Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг 2017 оны намар томилоход тэрбээр эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас бүсээ чангалсан төсөв батлах шаардлагатай гэж үзэж байлаа. Тиймдээ ч дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргах, барих-шилжүүлэх хэлбэрийн концессын гэрээгээр барилга, байгууламж барьж, төсвийн зардлыг өсгөхийг зогсоосон юм. Төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулахад ч анхаарсан. Засгийн газар Олон улсын валютын сантай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. ОУВС-гийнхан ч төсвийн зардлыг зөв голдиролд нь оруулах гэж Засгийн газрыг нэлээд шахсан. Тэднийхэн төсвийн шинжтэй бүх санхүүжилтээ зогсоон, цэгцлэхийг үүрэгдсэн билээ.
Улс төрийн сонгуультай жил төсөв тэлдэг уламжлал манай улсад бий. Бүсээ чангалахыг уриалж байсан Сангийн сайд маань ч энэ уламжлалыг дагажээ. Монгол Улсын төсвийн орлого 2020 онд 11.79, зардал нь 13.87 их наяд төгрөг байх хуулийн төсөл УИХ-д өргөн барилаа. Ингэснээр төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөгт хүрэх нь. Энэ бол төсвийн зардлыг их хэмжээгээр тэлж, гадаад, дотоодын зах зээлд бонд гарган нөхөж байсан үеийнхтэй дүйх хэмжээний өндөр алдагдал. Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдал өндөр байгаа нь зардлыг тэлж буйг харуулах гол үзүүлэлт юм. УИХ ийнхүү “бүсээ сулласан” төсвийн төсөл хэлэлцэх нь. Өнгөрсөн оны төсвийн зардал 9.22 их наяд төгрөг болсон. Энэ бол УИХ-д өргөн барьсан хуулийн төслийнх биш, жилийн эцсийн гүйцэтгэлийн дүн. Ирэх жилийн төсвийг өргөн барьсан хэвээр нь баталбал 2018 оны гүйцэтгэлээс даруй дөрвөн их наяд төгрөгөөр их байх нь. Энэ оны гүйцэтгэлээс хэдэн төгрөгөөр их байх нь одоогоор тодорхойгүй байна. Баримжаагаар хоёр их наяд төгрөгөөр илүү байх болов уу.
...Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг хаах мөнгийг Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлалаас гаргах нь. Уг нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийг тогтворжуулах зорилгоор тус санг байгуулсан. Гэтэл эдийн засаг өсөж байхад төсвийн зардлын өсөлтийг хаах зорилгоор ашиглаж буй нь учир дутагдалтай юм...
Энэ жил улсын төсвийн 1.65 их наяд төгрөгийн хөрөнгөөр барилга байгууламж барих төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ. Дээрээс нь өмнөх жилүүдэд хийсэн концессын барих-шилжүүлэх төрлөөр барьсан барилга байгууламжийн гэрээний 323.5 тэрбум төгрөгийн төлбөрийг төлнө. Энэ нь нэг талаар төсвийн хөрөнгө оруулалттай агаар нэг санхүүжилт юм. Энэ онд концессын төлбөртэйгөө нийлээд, төсвийн 1.69 их наяд төгрөгөөр бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Үүнтэй харьцуулбал төсвийн хөрөнгө оруулалт ч чамгүй өссөн байгаа биз. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл сайжирсан. Татварын орлого өсөж буй. Гэвч манай улс 11.79 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж чадах уу. Төсвийн орлого төвлөрүүлэхэд ямар эрсдэл учрах вэ. Сангийн яамныхан төсвийн орлого, зарлагыг хэрхэн тооцсон бол. Алдагдлыг нь яаж санхүүжүүлэх вэ гээд олон асуулт хэлэлцүүлгийн үеэр хөвөрнө. Юутай ч Сангийн яамнаас эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж зарлаад байна.
ШИНЭЧЛЭЛД НАЙДСАН ОРЛОГО
Гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, татвар, төлбөр хураах ажлыг сайжруулснаар 2020 онд энэ жилийн төсвийн батлагдсан дүнгээс 1.8 их наяд төгрөгөөр их орлого төвлөрүүлнэ гэж Сангийн яамныхан төсөөлж байна. Тэд төсвийн орлого нийт 12.9 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцжээ. Үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 125.2, Ирээдүйн өв санд 977 тэрбум төгрөг төвлөрүүлэх гэнэ. Ингэснээр төсвийн нийт орлого 11 их наяд гаруй төгрөг болох юм байна. Уул уурхайн салбарын орлого нийт 3.2 их наяд төгрөг хүрнэ гэж төсөөлжээ. Тус салбарын орлогыг энэ оны батлагдсан төсвийнхөөс 194.5 тэрбум төгрөгөөр их байхаар тооцсон байна. Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр ирэх жилд 42 сая тонн нүүрс экспортолж, 1.5 их наяд төгрөгийн орлого олох нь. Мөн зэсийн үнэ 5991 ам.доллар байхаар тооцож, 1.2 сая тонн баяжмал экспортлон 1.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ.
Татварын нийт орлого энэ оны батлагдсан дүнгээс хоёр их наяд төгрөгөөр буюу 24 хувиар их байна гэсэн тооцоог Сангийн яамныхан хийсэн байна. Ингэснээр татварын орлого 10.6 их наяд төгрөгт хүрэх гэнэ. Аж ахуйн нэгжийн орлогын татвар 28.3 хувиар өсөж, 1.9 их наяд төгрөг болох аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг болгож өсгөхөөр тооцоолсноос шалтгаалан 914.7 тэрбум төгрөгийн хүн амын орлогын албан татвар бүрдүүлэхээр төлөвлөжээ. Нэмэгдсэн өртгийн албан татвар энэ оны батлагдсан түвшнээс 22.1 хувиар өсөж, 1.3 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон байна. Ирэх жилээс нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувийн буцаан олголтыг улирал тутамд өгөх гэнэ. Түүнчлэн онцгой албан татвараар төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж тооцжээ.
Татварын бус орлого энэ онд батлагдсан дүнгээс 51 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 1.1 их наядад хүрнэ гэж тооцсон байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулснаар нислэгийн тоо нэмэгдэнэ. Иймээс навигацын орлого 165 тэрбум төгрөгт хүрэх нь. Түүнчлэн төрийн өмчит компаниудын ногдол ашгаас улсын төсөвт 18 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.
Манай улсын эдийн засаг ашигт малтмалын үнэ ханшаас ихээхэн хамаардаг. Тиймээс дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ унах нь төсвийн орлогод байнга эрсдэл дагуулж байдаг билээ. Лондоны металлын биржид зэсийн ханш өнгөрсөн хавар 6400 орчим ам.долларт хэлбэлзэж байсан. Тэгвэл одоо 5700 ам.доллар руу “гулсаад” байна. Энэ нь төсөвт авсан зэсийн жишиг үнээс бага дүн юм. Зэсийн үнэ унасан нь төсвийн орлогыг тооцоолсны дагуу бүрдүүлэхэд эрсдэл учруулах нь дамжиггүй. Мөн нүүрсний үнэ ч өндөр хэвээр байх нь баталгаагүй аж. Австрали улсын Аж үйлдвэр, инновац, шинжлэх ухааны яамнаас БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл ирэх онд буурна гэсэн судалгааг танилцуулсан байна. Өмнөд хөршийн гангийн үйлдвэрлэл унавал манай нүүрсний үнэ хямдрах магадлалтай юм.
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН НЭМЭГДЭЛ
Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулан нэмэх нь. Нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зардлыг төсөвт нэмж тусгах гэнэ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, түлш, халаалтын зардлыг индексжүүлэн нэмэх аж. Мөн УИХ, орон нутгийн ээлжит сонгууль, хүн ам, орон сууцны тооллого, 2020 оны Токиогийн олимпод оролцох зэрэг нэг удаагийн шинжтэй зардлыг нэмж тусгах юм байна.
Төсвийн урсгал зардлын нийт өсөлтийн 63.1 хувийг цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт эзэлжээ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 300 гаруй тэрбум төгрөг зарцуулах нь. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 168 тэрбум төгрөг нэмж тусгажээ. Үүнээс тэтгэвэр нэмэхэд 150.6, тэтгэмжийнхэд 17.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Энэ удаад Засгийн газар боловсролын салбарын урсгал зардлыг нэмэхээр болжээ. “Үдийн цай” хөтөлбөр, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 50 хувиар нэмнэ гэж төлөвлөсөн байна. Мөн МСҮТ-д суралцаж буй хүүхдийн сарын тэтгэмжийг хоёр дахин нэмж, 200 мянган төгрөгт хүргэхээр болжээ. Үүнд 79 тэрбум төгрөг нэмж тусгахаар төлөвлөсөн аж. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал энэ онд батлагдсанаас чамгүй нэмэгдсэнийг дээр дурдсан. Тодруулбал, 300 орчим тэрбум төгрөгөөр нэмжээ. Сургууль, цэцэрлэг барихад нэлээд хөрөнгө төсөвлөсөн байна лээ. Тэгэхээр 2020 оны төсвийн зардлын өсөлт нийгмийн хамгаалал руу чиглэжээ гэж дүгнэж болно. Улс төрийн сонгууль болох жил эрх баригчид сонгогчдоос “оноо” авахын тулд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмдэг, нийгмийн хамгааллын бусад зардлыг өсгөдөг нь тогтсон заншил болсныг ирэх жилийн төсвийн төсөл дахин харуулав.
БОНД ГАРГАХГҮЙ
Төсвийн зардлаа тэлж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжээ нэмэх нь сайн хэрэг. Гэхдээ төсвийн алдагдал өндөр байх нь муу. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өр тавьдаг учраас тэр. Сангийн яамныхан нэмж бонд гаргахгүйгээр төсвийн алдагдлыг нөхнө гэж тооцоолжээ. Төсвийн алдагдлын 1.29 их наяд нь эх үүсвэртэй алдагдал гэнэ. Гадаадын байгууллагаас зээлэхээр тохиролцсон мөнгө нь ийм хэмжээнд хүрээд байгаа аж. Тэгвэл Төсвийн тогтворжуулалтын сангаас 478.8 тэрбум төгрөг төсөв рүү татах төсөл санаачилсан байна. Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийн өсөлтийг хаах мөнгийг Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлалаас гаргах нь. Уг нь эдийн засгийн хүндрэлтэй үед төсвийг тогтворжуулах зорилгоор тус санг байгуулсан. Гэтэл эдийн засаг өсөж байхад төсвийн зардлын өсөлтийг хаах зорилгоор ашиглаж буй нь учир дутагдалтай юм. Засгийн газрын өр өнгөрсөн оны эцэст 22.4 их наяд төгрөг болж, өнөөгийн үнэ цэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний 58 хувьтай тэнцэж байжээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний 54 хувьтай тэнцэх болсон гэнэ. Ирэх жилийн төсвийн дүр зургийг цухас шинжихэд ийм байна.