Манай орон тал хээр, говь, хангай, уулс хосолсон байгалийн үзэсгэлэнт тогтоцтой. Монгол орны нэгээхэн хэсгийг эзлэн орших говьд уул хад, ургамал, ан амьтан гээд байхгүй зүйл гэж үгүй. Улаанбаатараас 540, Өмнөговь аймгийн төвөөс 100 километр зайд Цогтцэций сумын нутагт орших ойгоос энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэлээ. Чулуун нүүрс, гөлтгөнө, галд тэсвэртэй шавар, алт, зэс, хужир гээд байгалийн баялаг ихтэй тус сумд “Тавантолгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг компанийнхан ашигт малтмал олборлож, тээвэрлэдэг. Бусад компанидаа жишиг болж “Энержи ресурс”-ийнхэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цөлжилтийг бууруулах, газар тариаланг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 онд байгуулсан “Ойн зурвас” өдгөө 1200 гаруй модтой болжээ. Салхинаас хамгаалах зорилготой тус зурвас 23 га-г эзэлдэг. Дөрвөн хэсэгт хувааж, тус бүрт 12 эгнээ болгож сухай, жигд, хайлаас, улиас тарьжээ. Тарьсан модны 80 хувь ургавал амжилттай гэж үздэг. Тэгвэл эл зурваст тарьсан модны 85 хувь нь ургасан байна.
Говийн ганц ойд биднийг очиход (есдүгээр сарын 7-нд) салхитай, сэрүүхэн байлаа. Тойруулж тарьсан модон дунд хэсэг хүн ногоо хурааж байх нь харагдав. Сумын иргэд болон шилжин суурьшсан ажиллагсдын гэр бүлд газар тариалан эрхэлж, өрхийн бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоо тарих газар олгодог. Ногоо тарих баруун, зүүн гэсэн хэсэгтэй. Бид ногоо тарих баруун талбайд ирсэн юм. Энэ жил иргэн, аж ахуйн 45 нэгж ногоо тарьжээ. Иргэдээс гадна, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд албан байгууллагууд өөрсдийн хэрэглээний ногоогоо тарьдаг аж.
2014 онд “Ойн зурвас”-т газар тариалан эрхлэх зөвшөөрөл олгосон ба эхний хоёр жил 60 гаруй өрх хамрагдсан ч сумын төвд ажилтай, ногоо тарих анхан шатны мэдлэггүй иргэд дараа жилээс нь талбайд гараагүй байна.Тариалангийн талбайн найман га газарт усалгааны систем суурилуулж 24 тоннын багтаамжтай, ус нөөцлөх хоёр сав суулгажээ. Бүх мод, хүнсний ногоог дуслын системээр усалдаг тул нөөцлөх сав зайлшгүй шаардлагатай.
Салхи ихтэй энэ өдөр тариалангийн талбайд зургаан хүн төмс хурааж байсны хоёр нь хүүхэд. Цогтцэций сумын нэгдүгээр багийн иргэн С.Сайнтуяа хүү, хоёр зээгийн хамт ургацаа хурааж буй нь энэ. Тэднийх энд байх талбайгаас гадна сумын төвд хашаандаа ногоо тарьдаг. Хашаан дахь ногоогоо хураах гэж багагүй хугацаа зарцуулсан тул “Ойн зурвас”-ын баруун талбай дахь ургацаа хожуу хурааж байгаа аж. Түүнтэй хамт сүүлийн гурван жил ногоо тарьж буй найзыг нь С.Түмэнцэцэг гэдэг. Сумын аварга ногоочин, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн иргэн энэ эмэгтэй “Ойн зурвас”-т ам сайтай байлаа. Тэрбээр “Би зөвшөөрөл олгосноос нь хойш ногоо тарьж байна. Энэ талбайд багагүй хугацаанд ажилласан тул шинээр ирж буй гэр бүл, хувь хүмүүст ногоо тарих анхан шатны мэдлэг олгож, ногоочдоо хариуцан ажилладаг.
Лууван, төмс, байцай, хулуу, тарвас гээд 12 төрлийн хүнсний ногоо тарьдаг. Элдэв бордоо хэрэглэдэггүй тул бидний ургуулсан ногоо экологийн цэвэр бүтээгдэхүүн. Тарих газар болон усалгаа нь үнэ төлбөргүй учраас олсон орлого маань бидний амьжиргаанд хангалттай хүрдэг. Жишээлбэл, 2017 онд дөрвөн га талбайд 60 гаруй өрх ногоо тарьж, 18 нэр, төрлийн 13.8 тонн төмс, хүнсний ногоо хураан авсан. Ногоо тариалсан иргэдийн дунд жил бүр “Ургацын баяр” зохион байгуулдаг. 2014 онд уг баярт оролцож, хүнсний ногоогоо худалдсан 21 иргэн 3 610 000 төгрөгийн ашиг олсон байсан. Газар, усаа үнэгүй хэрэглүүлэхээс гадна өөр олон зүйлээр биднийг дэмжин ажилладаг. Хүлэмж авах хүсэлтэй ногоочдод “Энержи ресурс” компанийнхан хүүгүй зээл олгож байна. Хуурай, сэрүүн уур амьсгалтай манай сумд хүлэмж их хэрэгтэй” гэлээ.
Иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор усалгааны системийг шинэчилж, харуул хамгаалалт гаргаснаас гадна мал, амьтан орохоос сэргийлэн 1300 метр хашаа барьж өгчээ. Тус газрын хамгаалагч Г.Баттулга 11 жилийн турш “Энержи ресурс” компанид ажилласан бөгөөд сүүлийн найман жил “Ойн зурвас”-ын хамгаалагч хийж байна. Бидний танил болсон сумын аварга ногоочин С.Түмэнцэцэгийн нөхөр юм билээ. Тэрбээр “Энэ газар хур тунадас бага ордог боловч нэг асгарвал үер болдог. Говийн хөрс ус шингээхдээ муу. Иргэдийн тарьсан ногоог манах ёстой болов ч хоёр удаа үерт урсгаад явуулчихсан. Манай ойд мал, амьтан орж сүйтгэх нь бага. Туулай элбэг учир өвөл орж хооллохдоо зарим модны үрийг тараачихдаг. Энэ нь үрээр ургадаг моддын үржих нөхцөлийг бүрдүүлж өгч буй хэрэг. Яваандаа энэ газар хүний арчилгаа шаардахгүй, бие даасан экосистемтэй болох байх” гэсэн юм.
Энэ нь ч үнэний ортой аж. 2017 онд мэргэжлийн шувуу судлаачид тус зурваст ирж 37 зүйлийн шувуу бүртгэжээ. Мөн “Монголын Улаан ном”-д орсон Жигд буюу зэрлэг чацарганы модыг цөөн тоогоор суулгасан нь үрээр үржиж хаа сайгүй ургах болж. Дахин үржүүлэхийн тулд туршилтын талбайдаа ч суулгаж байгаа гэнэ. Энэ талаар “Энержи ресурс” компанийн байгаль орчны ажилтан Ж.Урансайхан “Цогтцэций сумын нутаг хуурай, эрс тэс уур амьсгалтай. Салхины дундаж хурд таван м/секунд байдаг. Зарим үед 34 м/секунд хүртэл хүчтэй салхилж шороогоор шуурдаг. Тиймээс манай компани салхинаас нөмөрлөх зорилгоор уг зурвасыг байгуулсан. Өдгөө салхи нөмөрлөөд зогсохгүй нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ан амьтдын амьдрах экосистемийн бүрдэл хэсэг болсон гээд олон талын ач холбогдолтой. Тиймээс цаашид мод тарьж, зурвасаа өргөжүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.
Нүүдлийн болон суурин шувуу, жижиг амьтдын амьдрах экосистем, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, хувийн бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх бизнесийн талбар гээд “Ойн зурвас”-ын ашиг тусыг тоочоод баршгүй. Говьд ой бий болгож буй “Энержи ресурс”-ийнхэн уул уурхайн бусад компанид жишиг болж, цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлэх гэнэ. Тухайлбал, сухайн төгөл болгох зорилготой юм билээ. Учир нь сухай үрээр үрждэг тул хурдан ургадаг. Тэнд амьдардаг мэрэгч амьтад хоол тэжээл олж идэхийн зэрэгцээ үрийг маш сайн тараадаг тул сухайн төгөл бий болох нь цаг хугацааны асуудал хэмээн их говийг ногооруулагчид итгэлтэй ярьж байна лээ.
Ж.Отгонтуул