Монгол Улсын эдийн засгийн энэ болон ирэх жилийн төлөвийг шинэчилснээ Азийн хөгжлийн банк өчигдөр танилцууллаа. “Азийн хөгжлийн төлөв 2019” тайланд манай улсын эдийн засгийг энэ онд 6.7, ирэх жил 6.1 хувиар өснө гэж таамагласнаа дурджээ. Энэ оны төлөвийг өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулж байснаасаа өөрчлөлгүй хэвээр үлдээсэн бол ирэх жилийнхийг 6.3 хувь гэж тооцсоныгоо 6.1 болгон бууруулсныг тус банкны Монгол дахь дэд суурин төлөөлөгч Деклан Магий тэмдэглэсэн.
Энэ оны эхний хагас жилд эдийн засгийн өсөлтөд дотоод эрэлт нэмэгдэж, уул уурхай, барилгын салбар тэлсэн нь голлон нөлөөлснийг тайланд бичжээ. Хэдийгээр 2019, 2020 онд Монголын эдийн засгийн өсөлт эерэг төлөвтэй ч БНХАУ-ынх удааширч буй нь манай экспортод нөлөөлөх нь. Засгийн газар 2017 оноос хойших макро эдийн засгийн таатай нөхцөлийг ашиглаж чадвал тогтвортой байдлыг нь дэмжин, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалахад нөлөөтэй гэв.
Манай улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар гаднын сөрөг хүчин зүйлсээс мэдрэмтгий хэвээр байгааг санууллаа. Иймээс бодлогын “орон зай”, эдийн засгийн нөөц бүрдүүлэх боломж олгох бодлого баримтлах нь мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэхийг мөн дурдав. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбарынх чухал хэвээр хэмээн дурджээ. Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр буй бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэх аж. Эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үйлчилгээний салбарын нөлөө өндөр хэвээр байгаа агаад хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй гэнэ.
Инфляц энэ онд 8.5 хувь байх төлөвтэйг дээрх тайланд мөн тэмдэглэжээ. Тэгвэл дотоод эрэлт, хүнсний бүтээгдэхүүний үнийн нөлөө ирэх жил харьцангуй бага байх тул дээрх тоо 7.5 болж буурна хэмээн тооцсон байна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2 хувь болж багассан ч дараа онд импортын эрэлтээс шалтгаалж нэмэгдэхээр буй аж.
Деклан Магий “Бодлогын түвшинд макро эдийн засгийн сайн менежмент, иргэдэд эерэг нөлөөтэй төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, бизнесийн орчинд анхаарах нь зүйтэй” хэмээн ярилаа. Мөн тэрбээр “Экспортоо төрөлжүүлэхэд үргэлжлүүлэн, улам их анхаарах хэрэгтэй. Энэ нь ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдалд нөлөөтэй юм. Түүнчлэн худалдааны түншээ олшруулахад анхаарах ёстой. Худалдааны маргаан БНХАУ-д нөлөөлж, улмаар Монголын экспорт буурах чиг хандлага ажиглагдвал тус улстай нягт хамтран ажиллах байдлаар менежмент хийх нь зүйтэй болов уу” гэж өгүүлэв.