Бэлгийн дарамтын талаар цагдаад гомдол гаргасан 19 настай Нусрат Жахан Рафийг хөнөөсөн 16 хүнийг Бангладешийн шүүх цаазаар авах ял оноов. Эл хэрэгт Нусрат Жахан Рафигийн сурч байсан сургуулийн захирал, багш нар, хамт суралцдаг охид болон эрх баригчид "Авами Лиг" намын орон нутгийн салбарын хоёр удирдагч буруутай болохыг шүүх хурлаас тогтоожээ. Нусрат охин нь энэ оны гуравдугаар сард сургуулийнх нь захирал өрөөндөө дуудан бэлгийн дарамт учруулсан тухай хуулийн байгууллагад гомдол гаргасан аж. Цагдаа нар гомдлын дагуу захирлыг баривчилсны дараа удалгүй оюутан охиныг гомдлоо буцааж авахыг шаардсан сүрдүүлэг, дарамт шахалт ирэх болжээ. Дөрөвдүгээр сарын 6-нд Нусратын сургуульд ирэхэд нь хамт сурдаг хоёр охин сургуулийн байрны дээвэр руу худал хэлэн дагуулж гарчээ. Тэнд нүүр биеэ битүү халхалсан хүмүүс охиныг бүслэн цагдаад гаргасан гомдлоо буцааж авахыг шаардсан байна. Нусратыг татгалзахад бүсгүй руу керосин асгаж байгаад шатаажээ. Оюутан охин золоор зугтан гэртээ ирж чадсан ч биеийнх нь 80 хувь нь түлэгдсэнээс болоод дөрөв хоногийн дараа нас барсан байна. Тэрээр нас барахаас өмнө дүрс бичлэгээр болсон зүйлийн талаар ярьж амжжээ. "Захирал намайг зүй бусаар оролдсон. Ийм төрлийн гэмт хэрэгтэй би эцсийн амьсгалаа хураатал тэмцэх болно" гэж тэр зоригт бүсгүй хэлээд гэмт хэрэгтнүүдийг нэрлэжээ. Нусратын мэдэгдлийн дараа баривчлагдсан захирал оюутан бүсгүйг алах тушаалыг шоронгоос өгсөн гэж цагдаа нар дүгнэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн хэд хэдэн ажилтнууд гэмт этгээдүүдтэй хуйвалдан Нусратыг алаагүй харин амиа хорлосон гэсэн худал мэдээлэл тараасан нь илэрчээ. Гэвч тэдгээр цагдаа нар шүүхээр ороогүй байна. Бангладешийн нийслэл хотоос 160 км зайд орших Фени гэх жижигхэн хотод гарсан энэ аймшигт аллага улс орныг бүхэлд нь цочирдуулсан бөгөөд шударга шүүхийг шаардсан жагсаал цуглаан Бангладеш даяар зохиогдох болсон байна. Бангладешт бэлгийн хүчирхийлэл, дарамт учруулах зэрэг нь хэнийг ч гайхшруулдаггүй. ActionAid хүний эрхийн байгууллагын мэдээлснээр улсын эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг хувцас үйлдвэрлэлд ажиллаж буй эмэгтэйчүүдийн 80 хувь нь ажил дээрээ бэлгийн дарамт, хүчирхийллийг амсдаг гэнэ. Гэсэн хэдий ч энэ талаар олонд дэлгэж ярихыг лалын оронд хүлээн зөвшөөрөгдөхгүй. Учир нь энэ зүгээр л аюултай юм. Тиймээс иймэрхүү хэргийн шүүх ажиллагаа хэдэн жилээр үргэлжилдэг аж. Харин Нусратын үйлдэл үнэхээр ер бусын байв. Тэрбээр цагдаа очиж гомдол гаргасан. Цагдаа нар түүнийг мэдүүлгийг гар утсан дээрээ бичиж авч улмаар бичлэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Нусратын аллага олны уур бухимдлыг хүргэснээр шүүх ажиллагаа маш түргэн явагдсан аж. Одоогоор Нусратын гэр бүл цагдаагийн хамгаалалтад байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.