Маяк буюу дуут дохиогоор “гоёсон” 00 73 УНҮ улсын дугаартай машин “Орчлон” сургуулийн авто зогсоолд зогсов. Цагдаагийн алба хаагч тус автомашины жолоочоос тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь авч шалгаад албаны автомашин болохыг тогтоолоо. Өөрөөр хэлбэл, албаны автомашиныг хувьдаа ашиглаж буй даргын хууль бус үйлдлийг илрүүлсэн юм. Үүнийг таслан зогсоох, Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг иргэдэд сурталчлах, шалгалт хийх зорилгоор Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн албаныхан хамтран “Орчлон”, “British school of Ulaanbaatar”, “Ameri¬can school of Ulaanbaatar”, Монгол-Оросын хамтарсан III сургууль, нийслэлийн I сургууль гэсэн таван байршилд өчигдөр ажилласан юм. Энэ үеэр 30 гаруй зөрчил илрүүлэв. Тухайлбал, Авто тээврийн үндэсний төвийн 01 43 УБЗ, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 60 40 УНҮ, Тагнуулын ерөнхий газрын 07 22 УНҮ, Гадаадын иргэн, харьяатын газрын 77 66 УБҮ, Засгийн газрын авто баазын 01 19 УБЗ, 09 58 УНҮ, Тагнуулын ерөнхий газрын 06 33 УБҮ, Цагдаагийн ерөнхий газрын 01 00 УБЗ, 05 36 УНҮ, 80 04 УНЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын 02 83 УБҮ, Авлигатай тэмцэх газрын 01 94 УБҮ, Улсын ерөнхий прокурорын газрын 06 71 УБҮ, нийслэлийн ЗДТГ-ын 06 95 УНҮ, Улаанбаатар төмөр замын 02 45 УБЗ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 05 95 УБЗ зэрэг улсын дугаартай автомашиныг үүнд дурдаж болно.
Төрийн албаны тухай хуулийн 39.1.11-т “Албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны
мэдээллийг ашиглан завшихыг хориглоно” гэж заасныг мэдэж буй, эсэхийг 00 73 УНҮ улсын дугаартай автомашины жолоочоос асуухад “Би зүгээр л жолооч, юу ч мэдэхгүй” гэж хариулаад албаны автомашин биш, мөн хэмээн мэлзээд жолоогоо эргүүлэв.
Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын ахлах референт Я.Хишигт ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар “Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын дагуу зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцно. Мөн Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн учраас сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэж тодотголоо.
Сахилгын шийтгэл хүлээлгэхдээ Төрийн албаны тухай хуулийн 48.1.1-т заасны дагуу эхний удаа сануулах арга хэмжээ авах юм. Харин дараагийн удаа цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авах хуулийн зохицуулалт бий аж.
Уг нь төрийн албаны машинд “албан хэрэгцээнд” гэж бичсэн таних тэмдэг тавьж, Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллана гэдгээ тухайн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар өнгөрсөн онд хэлж байсан. Үүнээс хойш жил өнгөрөөд байхад төрийн албаны хэрэгцээнд ашиглах зориулалттай автомашинуудын (шалгалтаар илрүүлсэн) дийлэнх нь таних тэмдэггүй хэвээр байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын машины улсын дугаарыг тусгайлан олгохоо больсон нь амины ажлаа албаны машинаар амжуулах үйлдлийг өөгшүүлж буй хэрэг гэж иргэд шүүмжилж байлаа.
Иргэн Х.Мөнххишиг “Төрийн машиныг хувьдаа ашиглах нь мэдээж буруу. Үүнд иргэдийн хяналт хэрэгтэй. Албаны хэрэгцээнд унах зориулалттай автомашиныг амин хувьдаа ашиглаж болохгүйг би мэднэ. Гэхдээ хууль бус үйлдлийг хэнд мэдээлж, хаана хандахаа мэдэхгүй байна” гэв. Тэгвэл 9717-8008 дугаарын утсанд болон Info@csc.gov.mn хаягт хандаж, төлсөн татварын мөнгийг тань зөв зүйлд зарцуулж буй, эсэхийг хянаж болох юм. Үгүй бол төрийн албаны автомашиныг хувийн ажлаа амжуулахад хэрэглэж, үргүй зардал гарган та, бидний төлдөг татвараас их, бага хэмжээгээр хумсалсаар байх нь.