Монгол Улсын Хөгжлийн банкийг удирдаж байсан Н.Мөнхбатад тус банкны хөрөнгийг хууль зөрчин зарцуулж, шамшигдуулсан байж болзошгүй хэмээн 2016 оны аравдугаар сарын 15-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээс хойш гурван жилийн хугацаа өнгөрлөө. Түүнийг нэлээд хэдэн үйлдэлд буруутгаснаас Худалдаа хөгжлийн банкныханд давуу байдал олгосон гэх хэргийг нь шалгаж дуусан, яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлснийг эх сурвалжууд мэдээллээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат тэргүүтэн 2015 оны зургадугаар сард Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон байдаг. Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр Худалдаа хөгжлийн банкны төв барилгаас ажлын байр худалдан авсан. Улмаар ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатараар оффис худалдан авч, гэрээ байгуулах эрх олгосон хууль бус тогтоол батлуулж, 2015 оны долдугаар сарын 6-нд гэрээ байгуулан, зах зээлийн ханшаас хэт өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөг зарцуулж, Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн прокурор, мөрдөгчид шалгасан юм.
Хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банкны төв байрны (УНТЭ-ийн баруун хойд талд) 11, 12 давхарт 3240 ам метр талбайг нэг ам метрийг нь 8.3 сая, В1 давхарт байрлах автомашины 10 зогсоолыг 775 сая төгрөгөөр үнэлэн авсан байдаг.
Бэлтгэсэн: Г.Равжаа