АЗГҮЙТЭЛ НЬ АЗ АВЧРАВ
11 настайгаасаа ажил хөдөлмөрийн амтыг мэдэрч, уйгагүй хөдөлмөрлөн, шаргуу зүтгэж ирсний шагнал нь түүнийг олонд нэртэй, түмэнд тустай өмгөөлөгч болгосон байна. Эл эрхэм бол Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны тэргүүн, 17 дахь жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж буй Лхагважавын Энхсайхан. Яармагийн дэнжид тоглож өссөн тэрбээр 1981 онд ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль төгссөн байна. IV ангийн сурагч байхдаа л түүхч болохыг хүсэж мөрөөдсөөр МУИС-д элсэхээр шалгалт өгсөн ч оноо дутаж тэнцээгүй гэнэ. Ингээд Дархан-Уул аймгийн политехникумд цахилгаанчны ангид хуваарлигдсан ч түүхч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд татгалзжээ. Тухайн үед хоёр жил ажилласны дараа дахин конкурс өгөх боломжтой байж. Тиймээс 1982 онд Гутлын үйлдвэрт дагалдан эсгүүрчнээр ажилд орсон гэнэ. Ажлаа хурдан сурсан тул туршилтын хугацаанаасаа өмнө үндсэн ажилтан болчихож. Харамсалтай нь, түүний ажиллаж буй үйлдвэрт түүхч мэргэжлийн хуваарь олгодоггүй тул тухайн үеийн Ардын боловсролын сайд Ч.Сэрээтэртэй уулзан, нөхцөл байдлаа ойлгуулж, хүсэл мөрөөдлийнхөө талаар хэлсэн гэдэг. Хэд хоногийн дараа Эсгүүрийн цехийн даргын өрөөний утас дуугарч, Улсын багшийн дээд сургуульд түүх, пионерын удирдагчийн ангид элсэх боломжийг Л.Энхсайханд олгосноо дуулгажээ. Сайхан мэдээ сонсоод маш их баярлан, ажлынхаа хажуугаар шалгалтдаа бэлдсэн байна. Хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр дээрх хуваарийг авахад ганцхан оноо дутчихав. Гэхдээ энэ азгүйтэл нь хожим түүнд аз авчирчээ.
Сургуулийн хуваарьгүй хоцорсон тэрбээр гутлын үйлдвэртээ үргэлжлүүлэн ажиллах уу, мөрөөдлийнхөө төлөө зүтгэх үү гэсэн сонголтын өмнө ирсэн гэнэ. Сурагч ахуйн хүслээ биелүүлэхийн тулд ажлаасаа гарч, нийгмийн ухааны чиглэлээр сурах хуваарь олгодог байгууллагуудын үүд тогшжээ. Хэд хэдэн газраар явсны эцэст Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн газарт үйлчлэгчээр ажиллах болов. Угааж, арчиж, цэвэрлэхийн зэрэгцээ бичиг цаасны ойр зуурын ажилд нь тусална. Жил гаруй ажилласны эцэст гурав дахь удаагаа элсэлтийн шалгалт өгч тэнцжээ. Тэр ч байтугай дүнгийн жагсаалтыг тэргүүлж ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн түүхийн ухааны ангид элсэх хуваарь авчээ. Аравдугаар ангиа төгсөөд таван жилийн дараа ийнхүү хүссэн мэргэжлээ эзэмших болов. ОХУ, Болгар, Чех, Унгар зэрэг оронд суралцахаар явж буй оюутнуудаа улс бодлогоор дэмжиж, сургалт, оюутны байрны төлбөрийг нь төлөхийн зэрэгцээ ирж, буцах замын зардлыг нь гаргах төдийгүй нэгдүгээр курсийн оюутан бүрт 1000 төгрөг өгдөг байжээ. Эх орныхоо нүүр царай болох тэднийг гадаад улс руу явахаас нь өмнө Улсын их дэлгүүрээр оруулдаг “бичигдээгүй хууль” ч байж. Оюутнууд тэндээс гоё дэгжин хувцас, чемодан зэрэг хэрэгтэй зүйлээ авдаг байсан гэнэ. Энэ хэрээр хариуцлага өндөрсөж, тааруу сурах эрхгүй болов. Найман цаг хичээл тасалбал, муу сурвал сургуулиас нь шууд хөөдөг аж. Тиймээс Л.Энхсайхан сургууль, дотуур байр, номын сан гэсэн “жим”-ээр таван жилийн турш явжээ. Орос хэлний бэлтгэлд суугаагүй учир бусдаас илүү их хичээхээс өөр зам байсангүй. Аливаа ном зохиол, материалыг задлан шинжлэх, дүгнэх, логик дараалалтай сэтгэх, шалтгаан холбоог нь олж тогтоохыг оюутан ахуйдаа сайн багш нараас сурсан нь хожим өмгөөлөгчөөр ажиллахад нь дэм болсныг тэрбээр онцолсон.
...“Хохирогчийн өмгөөлөгч хэрнээ сэтгэл минь холбогдогч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэж үзэж чадахгүй байсан. Энэ хэргийг төрийн нууцаас гаргах хүсэлтээ мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхэд удаа дараа тавьсан ч дийлээгүй. Төрийн нууцад авсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч, хууль бусаар, буруу дүгнэлт гаргасан байна гэж Тусгай хяналтын хороонд ч бичиг өгч байв. “Дахин шинжээч томилж өгөөч” гэж прокурорт хүсэлт гаргасан ч авч хэлэлцээгүй...
Элсэлтийн шалгалтдаа хоёр бүдэрсэн ч гурав дахь удаагаа алдах эрх түүнд байгаагүй. Нэг оноо дутсанаар Улсын багшийн дээд сургуульд орж чадаагүй ч хилийн дээс алхан, харьд сурах үүдийг нь нээжээ. Үйлчлэгчээр ажиллаж байсан Шинжлэх ухааны академийнхаа Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ирсэн нь 1994 он. Тэнд нэг жил гаруй ажиллаад Монгол мэдлэгийн их сургуульд түүхийн багш, эрдэм шинжилгээний ажилтан болжээ. Зах зээлийн үед эрдэм шинжилгээний ажилтны цалин амьдралд нь хүрэлцэхгүй байсан тул бусдын жишгээр ганзагын наймаанд явснаа ч тэрбээр нуугаагүй. Монголоос тарваганы арьс гаргаж, ОХУ-аас мебель тавилга оруулж ирдэг байжээ. Ингэж явахдаа нөхөртэйгөө танилцсан гэнэ. Түүний хань Б.Гансүх гэж цэргийн хүн бий. Л.Энхсайхан цэргийн хүнтэй хэзээ ч гэрлэхгүй гэж боддог байсан ч хувь тавилангаар ч юм уу, бүр удам дамжсан цэргийн хүнтэй гэр бүл болжээ. Нөхрийнх нь аав, ээж, ах, эгч бүгд цэрэг, армитай холбоотой гэнэ лээ.
Түүний хоёр хүү Г.Тамир, Г.Анар нар ээжийнхээ мэргэжлийг өвлөжээ. Нийгмийн харилцаа, хүний амьдрал хуулиар зохицуулагддаг. Хуулийг дагаж мөрддөггүй салбар байхгүй учир эрх зүйн боловсрол нэн чухал гэж ятгасаар хоёр хүүгээ эрхзүйч болгосон байна. Өнгөрсөн онд тэрбээр эмээ болжээ.
ААВЫНХАА ӨГСӨН ХҮҮХЭЛДЭЙГ ҮЕРТ АЛДААД ЗӨНДӨӨ УЙЛЖЭЭ
Л.Энхсайхан 11 хүүхэдтэй айлын дунд охин. Аав Ш.Лхагважав, ээж П.Төгсбал нь Ховд аймгийн уугуул. Тэд Сутай хайрхны хоёр талд өсөж, хожим Улаанбаатар хотод танилцан, гэр бүл болжээ. Эгэл жирийн ажилчин ангиас гаралтай тэрбээр гэр бүлийнхнээсээ хамгийн анх их сургуульд сурч, дээд боловсрол эзэмшсэн нэгэн. Түүний дараа хоёр эмэгтэй дүү нь дээд боловсрол эзэмшин, мэргэжлээрээ амжилттай ажиллаж буй. Түүний аав Ш.Лхагважав наймаа хийдэг байсан учир тухайн үедээ чинээлэг айл байж. Л.Энхсайханыг хоёрдугаар ангид ордог намар аав нь өөд болжээ. 30 гаруйхан насандаа бэлэвсэрч хоцорсон ээж нь олон хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөх гэж зүтгэсээр хурааж хуримтлуулсан хэдээ ч барсан байна.
Аавын орон зай, нөмөр нөөлөг дутах хэрээр амьдрал ахуй нь ч сайнгүй болжээ. Тиймээс Л.Энхсайхан 11 настайдаа зуны амралтаар ноосны үйлдвэрт ажиллаж, ээждээ тусалдаг болов. Халуун наранд өглөөнөөс үдэш болтол ноос ялгана. Хоёр зун дараалан ажиллаад халширсан тэрбээр долдугаар ангид орох жилдээ “Баянгол” ресторанд угаагчаар ажилд орсон гэнэ. Зуны улиралд албан байгууллагууд ажилтнуудаа амраагаад хүч дутмаг болсон үед хүүхдүүдийг олноор нь ажиллуулдаг байж. Мөн тэрбээр “Хөдөлмөр” зусланд үнээ сааж байжээ. Гурван сар ажиллаад 600 төгрөг авч, ээждээ өгөхөд “Овоо доо, миний муу охин” гээд үнсэхэд нь ихэд баярласнаа дурссан. Ажил хийж олсон мөнгөөрөө хичээлийн хэрэгсэл, үсэндээ зүүх тууз, дүрэмт хувцас зэргийг авдаг байжээ.
Улаанбаатарт 1966 онд үер болж, Дунд голын эрэг дээр барьсан гэрийг нь урсгачихсан гэнэ. Ойр орчмын айлууд нь үерт өртөж, бүгд орох оронгүй болжээ. Тухайн үед тэрбээр гурван настай байсан ч ой тойнд нь тэр явдал тод үлдсэн байна. Аавынх нь барьж өгсөн модон, жижигхэн байшин хашаанд нь байдаг байж. Хүүхэд бүр байшиндаа хүүхэлдэй, нугас зэрэг тоглоомоо хийдэг байжээ. Гэтэл гэнэт их ус бууж, хайртай тоглоомууд нь урсахад маш их уйлснаа ярив. Орон сууцад амьдардаг хамаатных нь эгч норсон болжмор шиг болсон тэднийг гэртээ аваачин, бүгдийг нь эгнүүлэн унтуулсныг санадаг гэнэ. Үерт урссан айлуудад улсаас Яармагт газар, гэр өгсөн байна. Тэнд 20 жил амьдарсан тэдэнд 1986 онд Худалдааны яамнаас I хороололд дөрвөн өрөө байр өгчээ.
АНХНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМГӨӨЛСӨН БАЙНА
Эрхүүд сурч ирээд, МУИС-д хуульчийн мэргэжил эзэмшсэн тэрбээр сургуулиа төгсөөд л шууд өмгөөллийн ажлаа эхлүүлсэн байна. Зам, тээврийн осол гаргасан нэгэн залуугийн өмгөөлөгчөөр ажиллажээ. “Өмгөөлөгчөөр ажилласан анхны хэрэг болоод ч тэр үү, өчигдөр мэт тодхон” гэсээр тэрбээр яриагаа эхэлсэн. Осол гаргасан залуу гэр бүл зохиогоод удаагүй, зургаан сартай хүүхэдтэй байж. Айлын хашаанд, хүний гэрт амьдардаг байсан гэнэ. Тэрбээр микро автобус түрээсэлж, Гачуурт-Офицеруудын ордон чиглэлд зорчигчдыг тээвэрлэхээр гарсан эхний өдрөө зам, тээврийн ноцтой осол гаргасан аж. Урьд шөнө нь хүүхэд нь халуурч нойр муутай хоносон учир Офицеруудын ордны тойргоор эргэх үедээ үүрэглээд машинаасаа уначихаж. Жолоочгүй микро автобус нийтийн тээврийн буудлын дэргэд зогсож байсан оюутныг мөргөж, амийг нь хохироов. Жолооч машиныхаа араас гүйж ирэх зуурт л энэ золгүй явдал болсон байна. Тэрбээр хохирогчийн оршуулгын зардал төлөх ч боломжгүй байсан тул өмгөөллийн хөлс аваагүй гэнэ. Л.Энхсайхан хохирогчийн гэрийнхэнтэй уулзан, уйгагүй явсны дүнд өмгөөлсөн хүнээ хорих ялаас мулталж чаджээ.
Өмгөөллийн ажлыг хожим эхэлсэн ч тэрбээр 17 жилийн хугацаанд эрүү, иргэн, захиргааны нийт 400 гаруй хэрэг дээр ажилласан нь чамлахааргүй амжилт. Шүүх хуралд 80-90 орчим хувьд нь ялжээ. Өмгөөлж байгаа хүндээ ялын доод хэмжээг оногдуулж чадвал ялалт гэдгийг тэрбээр тодотгосон. Тухайлбал, эрүүгийн хүнд хэрэг үйлдсэн иргэнд оноох ялыг багасгах, хорихыг баривчилгаа, бүр хэргийг хэрэгсэхгүй болгож чадвал тэр нь ялалт гэв.
Ихэвчлэн тэрбээр залилан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх, төрийн нууц задалсан, зам, тээврийн ослын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллажээ. Харин дээрэм, булаалтын хэрэгт зөвхөн хохирогчийн өмгөөлөгчөөр оролцдог гэнэ. Гар цүнхээ дээрэмдүүлж, хохирогч болж байсан учир ийм төрлийн хэргийн холбогдогчийг өмгөөлөх хүсэлгүй гэдгээ хэлэв.
С.ЗОРИГИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ХОХИРОГЧИЙН ӨМГӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАСАН
Л.Энхсайхан 2017 оноос хойш эрүүгийн хэргийг орхиж, иргэн, захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр ажиллах болжээ. 1998 оны аравдугаар сарын 2-нд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг амиа алдсаныг монголчууд мартаагүй. Түүний амийг хөнөөсөн хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны өмгөөлөгчөөр Л.Энхсайхан ажилласан билээ. 400 гаруй хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахдаа энэ удаагийнх шиг сэтгэл зүйн хувьд хэцүү зүйлтэй тулгарч байгаагүйгээ тэрбээр хэлсэн. “Хохирогчийн өмгөөлөгч хэрнээ сэтгэл минь холбогдогч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруутай гэж үзэж чадахгүй байсан. Энэ хэргийг төрийн нууцаас гаргах хүсэлтээ мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхэд удаа дараа тавьсан ч дийлээгүй. Төрийн нууцад авсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгөөч, хууль бусаар, буруу дүгнэлт гаргасан байна гэж Тусгай хяналтын хороонд ч бичиг өгч байв. “Дахин шинжээч томилж өгөөч” гэж прокурорт хүсэлт гаргасан ч авч хэлэлцээгүй. Шинжээчийн дүгнэлт хүчингүй болсноор энэ хэргийг нээлттэй хэлэлцэж, иргэд дүгнэлт хийх боломж бүрдэх байв. Гэвч хаалттай байсаар хэрэг шийдэгдэж, холбогдогч нарт ял оноосон. Мэргэжлийн үүднээс үзэхэд төрийн нууцад заавал авахаар зүйл байгаагүй шүү дээ.
Холбогдогчдыг гүйцэтгэгч мөн гэсэн 100 хувийн итгэлгүйгээр хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллахад хүндрэлтэй байсан. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар гарцаагүй батлагдах ёстой. Нотлох баримтууд нь тэр хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гүйцэтгэгч гэдгийг хангалттай нотолж чадахгүй байсан нь эргэлзээ төрүүлсэн” хэмээн ярьсан юм. Энэ хэргийг улс төрийн зорилготой аллага, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг золиос болсон гэж үздэг хүн цөөнгүй. Ц.Амгаланбаатар хэргийн захиалагчийг нэрлэсэн ч шалгалтын явцад холбоогүй болсон учир хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл түүний мэдүүлэгт үндэслэн гүйцэтгэсэн хүмүүс мөн гэж үзээд байгаа нь итгэл үнэмшил төрүүлээгүйг тэрбээр нуусангүй. Тэр ч бүү хэл, 1998 онд авсан гэх мэдүүлгийн хуудас нь шарлаж, хуучраагүй одоогийнх шиг цаастай байжээ. Өмгөөлөгч ёс зүйтэй, үйлчлүүлэгчдээ үнэнч шударга, хүнлэг хандах хэрэгтэйг тэрбээр хэлсэн. Хэчнээн их мөнгө амласан ч өөртэйгөө зөрчилдсөн хэрэгт өмгөөлөгчөөр ажилладаггүй аж. Ялангуяа авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлдөггүй байна.
Ажил мэргэжилдээ үнэнч, жанжин шугамаасаа хазайдаггүй учир түүгээр өмгөөлүүлж, хамгаалуулах гэсэн хүн тасардаггүй юм билээ. Одоо тэрбээр иргэд олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг олгоход онцгойлон анхаарч буй. Тиймээс ч 2013 онд нөхдийнхөө хамт Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороог үүсгэн байгуулжээ. 2017 онд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Про боно” (Нийтийн ашиг, сонирхлын төлөө үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх) чуулга уулзалтыг Монгол Улсад анх удаа зохион байгуулав. Түүнчлэн жил бүрийн тавдугаар сарын 1-нийг хуульчийн про боно өдөр болгох санаачилга гаргасан нь өдгөө ажил хэрэг болж, олон нийтэд хүрчээ. “Ковид-19”-өөс шалтгаалан энэ онд тухайн өдөр Монголын хуульчдын холбооны гишүүн ахмад болон бусад хуульч цахимаар, тусгай утсаар иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлсэн юм.