Их, дээд сургуулийн оюутнуудад зөв бичих дүрэм заах хүртэл ерөнхий боловсролын сургалтын чанар доройтсон гэдгийг БСШУСЯ-ныхан, сайд нь ч хүлээн зөвшөөрсөн. Манай улсын боловсролын системийн 1990-ээд оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд хүрсэн түвшин энэ. Аль ч салбарт их, дээд сургууль төгсөгчид сул дорой болсныг гайхан, “Бидний үед ийм байгаагүй” хэмээн толгой сэгсэрч буй нь олон. Туйлшруулан хоморголохгүй ч, энэ үзүүлэлт лав 80 хувьтай болов уу.
Эх хэлээрээ зөв бичих чадваргүй, хүн рүү эгцэлж хараад хэдэн үг солихоор тааруу, тэгсэн хэрнээ бусдыг аргалж, аргадах “ухаан”-д гарамгай суралцсан залуус хаа сайгүй. Суурь төлөвшил нь энэ мэт хүүхдүүд их, дээд сургуульд элсэж байгаа нь ерөнхий боловсролын сургуульд багш нар нь тэд нийг сургаж, хүмүүжүүлж чадаагүйтэй, эцэг, эх нь төдийлөн анхаардаггүй, сургууль, багш нарт бүхнийг даатгаж, үндсэндээ хүүхдээ гаргуунд нь орхидогтой холбоотой. Дунд сургуулийн багш нарт ингэж хэлэхэд “Бид өглөөнөөс орой хүртэл ажилладаг. Хүний л амьдрал, ар гэрт ажил их байна, зээл төлөх мөнгө олохын тулд хувиараа давтлага төлбөртэй өгөх, өдөр өнжүүлэх бүлэг ч болов ажиллуулах гээд борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байна. Сурагчид л болж байвал багш нар хамаагүй юу” гэх зэргээр хариулж байсан нь бий. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг зохих түвшинд сургаж чадахгүй байгааг боловсролын системийн гажуудал, доголдол, дутагдал руу чихээд, юу л болбол болог гээд орхих уу. Зах зухаас нь, илт харагдаж, мэдэгдэж буйгаас нь барьж авч чихэнд нь хонх уяж байх нь дээр санагдана.
Өнөөдөр түмний нүдэнд юу ил харагдаж байна вэ. Эхлээд ерөнхий боловсролын сургуулийн тухай ярья. Улсын сургуулиудад сурагчид гурав, гурваараа чихэлдэн сууж, ангийн 50-60 хүүхдэд хичээлийг нэг цагт багтаан заахын төлөө багш мэрийж байна. Нөгөө талд нь их өндөр төлбөртэй хувийн сургуулиудад цөөн хэдэн сурагчид төлөвлөгөөт хичээлээ багш сэлүүхэн заадаг. Дундаж төлбөртэйд нь мөн ялгаагүй нэг ангид байвал зохих тооноос олон сурагч хичээллэх болсон.
Их, дээд сургуулиудыг аваад үзье. Улсын сургуулиуд чансаа тааруу хувийнхны нэгэн адил, элсэх босго оноогоо маш доогуур тогтоож, ЭЕШ-д барагтайхан дүн авсан болгоныг даллан дуудаж оруулан төлбөрийг нь цуглуулаад авчихаж байна. Хувийн их, дээд сургуулиуд элсэгчдийг үүсгэн байгуулагчийн нэр хүнд, сургуулийн байрны хэмжээ, давхрын тоо, өнгө, үзэмж, төлбөрийн хямдаар урхидаад элсүүлчихдэг. Аль аль нь оюутнуудыг дөрвөн жил сургаж буй. Хувийн сургуульд суралцагсдын дунд бэл бэнчин гайгүй айлын хүүхдүүд байдаг бөгөөд сурч байх хугацаандаа гадаадад сурах болон ажиллахаар одох нь бий. Га даад явах боломжгүй нь эндээ байх агаад мэргэжил сайтар эзэмшиж чадаагүй тул хэр тааруу ажил хайж, дипломтой ажилчдын тоог нэмэх “үйлс”-д хүчин зүтгэдэг.
...Их, дээд сургуулиудын эзэн, удирдлагууд болохоор байраа томсгож, өнгийг нь засахын зэрэгцээ өөрсдийн нэр хүндийг өсгөж доогуур бодоход дүүрэгт “өндөр” алба хаших, цаашилбал УИХ-ын гишүүн байхын төлөө байдгаа барж чармайдаг...
Байнга хөндөгдөж байдаг энэ сэдвийг түр орхиод арай өөр талаас нь харъя. Монголд л бүх л тогтолцоо уруугаа харсан мэт байх албатай юм шиг боловсролын салбарт ч тийм байдал нүүрлээд удаж буй. Сургуулиуд хүн хөгжүүлэх, мэргэжил сайтар эзэмшүүлэх, салбар бүрт “уул нурааж, ус эргүүлэх” чадвар бүхий мэргэжилтнүүдийг бэлтгэн нийлүүлэх ёстой, үүрэгтэй атал эсрэгээрээ боловсролыг мөнгө олох хэрэгсэл болгожээ.
Дэлхийн баячууд боловсролд, өөрөөр хэлбэл сайн боловсон хүчин төрүүлэхэд хөрөнгөө зориулдаг. Их, дээд сургуулиуд боловсролыг дэмжигч баячуудын өгсөн мөнгөөр хамгийн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сургалтын, туршилтын лаборатори байгуулах, хамгийн сайн профессор урин лекц уншуулж, семинар удирдуулах, өндөр хөгжилтэй орнууд хоорондоо оюутан туршлага солилцох, туршилтын техник хэрэгслийг үнэ хайрлалгүй худалдан авч, оюутнууддаа эрэл хай гуул хийх боломж олгох зэрэгт зарцуулдаг. Үр дүнд нь мэргэжилдээ дуртай, салбартаа үр дүнтэй ажиллах ажилтнууд төрдөг.
Шинжлэх ухааны салбар дахь хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дуулгая. Эх хүн үрээ хэвлийдээ тээж байхдаа урагтайгаа эс харилцан солилцож байдаг бөгөөд энэ талаар одоо л тухайлан нарийн шинжилж байгаа ажээ. Дал хүрч нас барсан эмэгтэйчүүдийн тархийг судлахад талаас илүүгийнх нь тархинд эрэгтэй ДНХ илэрсэн нь тэдний төрүүлсэн хүүгийнх байсан аж. Хүүгийн ДНХ охиныхыг ээжийнхээс нь ялгахаас илүү хялбар байдаг гэнэ. Мөн эхийн зүрх өвдөхөд ургийн организмын үүдэл эсүүд эл өвдсөн газар нь цугларч, зүрхний хэд хэдэн төрлийн эс болдог ба зарим нь бүр цохилж эхэлдгийг хулгана дээр хийсэн туршилт харуулжээ. Үүдэл эсийн донор болох гэсэн эмэгтэйчүүдийн цусанд ч эрэгтэй ДНХ илэрсэн нь тэдний тээж байсан хөвгүүдийнх байж таарах нь.
Эх үрийн нандин холбоо гэж энэ ажгуу. Үрийн эс эхийн яс, элэг, уушги, бусад эрхтэнд “суурьшсан” байдаг ба хэвлийдээ ээжийнхээ шим тэжээл, эрчмээс нь авахын хамт шинэ, залуу эс ээждээ өгдөг аж. Судлаачдын “эсийн өв”-ийн зарчим, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах ажил анхан шатанд яваа юм байна. Дэлхийн боловсрол, шинжлэх ухаан энэ хүртэл хөгжсөн. Харин манай улсад нано технологийн хичээл заадаг ганц ч их, дээд сургууль алга. Хувийн ганц, хоёр дээд сургууль энэ чиглэлийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулна, гадаадаас мэргэжилтэн, багш урьж ажиллуулна гэж байсныг бол мэднэ. Гагцхүү хэрэгжүүлээгүй.
Улсын их, дээд сургуулиуд, хувийн их, дээд болон ерөнхий боловсролын сургууль ч оюутан, сурагчдын төлбөрт их хэмжээний мөнгө авдгийг бүгд мэднэ. Дунд сургуулиудын төлбөр бүр их. “Бээлийн” чинээ хүүхдийг дөрөв, тав, зургаа, найман сая төгрөг, зарим нь бүр арав гаруй мянган ам.долларын төлбөртэй сургадаг. Хүүхдээ сайн сургуульд сургаж, ерөнхий боловсролынх нь суурийг сайтар тавиулах гэсэн эцэг, эхийн буруу гэж юу байх вэ. Сургуулиас сургалтын төлбөрийг хэд гэж тогтооно, аав, ээжүүд түүнийг нь яг л өгнө. Гэтэл тэр мөнгийг хүүхдийн сургалт, хөгжилд гүйцэд зарцуул даггүй болох нь жил ирэх тусам тодорхой болж байна. Үүнийг суралцагсдын мэдлэгийн түвшнээр тодорхойлж болно. Маш өндөр төлбөртэй хувийн сургууль төгссөн хүүхдийн бодит чадвар ямар ч төлбөр авалгүй сургадаг улсын мэдлийн ерөнхий боловсролын сургуулийн су рагчаас ялгарахгүй. Олон жил их хэмжээний мөнгө төлж хүүхдээ сургасан эцэг, эх гомдол гаргаж, өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн ч болохоор мэт.
Ерөнхий боловсролын ч бай, их, дээд ч ялгаагүй суралцагсдаасаа авдаг сургалтын төлбөр хаачдаг вэ. Тухайн сургуулийг үүсгэн байгуулагчдын чинээлэг амьдралын эх сурвалж л болж байна. Аль ч түвшний сургуулиудын үүсгэн байгуулагчдын байр сууц, унаа тэрэг эдлэн газар жил ирэх тусам томорч байхад, суралцагсдад наалдаж байгаа нь тун бага. Тэгэхээр өнөөгийн оюутан, сурагчид сургуулиудын эздийн мөнгөний хүүдий болж байна л гэсэн үг.
Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай гэсэн тодотголтой, үйл ажиллагаа харьцангуй олон жил явуулж буй сургууль салбартай болжээ. Бизнес нь ашигтай байгаагийн шинж. Энэ намар сурагчид элсүүлэхдээ төв сургуульд нь орвол найм, харин салбар сургуулийг нь сонгох бол зургаан саяын төлбөртэй гэж байлаа.Төв сургуульдаа хичээлийг чанартай, харин салбартаа тэгсхийж заана гэсэн үг юм болов уу. Эсвэл сургуулиудын байршлаас хамаарч байна уу, Юутай ч хувийн сургуулиар, нарийндаа боловсролоор бизнес хийж сурсны, арга тактикаа улам нарийсгасныг эндээс харж болохоор. Энэ мэт гүйлгээ ухаан аль ч хувийн дунд сургуулийн үүсгэн байгуулагчдад бий.
Их, дээд сургуулиудын эзэн, удирдлагууд болохоор байраа томсгож, өнгийг нь засахын зэрэгцээ өөрсдийн нэр хүндийг өсгөж доогуур бодоход дүүрэгт “өндөр” алба хаших, цаашилбал УИХ-ын гишүүн байхын төлөө байдгаа барж чармайдаг. Үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн гэвэл харилцагч, үйлчлүүлэгч нарт нь “тэнгэрийн умдаг” атгах мэт санагддаг байх. Сайтар анзаарвал үүсгэн байгуулагчид нь олон жил эрхэм гишүүн байсан сургуулиуд хүрээгээ илүү тэлсэн. Суралцагсдаасаа жил бүр тоолж баршгүй мөнгө “саасан” болохыг ч төвөггүй тооцож болно. Төгсөгчдийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, өрсөлдөх боломж бараг л тэг зогсолттой адил. Тэгэхээр Монголын аль ч түвшний сургуулийн захирал, удирдлага, үүсгэн байгуулагчид нь л баяжаад, хөлжөөд байдаг, суралцагсад нь мэдлэг, мэдээлэл, цаг хугацаагаар хохирдог, ийм л систем Монголын боловсролыг ялзруулж байна даа.
Саяхан ярилцлага хийсэн их сургуулийн багш, докторын ярьснаас эш татъя. Тэрбээр “Бид нэг хэсэгтээ мөнгө, материаллаг амьдралын төлөө гэж явах хооронд мэдлэг, боловсролыг дээдэлдэггүй бүхэл бүтэн үе гараад ирсэн. Боловсролгүй, оюуны хувьд сэтгэн дүгнэх чадваргүй нь өөрт таалагдсан, эсвэл бусдын таалж буй хүмүүсийг харанхуйгаар шүтэн бишрээд ирэх юм бол эрхшээлд нь орж, боол нь болно. Тэ гэхээр залуус ийм байдалд орохгүйн тулд сайн уншаасай, илүү мэдлэг, чадвартай болоосой, оюуны чадавхтай байгаасай гэж хүсдэг. Мэдлэг, боловсролыг дээдэлдэггүй бүхэл бүтэн үе гарч ирсэнд сэхээтнүүдийн буруу ч бий. Мэдсээр, харсаар байж дуугардаггүй, муугаар хэлэхэд биеийн амрыг харж, чимээгүй анзаарсаар, хувиа бодсоор байтал өнөөх боловсролгүй иргэдийн армидаа өөрсдөө дарлуулан бухимдаж явах болсон. Эрдэм номтой хэсгийг төр, нийгмийн аль ч түвшинд үнэлэхээ байсан.
Тийм болохоор их, дээд сургуулийн багш нар оюутнууддаа үнэ цэнгүй, эрдэмтэн мэргэд нь олон нийтэд хүндгүй тийм цаг үе иржээ. Нийгмийг оюунлаг хэсэг, сэхээтнүүд нь урагш авч явах ёстой байтал өнөөдөр тэд нийгэм хэмээх массынхаа ард элдэв дайралт, аюулд өртчихгүйг хичээн нуугдах шахаж явна. Хэрвээ тэднийг төр нь үнэлдэг, дээдэлдэг, оюуны бүтээлийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлдэг, эдийн засгийн эргэлтэд оруулдаг, “Манай эрдэмтдийн оюуны бүтээл юм шүү дээ” гэж тоодог бол нийгэмд ойлголт тэр хэрээр очно. Аливаа үр бүтээлтэй эерэг бүхнийг нэг нь нөгөөгөө тэтгээд систем, тогтолцоо сайжрахуйцаар зохион байгуулан удирдаж нийгмийг эрүүлжүүлэх цаг болсон” гэж байлаа.
Зөвхөн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн төлбөр, сургалтын чанар, үр өгөөжийн талаар авч үзэхэд дүр зураг иймэрхүү байна.
Монголын боловсролын тогтолцоо, системийг хаанаас эхэлж, хэрхэн эргүүлж, зохист голдиролд нь оруулах вэ.