Ерөнхийлөгч Х.Баттулга нийт есөн хориг тавьсан байх аж. Өнгөрсөн баасан гарагт Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авсан нь анхны тохиолдол.
МАН-ын гишүүд үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн парламентын баталсан шийдвэрт АН-аас нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авахгүй байх магадлал өндөр ч энэ удаа зөвшөөрлөө. Тэр тусмаа энэ хавар, зун, намрыг дамжуулан хэлэлцэн байж хоёрдугаар хэлэлцүүлгийг нь хийж нэгтгэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх, түүнийг батлах, эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулахтай холбоотой тогтоолд тавьсан хоригийг хүлээгээд авчихлаа. Хориг нь хууль зүйн үндэслэлгүй байна, ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй хэмээн санал нэгдэж буйгаа мэдэгдэж асан Ардын намынхан яагаад байр сууриа хамгаалж чадсангүй вэ. Уг хоригийг хүлээн авснаар ямар үр дүн дагуулах вэ.
Нэгэнт хоригийг хүлээн авсан учраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх ёстой ч МАН-ынхан зөвшилцлийг илүүд үзэж буйгаа өчигдөр илэрхийлэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар байгуулсан зөвшилцөх ажлын хэсэг хуралдаж, хориг тавьсан тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулан, ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, эсэхийг шийдэх гэнэ.
Зөвшилцөнө гэдэг нь хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд боож, цэгцэлсэн төслийг задална гэсэн үг. Тухайлбал, сөрөг хүчнийг төлөөлж гишүүн Д.Эрдэнэбат “Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг задалж ярих боломж нээгдлээ гэсэн үг. Ард нийтийн санал асуулга явуулахыг бид дэмжиж байгаа. Гэхдээ хоёрдугаар хэлэлцүүлгээр баталсан төслийн хүрээнд ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжихгүй. Анх өргөн барьсан төслийн гялайж, гялтайх заалтуудаас ч юу ч үлдээгүй. АН-ын болон Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авч тусгаагүй” хэмээн ний нуугүй ярьсан байна лээ.
ЭВИЙ ДЭЭ, ЭРХ БАРИГЧИД
Энэ бүхэн дахиад л цаг авна гэсэн үг. Зунжин зөвшилцөөд шийдэлд хүрээгүй талууд өнөө, маргаашгүй хуралдаад, ойлголцчих нь юу л бол. Ерөөс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цаг идэж, хугацаа хожих нь АН-ынхан гэхээс илүүтэй Ерөнхийлөгчийн гол зорилго байсан юм биш үү. Өнгөрсөн зургадугаар сард Д.Лүндээжанцан нарын 60 гаруй гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барих үеэс эл зорилтот ажиллагаа идэвхэжсэн гэхэд болно. Төрийн тэргүүнээсээ төслийн талаар саналыг нь аваагүй гэж баалж баалчихаад “Түр хүлээгээрэй, наадмын дараа ярилцъя” хэмээн нохой хорьсон нь үнэн. Ингээд наадам өнгөрөнгүүт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл гээчийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барьсан.
Улмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг нэгтгэн уялдуулах их ажил эхлүүлсэн. Ингэхдээ олон олон хэлэлцүүлэг зохион байгуулж, зунжин зөвшилцсөн ч Ерөнхийлөгчийн санаанд нийцээгүй. Гэтэл тэрбээр хоёрдугаар хэлэлцүүл гийн шатанд өөрийнх нь өргөн барьсан төслөөс үлдэж, тунасан заалтуудыг үл харгалзан бүх саналаа гэнэт татчихав. Тог лоомтой биш гэж үү. Ингээд зогсохгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх баталж, ард нийтийн санал асуулга явуулахаар тогтоход олон нийтээс засаглалын хэлбэрийг асуух нь зүйтэй хэмээн үймүүлээд амжсан. Эцэст нь хо риг тавьж, Ардын намынхан үнэмлэхүй олонх болсон парламент түүнийг нь хүлээж аваад буй нь энэ. УИХ-д 64-үүлээ атал ганц хүний тоглоом болж байгаа МАН-ынханд “Хохь чинь” гэж хэлье.
Та бүхэн нэгдмэл байж чадсангүй, эрх баригчид аа. Хэзээ ч эргэж үл эвлэхээр хагарчихжээ, МАН-ынхан. Сая хориг тавьсны дараа МАН-ын бүлэг хуралдаж, хүлээж авахгүй хэмээн санал нэгдсэнээ мэдэгдэж байсан ч гишүүдийнх нь ирц тун хангалтгүй байсан юм билээ. Дөнгөж ирц бүрдүүлэх хэмжээнд гишүүд бүлгийн хуралдаандаа оролцож, тэдний олонхын шийдвэрийг олон нийтэд мэдэгдэж байсан бололтой дог. Хоригийг хүлээн авсан нэгдсэн хуралдаанд гэхэд л ердөө 53 гишүүн оролцож 13 нь хүлээж авахгүй гэх санал өгсөн байгаа юм. Ийм чухал асуудлаар шийдвэр гаргах гэж байхад бүлэг, байнгын хороо, нэгдсэн хуралдааны ирц аль аль нь хангалтгүй байсан нь МАН-ынхны ашиг сонирхол аль хэдийн хайрцаглагдахаа больсны илрэл.
Үнэндээ эрх баригчид эв түнжингүй байхад эцсийн хэлэлцүүлэг хийх тухай яриад ч хэрэггүй биз. Одоо багцлаад буй төслийн заалт нэг бүрийг хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүй нь дэмжсэнээр батлах учиртай. Харин эрх баригчдын эв нэгдэл ийм боломж бий болгох уу. Эцэст нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь батлахад ч ийм босго шаардана. Үүнээс гадна гуравдугаар хэлэлцүүлгийг нэгэнт эхлүүлчихвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын ту хай хуулийн дагуу тасралтгүй хэлэлцэх горим үйлчилж эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд 2020 оны улсын төсөв, мөнгөний бодлого батлах ажил ундарна.
Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх хуулийн шаардлага нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэрэгт ихээхэн шахалт болох нь тодорхой. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хэлэлцэх үү, улсын төсвөө батлах уу гэх ацан шалаанд орно гэсэн үг. Тиймдээ ч энэ парламент 2020 оны төсвөө зориуд батлалгүй үлдээж, онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр тарах нөхцөл бүрдүүлэхээр үгсэж байгаа тухай шивэр авир хийж байна. Улмаар ээлжит сонгуулийн жил гарчихвал эл нэмэлт, өөрчлөлт даший шог болно. Үндсэн хуулийн 69.3-т зааснаар УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглодог.
АЮУЛТАЙ АРД ТҮМЭН
Нөгөө талаас Ардын намынхан байр суурьдаа бат зогсож, хоригийг хүлээж аваагүй бол ард нийтийн санал асуулгыг саадгүй явуулах байв. Өөрөөр хэлбэл, төгс, эсвэл сайн гэж шууд үнэлэх нь өрөөсгөл байж мэдэх ч хэзээнээс хүлээлт үүсгэж, улмаар дэвшилт тодорхой зохицуулалт тусгасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах эрх ард түмэнд ирэх байлаа. Гэвч өвлийн хүйтнээр ард нийтийн санал асуулга зохион байгуулбал оролцогчдын ирц хүрэх үү, цаашлаад хэдэн арван тэрбум төгрөг зарцуулан байж хийх шаардлагатай юу, тэр мөнгийг хаанаас санхүүжүүлэх вэ гэх зэрэг олон асуултаас илүүтэй “Ард түмэн мэргэн байж чадах уу” гэх эргэлзээ, болгоомжлолд эзэмдүүлснээ нуух юун.
Өдгөө жилийн хүү нь найман хувьтай байхад барьж, хүртэхгүй байгаа ипотекийн зээлийг ердөө ирэх оноос хүүгүй болгох замаар өрх бүрийг орон сууцжуулна хэмээж буй МАХН-ын мунхруулгад автаж байгаа бол ард түмнээс асуулгүй өнгөрөх нь зол ч юм уу. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээллийн түвшин, ард нийтийн санал асуулгад оролцох хандлагын талаар Олон нийтийн харилцааны стратеги, судалгааны төвөөс явуулсан судалгааны зарим үзүүлэлтийг энд тэмдэглэе. Өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн уг судалгаанд оролцогчдын бараг 80 хувь нь ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжиж байгаа ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл багатай хүмүүсийн хувьд ийм байр суурь давамгайлж буй хандлага ажиглагдсан байна. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар огт мэдээлэлгүй гэдгээ илэрхийлсэн оролцогчдын 76 хувь нь ард нийтийн санал асуулгаар батлах шаардлагатай гэжээ.
Хоригийг хүлээн авах, авахгүй байх аль ч хувилбар нь бага биш эрсдэл дагуулж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт “өөд болоход” ойрхон байна.