Энэ жилийн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс хоёр нь сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг Баяр наадам зохион байгуулах хорооноос өгсөн нь олны анхааралд байгаа билээ. Ер нь өмнөх жилүүдэд ч сэргээш хэрэглэсэн гэх тохиолдол цөөнгүй гарсан. Отгон аварга өөрийг нь сэргээш хэрэглэсэн гэх мэдээллийг эрс няцааж, Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрийг эсэргүүцэн, шалгуулах хүсэлтээ хууль, хяналтын байгууллагад өгөөд буй. Үүнээс улбаалан хуулийн байгууллагынхан сэргээштэй холбоотой асуудлыг нягталж эхэлсэн гэнэ. Энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад сэргээштэй холбоотойгоор нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэснийг нуусангүй.
Тодруулбал, улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан зарим албан тушаалтныг шалгаж эхэлжээ. Тэднийг шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар сольж, олон нийтэд худал мэдээлэл тарааж, албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэмээн үзсэн байна. 2009-2019 онд шөвгөрсөн 192 бөх бий. Давхцлыг нь арилгавал 109 бөх болно. Дэлхийн допингийн эсрэг төвийн Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторид хадгалж буй сорьцуудыг дээрх 109 хүнийхтэй таарч байна уу гэдгийг дахин нягтлахаар болжээ.
Бэлтгэсэн: Д.Мягмар