Бэлтгэсэн: Ц.Болормаа, С.Цэрэндулам
“Discover Mongolia” эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган өнгөрсөн баасан гарагт боллоо. Уг чуулган нь Монгол Улсын уул уурхайн салбарын талаарх бодит мэдээлэл авах, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хэлэлцээ өрнүүлэх боломж олгодог билээ. 17 дахь удаагийн энэхүү чуулганы нээлтийн үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Манай улсад 1990-2018 онд 23.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө орж ирснээс 17.5 тэрбум буюу 73 хувь нь уул уурхайд ногдсон нь энэ салбарын эдийн засагт эзлэх байр суурийг тод харуулж байна.
Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн 30 хүртэлх хувийг дотоод, гадаадын хөрөнгийн биржид арилжих бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай зөвшөөрлүүдийг Засгийн газар олгосон. “Эрдэнэс Тавантолгой майнинг” компани байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа. IPO хийж төвлөрүүлсэн хөрөнгийг авто болон төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр зэрэг 5.2 орчим тэрбум ам.долларын өртөг бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулж Монголоос экспортолж буй нүүрсний хэмжээ, чанарыг нэмэгдүүлэх, ОХУ, БНХАУ-ын бүс нутгийн тээвэр, ложистикийн интеграцад нэгдэх замаар Зүүн хойд Азийн улсуудад коксжих нүүрс нийлүүлэхийг зорьж байна” хэмээн өгүүлэв.
АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр “Монголын алт” компанитай хамтран “Эрдэнэс ашид”, “Бэрэн групп”-тэй хамтран “Эрдэнэс стийл” компани байгуулсан. Үүний хүрээнд Монгол Улс дахь ган төмөрлөгийн эрэлтийг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр “Эрдэнэс стийл” компани кокс, ган төмөрлөгийн цогцолборын төслийг эхлүүлээд байна” хэмээн тэмдэглэв. Уг төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталжээ. Монгол Улсад анх удаа кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ баталсан нь энэ.
Бүтээн байгуулалтын ажлыг нь 3.6 жилд хэрэгжүүлэхээр тооцсон бөгөөд уг цогцолбор жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байх гэнэ. Эрчим хүчний экспортын “Шивээ энержи” төсөл хэрэгжүүлж, Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн цахилгаанаа урд хөршид экспортлохоор зорьж буйг мөн дуулгалаа. Уг төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай гэсэн дүн гарчээ. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компани Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, алт цэвэршүүлэх, зэс хайлуулах үйлдвэрийн төсөл боловсруулан, хөрөнгө оруулагчдад танилцуулж буйг тэмдэглэсэн.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгасан аж. Үүнээс гадна нүүрсний давхаргын метан хийн судалгааг Австралийн компанитай хамтран хийсэн бөгөөд үр дүн нь эерэг гарсан, энэ талаар удахгүй мэдээ лэхээ ч П.Ганхүү ярилаа. Бас газрын ховор элементийн судалгааны нэгжийг УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” компанийн доор байгуулжээ. Энэ чиглэлээр лиценз эзэмшигчидтэй хамтран цаашид төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэх юм байна.
“Монгол Улсын эрдсийн салбарт хөрөнгө оруулах нь” үндсэн хуралдааны үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бидний амжилт, бүтээж чадах зүйлс Монгол Улсын хөгж лийг дараагийн шатанд аваачихад чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй” хэмээн онцоллоо. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр “Засгийн газрын тогтоолын дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажлыг манай компани санхүүжүүлж байгаа. Энэ дагуу “Монголын төмөр зам” компанийн үнэт цаасыг худалдан авах замаар нийт 750 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөж байна.
Цаашид Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Ханги Мандал чиглэлд авто зам барина. Үүнийг концессын гэрээгээр гүйцэтгэх бөгөөд хөрөнгө оруулалтыг нь шийдсэн, зураг төслийнх нь ажил дуусаж байгаа” гэсэн юм. Үүнээс гадна жилд 10 сая хүртэлх тонн нүүрс угаах хүчин чадалтай үйлдвэр, конвейр, усан хангамжийн систем байгуулах бөгөөд ТЭЗҮ-ийг нь боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар ажиллаж буйг дуулгалаа.
ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВӨӨРӨЛ ОЛГОХОД ХАЙНГА ХАНДДАГИЙГ САНУУЛЛАА
“Төслийн үнэлгээ хөгжлийг дэмжих нь” хурлыг даргалахынхаа өмнө Монголын уул уурхайн үндэсний ассоциацын Удирдах зөвлөлийн дарга А.Билгүүн “Монгол Улс эрдсийн салбарт тэргүүлэгч тоглогчдын нэг болох боломж нээлттэй хэвээр байгаа. Нэг үгээр хэлэхэд, эрдсийн салбар бол манай улсын эдийн засгийн гол “зэвсэг” юм. Харин энэхүү “зэвсэг” маань хамгийн сүүлийн томоохон шинэчлэлээ 2000-аад оны эхээр буюу 20 орчим жилийн өмнө хийжээ. Үүнээс хойш томоохон шинэчлэл хийж, хөрөнгө оруулалт татаж амжаагүй нь харамсалтай. Геологи хайгуулын салбар бол манай улсын экспортын, валютын урсгалын, илүү олон ажлын байр бий болгох тэргүүлэх салбараа тэлэх цорын ганц боломж юм.
Азаар Монгол Улс ашигтай байрлалд оршдог учраас бидэнд дараагийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж нээлттэй байсаар байна. Харамсалтай нь, хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар нийгэмд үүссэн буруу ойлголтоос болж хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо цөөрсөн. Өнөөгийн байдлаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо тэнцлээ. Ойрын хоёр жилийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дууссанаар хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг ойлголт манай улсад байхгүй болох нөхцөл үүсээд байна. Энэхүү онцлог салбарт эрсдэл гаргаж, зоригтой үйл ажиллагаа явуулж, “харанхуй” руу үсрэн орж чаддаг хөрөнгө оруулагчид асар сонин хувь тохиолтой хүмүүс байдаг” гэсэн юм.
Тэгвэл “Kincora copper” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Сэм Спринг “Бид Монгол дахь хоёр төслийнхөө (“Хүрэл үнэг”, “Зүүн цагаан суварга”) хайгуулын үйл ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлж байна. Үр дүнтэй байна гэдэгт итгэж байгаа. Дэлхий даяар хайгуулын төсөлд хөрөнгө оруулалт татахад бэрхшээлтэй тулгарч байна л даа. Монголын хувьд татварын орчин, хууль, эрх зүйн уялдаа, лиценз эзэмшихтэй холбоотой асуудал саад болж байгаа гэхэд болно” гэж ярилаа.
Чуулганы үеэр хөндсөн сэдвүүдийн нэг нь хөрөнгө оруулагчдын хандлага, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар байв. Аль ч улсын хөрөнгө оруулагч дунд болон урт хугацаанд өгөөжөө өгөх, харилцан ашиг хүртэх төсөлд мөнгөө зарцуулахыг эрмэлзэнэ. Ийм төсөл, хөтөлбөрт уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарыг нэрлэж болох аж. Ялангуяа үнэт металл, нүүрс, зэс бол дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч “хөшүүрэг”-ийн нэг бөгөөд хөрөнгө оруулалт татах, харилцан ашигтай хамтран ажиллах том зах зээл юм.
Гэхдээ сүүлийн гурван жилд эрдэс баялгийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулах нь багассан аж. Учир нь эл салбар өртөг өндөртэй, эрсдэл ихтэй, зардлаа нөхөх хугацаа урт байдагтай холбоотой юм байна. Мөн эрдэс баялгийн нөөц ихтэй улс орон бүр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж чадахгүй байгааг “Lion manager” компанийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап тус чуулганд зориулж илгээсэн илтгэлдээ дурдлаа. Түүнчлэн тухайн улсын хууль, эрх зүйн орчин, улс төрийн тогтвортой байдал, дэд бүтцийн хөгжил зэрэг нь хөрөнгө оруулалт татах нөхцөлийг тодор хойлдгийг ойлгох хэрэгтэй аж.
“ИРЭХ 10 ЖИЛД УЛСЫН ТӨСӨВТ 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР, ХУРААМЖ ТӨЛНӨ”
Чуулганы үеэр Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Aspire mining” компани бүтээн байгуулалтын ажлын явцаасаа танилцууллаа. Өдгөө нүүрс баяжуулах үйлдвэр барихаар ажиллаж буй бөгөөд ашиглалтад оруулснаар жилд дөрвөн сая тонн коксжих нүүрсийг урд хөрш рүү экспортлох боломж бүрдэх юм байна. Үүний тулд Овоот-Эрдэнэт чиглэлд 560 орчим км хатуу хучилттай авто зам барьж буйгаа дуулгасан. Мөн автомашины оператор, засварын техникчдийг үе шаттайгаар бэлтгэж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны инженерүүдээ АНУ-д чадавхжуулах сургалтад хамруулжээ.
“Aspire mining” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Дэвид Пол “Манай компани Монгол Улсын хойд бүсийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Уурхайн ажилчдын 90 гаруй хувийг монголчууд бүрдүүлж байгаа. Ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч компаниудад ажлын байр олныг бий болгосон. Бид баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулснаар ирэх 10 жилд улсын төсөвт 2.3 их наяд, орон нутгийнхад 280 тэрбум төгрөг оруулах боломжтой. Одоогоор бүтээн байгуулалтын ажлын явц 60 гаруй хувьтай байна” гэв.
Түүнчлэн Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene resource development”-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Петер Акерли “Алтны өндөр агуулга бүхий дүүргийг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавих үеэрээ тус компанийн эзэмшиж буй талбайд алтны өндөр агууламжтай нөөц байх боломжтой гэлээ. Тодруулбал, төслийн талбайн тонн хөрс тутамд дунджаар 2.5, зарим хэсэгт нэг тоннд 10.3 грамм алт бий гэж таамаглаж буй юм. Тус компанийнхан ашиглалтын талбайн хэмжээ, өрөмдлөгийн тоогоо ч нэмэхээр төлөвлөжээ. Тэд газрын гадаргатай ойр, ил ордуудыг бага зардлаар ашиглах боломжийг эрэлхийлж буйгаа дурдлаа.
УРД ХӨРШИЙН АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ШИНЭ БҮСЧЛЭЛ МОНГОЛД АШИГТАЙ
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарыг аварга том “уурын зуух” хэмээн ойлгож болох аж. Дэлхийн нүүрсний хэрэглээний 40 орчим хувийг ашигладаг учраас тэр. Австрали, Монгол зэрэг нүүрсний нөөц ихтэй улсын бараг бүх экспорт Хятадад ногддог. Тэгвэл урд хөршийн болон дэлхийн нүүрсний зах зээлийн ойрын 2-3 жилийн төлөвийг БНХАУ-ын “Фэнвэй эрчим хүч мэдээллийн үйлчилгээ” компанийн ерөнхийлөгч Чанг Юү Жин танилцуулав. Дэлхий нийтэд байгальд ээлтэй ногоон технологи хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах зорилгоор нүүрс олборлох, ашиглахыг хязгаарлаж буй. Энэ нь нүүрсний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тогтворгүй байлгах болжээ.
Тодруулбал, энэ оны эхний хагас жилд дэлхийд нүүрсний олборлолт болон эрэлт өссөн байна. Гэтэл хоёрдугаар хагаст эрэлт нь буурч, олборлолт гурван сарын хугацаанд 3.6 хувиар нэмэгджээ. Тэгвэл 2021 он хүртэл олборлолт тогтмол өсөх төлөвтэй бөгөөд эрэлт буурах шинжтэй гэв. Үүнээс шалтгаалж ирэх онд нүүрсний үнэ буурах магадлалтайг Чанг Юү Жин дурдлаа. Түүнчлэн Хятадын зах зээл дэх нүүрсний хэрэглээний бүсчлэл өөрчлөгдөж буйг тэмдэглэсэн. Урд хөршийнхөн нутгийнхаа төв хэсэгт байрлах гангийн болон барилга угсралтын томоохон үйлдвэрүүдээсээ хаажээ. Ингэснээр Австрали зэрэг улсаас далайн тээврээр авдаг нүүрсний хэмжээг бууруулж байгаа юм. Харин нутгийнхаа баруун болон урд хэсгийг илүү хөгжүүлэх, аж үйлдвэржүүлэх зорилго тавиад буй юм байна.
Энэ нь газар зүйн байршлын хувьд манай улстай ойр бүс рүү урд хөршийн аж үйлдвэрүүд “нүүж” эхэлж буй хэрэг бөгөөд Монголын нүүрсний экспортод эергээр нөлөөлөх нь. Мөн манай улс өндөр чанартай коксжих нүүрс олборлон, борлуулдаг тул Хятадын зах зээлд томоохон байр суурь эзлэх боломжтой гэж байлаа. Улмаар “Монгол нүүрс” гэсэн брэнд бий болгон, харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн буйгаа тэмдэглэсэн. Гэхдээ манайхаас олборлож буй нүүрсний чанар харилцан адилгүй, чанарыг нь бууруулахгүйн тулд “хар алт”-ны давхарга бүрийн олборлолтыг өөр өөр, дэвшилт технологиор хийх хэрэгтэйг санууллаа. Хэрэв урд хөрш рүү илчлэг өндөртэй коксжих нүүрс тогтмол нийлүүлж хэвшвэл тэд дэлхийн зах зээлийн ханшаас ч өндөр үнээр худалдан авах боломжтойг дурдав.
МЕТАН ХИЙ ОЛБОРЛОХ ТУРШИЛТ ХИЙХ НЬ
Манай орон нүүрсний арвин нөөцтэйн хэрээр давхарга хоорондынх нь метан хийг олборлох, ашиглах бүрэн боломжтойг мэргэжилтнүүд хэлж байна. Нүүрсний давхаргын метан хий олборлохоор Өмнөговь аймагт “Elixir energy” компани 2011 оноос үйл ажиллагаа явуулж буй. Тэд өнгөрсөн онд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан бөгөөд энэ оны эцэс, ирэх жилийн эхээр туршилтын олборлолтоо хийхээр төлөвлөжээ.
Цаашид хийг шугам хоолойгоор дамжуулан урд хөрш рүү экспортлохыг зорих гэнэ. БНХАУ нь ОХУ, Мяньмараас 3000 хүртэлх км-ийн алсаас хий импортолдог, ирэх таван жилд хэрэглээ нь 300 орчим хувиар өсөх таамаг бий аж. Энэ нь манай улсын хувьд давуу тал бөгөөд бид урд хөрш рүү богино зайд, бага зардлаар хий нийлүүлэх ихээхэн боломжтойг харуулж буй. Мөн дотоодынхоо хэрэгцээнд ч хийг ашиглан эрчим хүчний хямд, байгальд ээлтэй эх үүсвэр бүрдүүлж болохыг “Elixir energy”-гийн үйл ажиллагаа хариуцсан захирал Нейл Йонг өгүүлэв.
“ТОНН ЗЭСИЙН ҮНЭ 7000 АМ.ДОЛЛАР БОЛОХ МАГАДЛАЛТАЙ”
Сингапур дахь CRU группийн суурь металлын ерөнхий шинжээч Крэйг Ланг “Одоогоор нэг тонн зэсийн ханш 5700 орчим ам.доллар байгаа. Энэ оны эхээр дээрх тоо 6000 ам.доллар байсан. Сүүлийн саруудад АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан зэсийн үнэд нөлөөлж байна. Энэ жил зах зээлд 66 мянган тонн зэсийн хомсдол үүснэ гэж бид таамагласан. Ирэх 2-3 жилд эрэлт, нийлүүлэлт нь тогтворжиж эхлээд, 2023 оноос 200 мянган тонн зэсийн хомсдол бий болно гэж харж байна. Дараагийн 1-2 жилд тонн зэсийн үнэ 6500 ам.долларт хүрэх таамаг бий. Мөн гурван жилийн дараа энэ дүн 7000 ам.доллар болж өсөн, урт хугацаанд хэвээр хадгалагдах болов уу.
Монгол бол эрдэс баялгийн арвин нөөцтэй орон. Хайгуулын төслүүдийн үр дүн сайн байж, “Оюутолгой”-гоос гадна өөр төслүүдээс бүтээгдэхүүн олбор ловол мэдээж сайн талтай. Миний хамтран ажилладаг зарим хөрөнгө оруулагч тодорхой байдлыг эрэлхийлж байна. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин зэрэг нь тодорхой байвал хайгуулын төслүүдэд илүү мөнгө зарцуулах сонирхолтой байгаа” гэж ярилаа. Ташрамд дурдахад, энэ онд дэлхийн зэсийн хэрэглээ 0.9 хувиар өсөөд буй аж.
МАНАЙ УЛС ЦӨӨНГҮЙ ДАВУУ ТАЛТАЙ
Улс орон бүр газар зүйн өгөгдөл, байгалийн баялаг, цаг уурын онцлог зэрэгт тулгуурласан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэн, эдийн засгаа тэлж, хөгжил дэвшлээ урагшлуулахыг зорьдог. Манай улсын хувьд зэс, алт, нүүрс, өнгөт металлын өлгий нутаг. Мөн бусад эрдсийг олборлох бүрэн боломжтой. Түүнчлэн Монгол нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх газар зүй, цаг уурын таатай “хөрс” болно гэдэгтэй “Discover Mongolia” чуулганы оролцогчид санал нэгдэж байв. Ашигт малтмалын зарим томоохон орд, их хэмжээний нөөцийг дагалдан тухайн бүс нутагт өөр төрлийн эрдэс илрэх магадлал өндөр байдаг юм байна.
“Оюутолгой” зэрэг дэлхийн хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь олон улсын анхаарлыг татаж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэх боломж бүрдүүлдэг аж. Харин хууль, эрх зүйн орчин, урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах талаар учир дутагдалтай байгааг чуулганд оролцогчид дурдаж байв. Тухайлбал, одоогоор манай улсын нутаг дэвсгэрийн 4-5 хувьд уул уурхайн олборлолт явуулж буй. Бас геологи хайгуулын дунд шатны буюу 1:50 000 масштабтай судалгааг нийт нутгийн 40 хүрэхгүй хувьд хийсэн нь хангалтгүй дүн гэнэ.
Улмаар хайгуул хийх зөвшөөрлийг хязгаарласан нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн өсөлтийг сааруулж, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бууруулж байгаа гэлээ. Гэсэн ч бидэнд давуу тал олон бий гэдгийг Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан тэмдэглэсэн. Тэрбээр “Манай улс сүүлийн жилүүдэд урд, хойд хөрштэйгөө харилцаагаа шинэ шатанд хүргэн, экспорт, импортын таатай орчин бий болгох, хамтран ажиллахад нэлээд дэвшил гаргасан. Мөн гуравдагч орнуудтай сайн хөршийн харилцаа тогтоох үүднээс АНУ, Япон Улсад нийлүүлэх бараа, бүтээгдэхүүнд тарифын хөнгөлөлт эдлэх талаар тохиролцоонд хүрч байна.
Энэ нь Монголд хөрөнгө оруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортлоход аль аль талд ашиг авчрах болов уу. Үүнээс гадна бид Зүүн өмнөд Азид сэргээгдэх эрчим хүч экспортлох бүрэн боломжтой. БНСУ, Япон зэрэг эрчим хүчний өндөр хэрэглээтэй орон ногоон эрчим хүч авах сонирхолтойгоо мэдэгдсэн. Энэ нь бидэнд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэн, борлуулахад ихээхэн боломж бийг харуулж буй хэрэг. Цаашид монголчууд өөрсдийн нөөц боломж, давуу талд тулгуурлан, хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэн, аль ч салбарт, ямар ч улстай харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн” хэмээн тодотгосон.
“Discover Mongolia” чуулганы үеэр Монголын компаниудын зүгээс томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд урт хугацааны түнш шаардлагатай, дэд бүтэц сул байгаа нь бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй зэргийг тэмдэглэж байлаа. Мөн зарим хөрөнгө оруулагч хайгуулын лиценз авахад хугацаа их зарцуулж, татвар өндөр байгааг сануулсан. Монголын уул уурхайн үндэсний ассоциац, Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулсан “Discover Mongolia” чуулганд Засгийн газар, хувийн хэвшил, судлаачид болон Австрали, Канад, БНХАУ, ОХУ-ын зэрэг 10 гаруй улсын 500 орчим төлөөлөл оролцлоо. Бас 40 орчим компани үйл ажиллагаагаа таниулан, үзэсгэлэн дэлгэсэн юм.