Хойд хөршийн цөмийн судлаачдын бүтээсэн шинэ үеийн зэвсэглэл дэлхийн стратегийн тэнцвэртэй байдлыг хангах чадавхыг 10 жилээр урагшлууллаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн аж үйлдвэрийн ажилтнууддаа өчигдөр тэмдэглэсэн баярынх нь өдөр мэндчилгээ дэвшүүлэхдээ онцлон тэмдэглэжээ. Мөн НАТО болон Америкийн Агаарын цэргийн хүчний дэмжлэгтэйгээр АНУ-ын Эрчим хүчний яамны дэргэдэх Цөмийн аюулгүй байдлын үндэсний газар атомын “В61” бөмбөгийн шинэчилсэн хувилбарыг өнгөрсөн сард туршсан байна. Тодруулбал, наймдугаар сарын 21-нд “В61-12” байлдааны цэнэгт хошуу туршжээ. Цөмийн цэнэггүй бөмбөгүүдийг Невада муж улсынхаа Тонопа талбайд туршсан гэнэ. Ирэх жил атомын бөмбөгүүдийг сөнөөгч, бөмбөгдөгч “F-16” онгоцноос хаяж туршихаар төлөвлөжээ.
Сайжруулсан “B61-12” нь стратегийн тогтоон барих чадавхыг бэхжүүлнэ. Эл туршилт нь АНУ-ын Цөмийн аюулгүй байдлын үндэсний газар, Үндэсний лаборатори, Агаарын цэргийн хүчин болон НАТО-гийн нягт хамтын ажиллагааны үр дүн” гэж бригадын генерал Тай Ньюман мэдэгдсэн байна. “B61-11” бөмбөгийг 2030 он гэхэд ашиглалтаас гаргах гэнэ. Америкийн атомын “В61” бөмбөгийг шинэчлэх хөтөлбөр 9.6 тэрбум долларын өртөгтэй. “B61-12”-ыг шинэчлэх үндсэн өртөг 7.6, нийт өртөг нь 8.2 тэрбум доллар аж. Үүнд Пентагоны шинэчлэлийн 1.3 тэрбумын зардал ороогүй байна. “B61-12” бөмбөгийг ирэх жилээс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнийг илэрхий өдөөн хатгалга хэмээн ОХУ үзэж буй юм.
Ийм эгзэгтэй үед АНУ, Орос хоорондын ердийн зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөн цөмийн дайн болж даамжирвал 90 гаруй сая хүн амь үрэгдэх, гэмтэж бэртэх эрсдэлтэй гэж эрдэмтэд таамаглажээ. Принстоны их сургуулийн эрдэмтдийн үзэж буйгаар, сүүлийн хоёр жилд ийм үйл явдал болох магадлал эрс өссөн тухай Британийн “Independent” сонинд бичжээ. Тодруулбал, АНУ-ын Принстоны их сургуульд “Шинжлэх ухаан ба дэлхийн аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд явуулсан судалгаанд үндэслэсэн мөргөлдөөний зураглалаас үзвэл цөмийн томоохон мөргөлдөөн дэгдсэн эхний цагуудад 34 сая хүн амь үрэгдэж, 57 сая хүн шархадна. Үүнд цацраг идэвхт тунадасын нөлөөгөөр болон аажимдаа илрэх бусад асуудлын улмаас өвдөх хүмүүсийг тооцоогүй.
Дүрсжүүлэхэд дэлгэц дээр баллистик пуужингийн ул мөр үлдэж, дэлхийн гадаргуу цайрсан үзэгдэнэ. Дэлхий сүйрэх үйл явцын үед Орос, НАТО хоорондын дайн лавширвал Европ үнс нурам болохыг Принстоны эрдэмтэд нотолжээ. Тэдний тэмдэглэснээр, “АНУ, НАТО-гийн давшилтын хүчийг зогсоохын тулд ОХУ Калининград хотоосоо холгүй орших баазаас цөмийн анхааруулах цохилт өгнө. Үүний хариуд НАТО агаараас цөмийн тактикийн цохилт өгнө. Үүний дараа байлдааны ажиллагаа Европ дахь цөмийн тактикийн дайн болж өргөжинө. НАТО-гийн баазууд, давшилтын цэргийг устгахаар ОХУ цөмийн 300 цэнэгт хошуу бүхий ойрын тусгалтай пуужин болон нисэх онгоцоо илгээнэ. Хариуд нь НАТО пуужингийн болон цөмийн цохилт өгч, Оросын цөмийн 180 цэнэгт хошуу нөмөрнө”.
“Шинжлэх ухаан ба дэлхийн аюулгүй байдал” хөтөлбөрийн зураг
Үүний дараа талууд сөргөлдөгчийнхөө цөмийн хүчийг устгахаар олон зуун цохилт харилцан өгч эхэлнэ. Дүрс бичлэг дэх Оросын цөмийн цохилтын замыг илэрхийлсэн улаан зураасууд нь цэнхрээр илэрхийлсэн АНУ-ын цөмийн цохилтоос хэдхэн хормын дотор газраас тасарч, дайсны нутаг дэвсгэрт газрын хөрснөөс бүхнийг TODAY
арчин дэлбэрнэ. Хожим нь Вашингтон болон Москва шумбагч завинуудаасаа нэг хотод 10 хүртэл тооны пуужин тусахаар тооцож, суурин газруудад цохилт өгнө.
“Шинжлэх ухаан ба дэлхийн аюулгүй байдал” хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй эрдэмтдийн нотолсноор, дүрс бичлэгийг хүчний тархсан бодит байдал, жинхэнэ бай, учрах хохирлын бодитой үзүүлэлтэд тулгуурлан бүтээжээ. Цөмийн болзошгүй хамгийн эхний дэлбэрэлт Герман, Чехтэй залгаа хилээс холгүй орших Польшийн Вроцлав хот орчимд болно.
“Independent” сонины сэтгүүлчид Принстоны эрдэмтдээс тухайлбал, АНУ түрүүлж цөмийн цохилт өгөх хувилбарыг судалсан, эсэхийг лавлажээ. Мөн цөмийн бус дайн өдөөх боломжийг судалсан, эсэхийг сонирхсон байна.
Хөтөлбөрт оролцсон физикч Кия Миан “Эл хувилбарыг АНУ, эсвэл НАТО ОХУ-тай ердийн зэвсэг ашиглан мөргөлдөх үндсэн дээр боловсруулсан. Орос улс өнөөгийн бодлогынхоо дагуу байдлыг дэвэргэхгүй байх зорилгоор цөмийн цохилт өгөх юм. Үүнийг АНУ ойрын тусгалтай цөмийн зэвсэг бүтээж эхлэх тухай, тийм зэвсэг хэрэглэх нөхцөлүүдээ өргөжүүлснээ Д.Трампын засаг захиргаа цөмийн бодлогынхаа хүрээнд зарлахаас өмнө төлөвлөсөн” гэжээ.
Сэтгүүлчид АНУ-ын БХЯ болон Британи дахь ОХУ-ын ЭСЯ-наас тайлбар хүссэн байна. Хатан хааны батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Сэм Дудин “Independent” сонинд ярилцлага өгөхдөө “Шинжлэх ухаан ба дэлхийн аюулгүй байдал” хөтөлбөрийн эрдэмтдийн туршсан шиг мөргөлдөөн гарах нь юу л бол. 1950 оноос АНУ Оростой ердийн зэвсэглэл хэрэглэсэн дайн өдүүлэхээс зайлсхийх бодлого баримталж буй. Москва ч адил НАТО-той дайтахыг хүсэхгүй байгаа” гэв. “Европт агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах нэгдсэн систем байхгүйгээс үзвэл цөмийн шинэ бөмбөгийн хурд сэтгэгдэл төрүүлэхээр байна. Эл систем нисэх онгоц ашигласан цөмийн цохилтод хариулахад чухал үүрэг гүйцэтгэж мэдэх юм. Амь эрсдэж магадгүй хүний тоо ч бага санагдаж байна” гэж Сэм Дудин үзжээ. Тэрчлэн “цохилтод өртөж магадгүй зарим байг тодруулаагүй санагдаж байна. Франц улс цөмийн зэвсэгтэй. Британийн атомын шумбагч хөлгүүд Фаслейнаас Шотланд хүртэл байлдааны ажиллагаа явуулж буй. Үүнийг орхигдуулсан нь АНУ холбоотнуудаа үл хайхарсныг харуулж байна. Нэр томьёоны хувьд АНУ НАТО-г хэрхэн авч үздэгийг бүрэн тусгажээ. Британи НАТО-гийн ажиллагааны тухай ярьдаг болохоос тэд хамтарсан гэдэггүй. АНУ НАТО-г өөрсдөөс нь тусдаа байгууллага гэж үздэг” гэв.
Принстоны их сургуулийн физикчдийн “Шинжлэх ухаан ба дэлхийн аюулгүй байдал” хөтөлбөр цөмийн зэвсэглэлийн аюулыг дөвийлгөхгүй байхад чиглэжээ.
ЗХУ, АНУ-ын хооронд байгуулсан, Дунд болон ойрын тусгалтай пуужинг устгах гэрээгээр хүлээсэн үүргээ түр зогсоох зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны эхээр гарын үсэг зурсан. АНУ-ыг уг гэрээнээс гаргахаар тус улсын Төрийн тэргүүн Дональд Трамп шийдсэний хариуд тэрбээр ийм алхам хийсэн юм.
1987 онд байгуулсан Дунд болон ойрын тусгалтай пуужин устгах гэрээгээр 500-5500 км-т тусгалтай, газарт байрлалтай далавчит болон баллистик пуужинг үйлдвэрлэх, турших, байрлуулахыг хориглосон байдаг.