ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товложээ. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь болон Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр, хүргэн ах Г.Түмэнхүү, “Говь повер” компанийн төлөөлөгч Д.Баярмаа нарын хамт эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулсан хэмээн шалгаж, 2017 онд шүүхээр гэм буруутай гэж ял шийтгэл ногдуулж байсан юм. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт Г.Дэнзэн эхнэр Г.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг Д.Баярмаагийн нэрээр оролцуулан ялуулсан. Ингэхдээ Я.Батсуурьт Тендерийн үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх үүрэг өгч, хүргэн ах Г.Түмэнхүүг оруулсан. “Говь повер”-ыг ялуулсныхаа дараа 17.5 тэрбумын урьдчилгаа болгож 700 сая төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлүүлэх тушаал Я.Батсууриар гаргуулсан. “Говь повер”-ыг төлөөлөн оролцсон Д.Баярмаатай хамтран “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийн ажлыг гүйцэтгэхээ больсноос 5.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан” хэмээн шүүхэд гомдол гаргаж, тус компанийн Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр “Говь повер”-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасаад 4.8 тэрбум төгрөг шилжүүлэх тухай эвлэрлийн гэрээ
байгуулж, шилжүүлсэн үйлдэлд гэм буруутай гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн билээ. Улмаар Г.Дэнзэн, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарт таван жил зургаан сар, Я.Батсуурь, Д.Баярмаа нарт таван жил нэг сар хорих ял ногдуулсан. Тэдний ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан Г.Дэнзэнг гурван жил зургаан сар, Я.Батсуурийг хоёр жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон бол Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр нарыг тэнсэн харгалзах, Г.Дэнзэнгээс 137.1 сая төгрөг гаргуулж Сангийн яаманд, Г.Дэнзэн, Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д олгох шийтгэх тогтоол баталсан юм. Гэвч дээрх хэргийн холбогдогчид Улсын дээд шүүх хүртэл заргалдаж, Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар тэдний гомдлыг 2017 оны аравдугаар сарын 13-нд хянаад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хохирлын хэмжээг нарийвчлан гаргаагүй хэмээн үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсний дараа ийнхүү шүүхэд шилжүүлсэн юм байна. Гэхдээ Г.Дэнзэн гэм буруутай, эсэхээ шүүхээр тогтоолгоно, гэмт хэрэг үйлдээгүй хэмээсний дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, бусад холбогдогч нь гэм буруугүй гэж маргахгүй хэмээсэн учир хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа