2008 оны автобусыг 2015 онд үйлдвэрлэсэн болгож “залуужуулсан” байдал
Улаанбаатар хотын түгжрэлийг арилгахын тулд нийтийн тээврийн салбараа хөгжүүлэх нь чухал. Гэтэл хотын удирдлага, нийтийн тээврийг удирдаж буй албан тушаалтнууд өөрсдөдөө л ашиг унагах гарц хайхаас биш, нийслэлчүүдийг өглөө, оройд дааруулахгүй, түргэн шуурхай хөдөлгөөнд оруулах талаар үр дүнтэй ажил хийхгүй байна. Нийтийн тээвэр хөгжвөл түгжрэл үүсгэн байж машинтайгаа хөдөлгөөнд оролцох хүний тоо багасах байлтай. Уг нь шийдэх боломж, гарц байх юм. Үүнийг тэрлэгч миний хувьд хотын баруун хэсгээс ажилдаа ирдэг. Өглөө бүр X хорооллын автобусны буудлаар дүүрэн хүн нийтийн тээврийн унаанд суух гэж алаан болж буйг хардаг. Зарим автобусны жолооч зогсоолд зогсохгүй өнгөрөөд явна. Унаанд сууж чадаагүй иргэд такси хөлөглөх гээд гараа өргөж удаан зогсдог.
Уг нь үүнийг шийдчихэж болмоор санагддаг юм. Автобусны богино эргэлт хийх, эсвэл бүх автобусыг эцсийн буудал руу нь хөөх бус, 2-3 буудлын хооронд нэгийг явуулах зэргээр ид ачааллын цагаар иргэдийг зорьсон газарт нь хүргэчихэж болох л баймаар. Харамсалтай нь нийтийн тээврийн бодлого барьж байгаа эрх мэдэлтнүүд өчнөөн шинэ автобус шаардлагатай, тэдгээрийг авахын тулд төчнөөн тэрбум төгрөг хэрэгтэй хэмээн мөнгө нэхэж суух. Гэвч тухайн салбарт оруулж ирж үйлчилгээнд явуулж буй нийтийн тээврийн том оврын автобусны насжилтад огт анхаардаггүй нь харамсалтай. Тиймээс БНСУ-д “тэтгэвэртээ гарсан”, тухайн салбартаа ашиглахаа больсон автобуснуудын үйлдвэрлэсэн оныг нь хилийн гадна өөрчилчихөөд оруулж ирж байхад гаалийнхан ч, холбогдох бусад байгууллагынхан ч мэдээгүй царайлж сууна. Тэдний ийм мэдэн будилсан байдлаас болж олон хүний амь хохирвол хэн хариуцлага хүлээх вэ. Тэгэхээр нийтийн тээврийн салбарт төрийн хатуу хяналт, бас дэмжлэг хэрэгтэй байна.
СОЛОНГОС ЖУУЛЧДЫН СУУЖ ЯВСАН АВТОБУС ОСОЛДОЖ, БУЦАХ ЗАМДАА ШАТСАН ШАЛТГААН ЮУ БАЙВ
Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ар Гүнтийн замд Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчдын сууж явсан том оврын автобус гэнэт тоормосгүй болж осолдон, долоон хүний амь үрэгдсэн билээ. Яагаад гэнэт тоормосгүй болсон нь хачирхалтай. Жолооч мэдлэг, ур чадвар дутсан уу, эсвэл автобусны техникийн байдал доголдсон уу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан тогтоох биз.
Үүнтэй адилаар нийтийн тээврийн автобус хотын төвд ч, орон нутгийн замд ч осолдож, олон хүний амь, эрүүл мэндийг хохироож болзошгүй байна. Яагаад гэхээр дээр өгүүлсэнчлэн эх орондоо “тэтгэвэрт гарсан” автобуснуудыг манайхан хямд үнээр оруулж ирэхдээ оныг нь засуулж, бичиг баримт бүрдүүлэн, татвараас зайлсхийдэг. БНСУ-д ашиглалтаас гарахад 1-2 жил дутуу байгаа автобусыг манайхан оруулж ирэхдээ оныг нь зассанаар даруй 7-10 жил илүү ашиглах боломжтой болдог гэсэн үг.
Сар гаруйн өмнө дөө. АТҮТ-ийн гадна нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар жагсаж, тус төвөөс баримталж буй бодлогыг эсэргүүцэж байсан. АТҮТ-өөс “Насжилт нь дууссан болон оныг нь зассан байж болзошгүй автобуснуудыг үйлчилгээнд явуулахгүй” гэсэн шаардлага тавьсан аж. Гэтэл жолооч нар нь “Бид он зассаныг нь мэдэхгүй худалдаж авсан” хэмээн эсэргүүцэл илэрхийлсэн юм.
АТҮТ-өөс баримталж буй бодлого бол яалт ч үгүй зөв. Үйлчлүүлэгчдийн эрх ашгийг бодолцож он зассан, насжилт нь дууссан автобусыг шахаж байгаа юм билээ. Яагаад ийм арга хэмжээ авсан гэхээр хот дотор, хот хооронд ялгаагүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй автобуснууд дээрх байдлаар гэнэт тоормосгүй болсноос онхолдох, шатах гээд осол, хэрэгт ороод байгаатай холбоотой.
Нэгэн баримтыг эш татъя. Улаанбаатараас Өвөрхангайн Элсэн тасархай чиглэлд энэ оны долдугаар сарын эхээр БНСУ-ын жуулчдыг тээвэрлэж явсан, нэгэн компанийн автобус Төв аймгийн Эрдэнэсант, Лүн, Өндөрширээт сумын ойролцоо осолдсон байна. Замын ухсан хэсгийг тойрч гарах гэж байгаад тээврийн хэрэгслээ зогсоож чадалгүй хажуу руу нь оржээ.
Тэр автобусанд Өмнөд Солонгосын 27 жуулчин, манай улсын гурван иргэн зорчиж явсан аж. Ослын улмаас нэг зорчигч хүнд гэмтэж, таван хүний хөл, гар хугарчээ. Ослын дараа жуулчдыг хотоос унаа очиж авсан бөгөөд өнөөх автобусны жолооч нь тээврийн хэрэгслээ жолоодон тавхан км/цагийн хурдтайгаар хот руу буцан гэлдэрч явтал барабан нь халж, моторын хэсгээсээ гэнэт шатсан байх юм. Хэрэв эл автобус замын ухсан нүхийг тойрч гарах гээд осолдож зогсоогүй бол цаашаа явж байгаад олон жуулчин суулгасан хэвээрээ шатсан бол яах вэ.
Эх сурвалжуудын үзэж буйгаар энэ автобусны эдэлгээний хугацаа дууссан байж болзошгүй. Оныг нь залуужуулж Монгол Улсын хилээр оруулж ирсэн байх магадлалтай гэнэ. Харин үүнийг баталж, нотлох боломж хомс. Орон нутгийн замд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан тохиолдол ганц энэ биш. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Ховдоос БНХАУ-ын Шинжаан, Уйгарын өөртөө засах орны Такашикен тосгоны хооронд 25 зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус Ховд аймгийн Булган сумын нутагт шатсан байна. Зорчигчид моторын хэсэгт ямар нэг зүйл шатаж буй талаар хэлснээр жолооч зогсож бүх хүнээ буулгажээ. Харин автобусны 90 хувь нь шатсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээлсэн. Үүний өмнөх өдөр Өвөрхангайн Арвайхээр сумаас 20 гаруй км зайд мөн л том оврын автобус шатсан байна. Цахилгааны богино холболт үүссэний улмаас ийнхүү галд өртсөн гэх. Энэ бүгд насжилт нь дууссан том оврын автобуснуудын оныг засаж Монголд оруулж ирснээс болж буй гэх хардлага бий. Юутай ч “хөгширсөн” автобуснууд арчилгаа тордлого аваад ч орон нутгийн замд ачаалал даахгүй дуусаж байгаа нь энэ бололтой.
АВТОБУСНЫ ОНЫГ ЗАЛУУЖУУЛСНЫГ ХАРААД МЭДДЭГГҮЙ ГЭВ ҮҮ
Үйлдвэрлэснээс хойш 12 жилээс дээш хугацаагаар ашиглаж буй нийтийн тээврийн хэрэгслийг үйлчилгээнд явуулахыг манай улс хориглодог. Харин БНСУ болон өмнөд хөршид найман жилээс дээш насжилттай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулдаггүй юм гэсэн. Гэтэл манайхан үйлдвэрлэсэн оныг илэрхийлэх арлын дугаарын үсэг, тоог нь өөрчлөөд оруулж ирэн үйлчилгээнд явуулж байна. Тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг дэлхийд алдартай компаниуд үйлдвэрээс гарч буй автомашинууддаа дахин давтагдашгүй сери, дугаар олгодог. Түүнийгээ тухайн тээврийн хэрэгслийн арал дээр нь цохиж тэмдэглэдгийг манай жолооч нар бүгд мэднэ. Түүнийг нь өөрчилж, оныг нь залуужуулж байгаа зөрчил нэлээд гарч буйг АТҮТ-ийн мэргэжилтнүүд өгүүлж байгаа. Тухайлбал, тус төвийн хэлтсийн дарга М.Эрдэнэдалай “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Нийтийн тээврийн хэрэгслийг жилд дөрвөн удаа үзлэг, оношилгоонд оруулдаг. Гэтэл сүүлийн үед арлын дугаарыг нь өөрчлөх зөрчил нэлээд гарч байна. Жишээлбэл, арлын дугаарын 10 дахь орныг арилгаад өөр тоо, үсэг бичих, эсвэл чагтлах зэрэг зөрчил гарах боллоо. 2005 оны автобусыг 2008 онд үйлдвэрлэсэн болгох, 2008 оныхыг 2010, 2011 онд үйлдвэрээс гаргасан мэтээр өөрчлөх явдал гарч байгаа” хэмээн өгүүлсэн.
Ийнхүү арлын дугаарыг нь өөрчлөн оныг нь залуужуулсан ч, тоормосны систем, моторын эд ангид элэгдэл хорогдол үүсэж, осол гарах, шатах, их хэмжээний утаа тортог ялгаруулах үндэс болж буй гэсэн.
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч зарим компанийн төлөөлөл автобусны оныг засдаг явдлыг хүлээн зөвшөөрч байгаа. “Хэдэн жилийн өмнөөс л ийм асуудал яригдаж, нэг бус удаа хэвлэлээр эрэн сурвалжилсан нийтлэл гарч байсан ч оныг нь зассан, хуурамч гүйцэтгэлээр төсвөөс татаас авдаг аж ахуйн нэгжүүд үүнийгээ болиогүй. Бид хувь хүнээс автобусаа худалдаж авахдаа гаалийн бичгийг нь үндэслэж л тухайн ондоо үйлдвэрлэсэн гэж ойлгодог. Арлын дугаарыг нь хараад бид хэдэн онд үйлдвэрлэснийг нь, түүнийг нь өөрчилснийг нь мэддэггүй. Тэр бичгийг нь аваад АТҮТ-д хандахад оношилж, тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгодог шүү дээ. Тэгэхээр оношилгоо хийж буй байгууллага болох АТҮТ ч, гаалийнхны ч хараа хяналт сул, магадгүй авлига, хээл хахууль цаана нь явж байхыг үгүйсгэхгүй” хэмээн ярих хүнтэй таарсан.
Гаалийнхан “Харин ийм мэдээлэл олон нийтийн сүлжээнд ч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе үе гардаг. Монголд оруулж ирсэн хойноо арлын дугаарыг нь өөрчлөх ямар ч боломжгүй. Харин хилийн цаана нийтийн тээврийн том оврын автобуснуудын арлын дугаарыг өөрчилж, оныг нь засдаг байж болзошгүй байгаа. Гэхдээ бид арлын дугаарыг нь өөрчилснийг хараад мэдэх боломжгүй, тухайн үйлдвэрлэгчээс нь лавлагаа авч байж л өөрчилсөн, эсэхийг хэлж болно” гэж буй. Тэгвэл АТҮТ-ийнхөн он зассан байж болзошгүй, Улаанбаатар хотын болон орон нутгийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын арлын дугаарын лавлагааг БНСУ-ын “Хьюндай”, “Киа” зэрэг үйлдвэрүүдээс авахаар хандаад байгаа юм билээ. Хэрэв арлын дугаарыг нь өөрчилсөн тээврийн хэрэгслүүд үйлчилгээнд явуулж, төсвөөс их хэмжээний татаас авсан нь тодорхой болбол хууль сахиулах байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх бодлого барьж буй сурагтай.
СУРГУУЛИЙН АВТОБУСНУУДЫН ОНЫГ ЗАССАН ТОХИОЛДОЛ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сурагчдын автобусаар тээвэрлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл тэр дунд нь оныг нь засаж, арлын дугаарыг нь өөрчилж залуужуулсан автобуснууд явж буй гэх. Олон нийтийн сүлжээнд нэг бус хүн энэ талаар бичсэн байх юм. Тухайлбал, Bmg Bayar гэх хаягтай хүн “Сургуулийн хүүхэд тээвэрлүүлж, санхүүжилт олгохын тулд БНСУ-д 2009 онд үйлдвэрлэсэн боловч 2014 онд үйлдвэрлэсэн болгож өөрчилсөн, Монголд 2017 онд импортоор орж ирсэн шинэвтэр гэх автобус явуулах нэрээр “Эрдэм транс” ХХК-ийг хотын удирдлага лоббидож байна. Хүүхдийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулж, ажил хийж байгаа дүр эсгэж шоудахаа зогсоо” хэмээн бичсэн байв. Тэгвэл зураг дээр буй сурагчдын энэ автобусны арлын дугаарыг өөрчилж, 2008 онд үйлдвэрлэсэн автобусыг 2015 оных болгож зассан нь үүний баталгаа гэлтэй. Үүнд гааль, АТҮТ-ийнхөн хяналт дутуу тавьснаас улсын дугаар олгочихоод байгаа юм.
Сургуулийн автобуснаас гадна нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч нэг томоохон аж ахуйн нэгжийн ашиглаж буй автобусны 100 гаруй нь арлын дугаарыг өөрчилж оныг нь залуужуулсан байж болзошгүй гэх мэдээлэл ч бий. Хэдэн жилийн өмнө манай АТҮТ, цагдаагийн байгууллагынхан “Хьюндай моторс”, “Киа моторс” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Хьюндай моторс Монгол” компаниар дамжуулан автобус үйлдвэрлэгчдээс лавлагаа авахад манай улсад хөдөлгөөнд оролцож байсан 134 нийтийн тээврийн хэрэгслийн 33 нь 1999-2002 оны хооронд үйлдвэрлэсэн, бусад нь түүнээс өмнө ашиглаж ирсэн болох нь тогтоогдсон байдаг.
Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр монголчуудынхаа амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж эдэлгээний хугацаа нь дууссан автобусаар үйлчилж буй, түүнийг оруулж ирдэг, оныг нь залуужуулж өгдөг гэмт бүлэглэлийг илрүүлэхэд амархан л баймаар. Гэвч үүнийг илрүүлж таслан зогсоох хүсэл эрмэлзэл холбогдох байгууллагынханд үгүй бололтой. Уг нь холбогдох байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулж, өдгөө үйлчилгээнд явж буй автобуснуудыг бүгдийг нь нарийн хяналт дор АТҮТ-ийн оношилгоонд оруулж, арлын дугаар өөрчилж, оныг нь зассан нь тодорхой болбол үйлчилгээнээс хасчихвал иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хангах байлтай. Түүнчлэн БНСУ, БНХАУ-ын холбогдох байгууллагатай хамтран олон улс дамжсан энэ ноцтой гэмт хэргийг үйлдэгчид, тэдний гар хөл бологсдыг илрүүлэх боломж байх юм. Харамсалтай нь эдгээр ажлыг хийх хүсэл сонирхолтой хүн алга бололтой, нийтийн тээврийн салбарт ч, хотын удирдах албан тушаалтан дотор ч.
Бэлтгэсэн: Г.Равжаа