Хүнсний үйлдвэрлэл, тэр дундаа өндөг, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг АТГ-ынхан энэ сарын эхээр саатуулан шалгаж эхэлсэн талаар бид тухайн үед мэдээлсэн билээ.
Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн, эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд шалгах явцдаа ийнхүү түүнийг саатуулсан байдаг. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, НВЦ компанийн боловсруулсан бүтээн байгуулалтын төслийг шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй нь холбогдуулан тус компанийн захирал Ц.Баатарбилэгийг цагдан хорьсон хэмээн эх сурвалжууд тухайн үед мэдээлж байв. Тэгвэл зөвхөн дээрх хэргээр тогтохгүй бусдад хахууль өгсөн байж болзошгүй үйлдэлд ч холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирлээ. Нэг бус хүнд хахууль өгсөн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 48 цаг саатуулсны дараа батлан даалтад гаргасан юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа