Баянхонгор аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрийн ажилчид хордсон тохиолдол өнгөрсөн баасан гаргийн 09.30 цагийн орчимд гарчээ. Яаралтай тусламжийн баг газар дээр нь очиход үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдаж, 40 хүн хордсон байжээ. Ажилчдыг нэн даруй эмнэлэгт хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэгт хамруулсан аж. Түүнчлэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан “Мах март” үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, хяналт шалгалт явуулжээ. Агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 хэмээх бодис алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан гэнэ. Мэргэжлийн хяналтын, Цагдаагийн, Онцгой байдлын газрынхан хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээ үргэлжлүүлэн хийж буй юм байна. Одоогоор хүндэвтэр хордсон хоёр ажилчин аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт, бас нэг хүн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс гадна зургаан хүн гэрээр эмчилгээ хийлгэж буй бөгөөд бусад ажилчны бие сайжирчээ.
Бэлтгэсэн: М.Оч