“Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашигладаг “Ачит Ихт” ХХК-тай холбоотой асуудал хууль хяналтын байгууллагын анхаарлыг татаад багагүй хугацаа өнгөрлөө.
Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон. Үүний хүрээнд хууль хяналтын байгууллага оффшор, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаагаа идэвхжүүлж байгаа юм. Чухам ийм үед “Ачит Ихт” ХХК-ийг шалгаж байгааг энд дурдах хэрэгтэй биз ээ.
Энэ компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 1978-2005 оны хооронд овоолсон балансын бус хүдрээс катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг юм.
“Ачит Ихт”-ийн ХХК нь 2010 онд “Эрдэнэт үйлдвэр”-т балансын бус хүдрийг ашиглан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслөө танилцуулж, дэмжүүлээд гэрээ хийсэн байна. Ингэж энэ төслийн үйл ажиллагаа эхэлжээ.
Дараа жил нь Бээжингийн Уул уурхай Металлургын институттэй хамтран ажиллах гэрээ хийж ТЭЗҮ боловсруулж улмаар Орхон аймгийн Баян-Өндөр суманд катодын зэсийн үйлдвэрийн газар шорооны ажлыг эхлүүлсэн байна.
Ингээд 2014 онд жилд 10 мянган тонн катодын зэсийг L-SX-EW технологиор үйлдвэрлэх гидрометаллургын үйлдвэрийг ашиглалтад оруулж, катодын зэсээ үйлдвэрлэж эхэлсэн байдаг.
Энэ бол “Ачит Ихт” ХХК-ийн ил түүх нь юм. Харин Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ “түүх”-ийн ард юу нуугдаж байгааг баримт түшиж уншигчдадаа хүргэх гэж байна.
Энэ дугаартаа бид “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа, түүний эзэмшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
“Ачит Ихт” ХХК нь 2009 оны зургадугаар сарын 8-ны өдөр байгуулагджээ. Энэ компанийн үүсгэн байгуулагч нь Ядамсүрэнгийн Саранчимэг бөгөөд тэрээр хувьцааг нь 100 эзэмшиж байжээ. Жилийн дараа “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа “задарч” эхэлсэн байна.
АИХ-ын депутат, Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан Олхонууд хар банди овогтой Ванчинцэрэнгийн Цамба гэдэг хүн 2010 оны хоёрдугаар сард “Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийг эзэмшдэг болоод ерөнхий захирлаар нь ажиллажээ. Тэрээр ерөнхий захирлаар нь ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ч.Ганзоригтой төслийн гол гэрээг зурж байв.
Мөн оныхоо наймдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бодлогын зөвлөх Пунцагийн Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн 50 хувийг эзэмшигч болж орж ирсэн байгаа юм.
Үүнээс сарын дараа буюу 2010 оны есдүгээр сарын 27-нд “Ачит Ихт” ХХК-ийн 75 хувь нь “ Степпкупер” ХХК-д шилжжээ.
Ингэж явсаар 2014 оны наймдугаар сард П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг 22 хувь, арванхоёрдугаар сард дахин 22 хувийг авсан байна.
Хоёр жилийн дараа 2016 оноос “Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн асуудал цэгцэрч, нийт хувьцааг хоёр компанид хуваажээ. Тодруулбал, 2016 оны наймдугаар сарын 29-ний өдөр “Степпкупер” ХХК нь “Ачит Ихт” ХХК-ийн 78 хувийг, наймдугаар сарын 31-ний өдөр “Цаглавар” ХХК 22 хувийг эзэмшдэг болсон.
2014 оны гуравдугаар сарын 7-ноос хойш П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг “Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, түүний дүү Даяндоржийн Жаргалсайхан дэд захирлаар нь ажиллаж байгаа юм.
Тус компани 2017 оны зургадугаар сарын 22-ноос 2020 оны зургадугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд ашигт малтмалын үүсмэл ордын ашиглалтын зөвшөөрөлтэй.
Мөн Гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэл, гадаад худалдаа зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй ажээ. Түүнчлэн “Ачит Ихт” ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион Оргил Кэй Би тауэр, 21 дүгээр давхар тоот, Баянгол дүүргийн долдугаар хороо 75, Баянгол дүүргийн хоёрдугаар хороо Бүрд оффис 48-5 гэсэн хаягтай.
Гэхдээ эндээс “Ачит Ихт” ХХК-ийг хуваагаад эзэмшчихсэн “Степпкупер”, “Цаглавар” гэж юун компаниуд вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Дийлэнх буюу 78 хувийг нь эзэмшиж байгаа “Степпкупер” ХХК-ийг 2010 оны есдүгээр сарын 10-нд П.Цагааны хүү Мөнхтүвшин 51 хувийг, “Ийгл” телевизийн захирал, “Монгол мелиа корпораци”-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан Дашдаваагийн Бадамдаш 49 хувийг нь эзэмшиж үүсгэн байгуулж байжээ. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлж байв.
“Степпкупер” ХХК-ийн 49 хувь 2014 оны гуравдугаар сард П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэгт шилжсэн.
2016 оны наймдугаар сард энэхүү 49 хувийг Даяндоржийн Эрдэнэцэцэгт үлдээж, 51 хувийг нь П.Цагааны хүү Мөнхтүвшингийн нэр дээр шилжүүлсэн байна.
Үүнээс жилийн дараа 2017 оны нэгдүгээр сарын дундуур П.Цагааны гэр бүл “Степпкупер” ХХК-ийн хувьцаанд одоо байгаа хуваарилалтыг хийжээ. Ингэхдээ Пунцагийн Цагаан өөрөө тус компанийн 25.5 хувь, хүү Цагааны Мөнхтүвшин нь 25.5 хувь, харин 2018 оны наймдугаар сарын эхээр эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг, охин Цагааны Номундарь хоёр нь тус бүр 24.5 хувийг эзэмшдэг болжээ.
“Ачит Ихт” ХХК-ийн 22 хувийг эзэмшдэг “Цаглавар” ХХК нь Уул уурхай, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагааны чиглэлтэйгээр 2016 оны наймдугаар сарын 11-нд байгуулагджээ. Тус компанийг 2016 оны наймдугаар сарын 29-нөөс хойш П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэг 100 хувь эзэмшиж байна. “Цаглавар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Жамбалдоржийн Өлзийжаргал ажилладаг аж.
Үүнээс гадна “Ачит Ихт” ХХК-ийн охин компани “Ачит зэс” ХХК гэж бий. Өөрөөр хэлбэл, “Ачит Зэс” ХХК-ийг “Ачит Ихт” ХХК 100 хувь эзэмшдэг. Энэ компани 2018 тавдугаар сарын 18-нд Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Хаалттай хүрээнд давуу эрхийн хувьцаа гаргах, Санхүүгийн тусгай зориулалтын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдаж байжээ. 2018 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар Бадарчийн Энхбат ажиллаж байгаа юм байна. Тэрээр 2012-2014 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байжээ.
“Ачит Ихт” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, эздийн талаарх мэдээлэл нь товчдоо ийм юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ