Олны дунд “60 тэрбум”-ын гэх тодотголтой болсон, нийслэлийн ИТХ-ын дарга, нийслэлийн МАН-ын даргын албан тушаал хашиж байсан Ц.Сандуй, “Их Монгол хаад” компанийн захирал А.Ганбаатар нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурал өчигдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байв. Гэвч шүүгч энэ сарын 31-нийг хүртэл хойшлуулах захирамж гаргалаа. Учир нь шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар “Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралд оролцож буй тул үйлчлүүлэгч А.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм. Уг нь шүүх хуралд гэрч Г.Доржзодов өмгөөлөгч Г.Баасангийн хамт ирсэн бөгөөд энэ үеэр тэрбээр “Шүүх хуралд гэрчээр оролцох мэдэгдэл өнгөрсөн баасан гарагт надад ирүүлсэн. Түүний дагуу гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирлээ. А.Ганбаатар 2017 оны наймдугаар сарын 17-нд хэвлэлийн бага хурал хийхдээ нэр төрд минь халдсан гэдэг үндэслэлээр би шүүхэд нэхэмжлэл гаргасныг ирэх сарын 5-нд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэнэ. Наана нь янз бүрийн юм урьдчилж ярих шаардлагагүй. Шүүх шударга шүүгээсэй гэж бодож байна” гэлээ.
НПГ-аас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт 2002 оны Эрүүгийн 82.1 дэх хэсэгт заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Харин шүүгдэгч А.Ганбаатар “Хүний бэлдэж ирсэн зүйлийг сонсож, дарга нартаа үзүүлснийхээ төлөө ял сонсмооргүй байна. Энэ бол хэрэг биш. Тиймээс намайг яллаж байгаа зүйлчлэлтэй санал нийлэхгүй. Шударга шүүх нь шийдэх байлгүй. Бидний хоорондоо ярьсан зүйлийг л эвлүүлсэн байна билээ” гэсэн тайлбар өгөв.
Бэлтгэсэн: Г.Равжаа