за. Хуулиар өгөгдсөн хийгээд хувь улстөрчийн харизм, туршлагаа зөв удирдан чиглүүлэхгүй бол хажуудах хүмүүсийнх нь үг, үзэл бодол “хаан”-аа хайрцагласан түүх бишгүй.