Үйлдвэрлэлийн хөгжил, технологийн дэвшилтэй холбоотойгоор хогийн найрлага нарийсаж, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор хөнөөл нь ч эрс ихэссэн. Хүнсний хаягдлаас гадна картон, химийн элдэв бодис, эмнэлгийн тусгай гээд олон төрлийн хог бий болсон. Дэлхийд өнөөдөр 10 гаруй сая нэр төрлийн химийн бодис бүртгэгдсэний 70 мянга орчмыг нь хүмүүс өдөр тутам ашигладаг. Энэ нь ахуйн хэрэглээний хог болж, задрахдаа хөрс, ус, агаар бохирдуулдаг. 2015 онд хийсэн судалгаагаар олон улсын зах зээлд жил тутам 1000 нэр төрлийн хи мийн бодис шинээр гарч, тэдгээр нь 300-400 сая тонн аюултай хог хаягдал байгальд үлдээж хор хөнөөл учруулдаг аж. Хүн төрөлхтөн хог хаягдлыг дахин боловсруулах арга удаан хайсны үр дүнд зарим орон энэ асуудлаа шийдэж чаджээ. Харин манай улсад хийх бус амаа урагдтал ярьсаар 20 гаруй жил болов.
Засгийн газраас хог хаягдлын тухай хуулийг 2017 оны тавдугаар сард шинэчлэн баталсан билээ. Энэ нь цагаан дээр хараар бичсэн төдийхнөөр нүдэнд харагдан хэрэгжилгүй явсаар өдий хүрэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн есдүгээр сарын 10-ны А/920 дугаар захирамжийн дагуу ирэх аравдугаар сарын 15-наас гадна орчны бохирдол ихтэй, ил задгай хогийн цэг үүсгэсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг торгохоор болсон. Нэг талаас иргэд, аж ахуйн нэгж, нөгөөтээгүүр тохижилт үйлчилгээний компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой уг ажлыг гүйцэтгэхэд хог тээвэрлэх машин хүрэлцэхгүй байгаа аж.
Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр аливаа ажлыг төлөвлөхдөө хүн хүч, техник, багаж хэрэгслээ урьтаж базаах нь чухал гэдгийг албан тушаалтнууд мэддэг л баймаар. Иргэд, аж ахуйн нэгжийг торгох бус, хог тээвэрлэх машинаа сайжруулах цаг нэгэнт болсон. Нийслэлийн есөн дүүрэгт 21 ТҮК-ийн 306 машин ажилладаг. Эдгээрийг 2012 онд засаж сэлбэсэн ба түүнээс хойш шинэчлэл хийгээгүй гэнэ. Хуванцар, шил, лааз зэрэг дахин боловсруулах хог хаягдалыг ачих зориулалттай ердөө хоёр машин бий. Нэг иргэн өдөрт дунджаар 0.5, жилд 200 килограмм хуурай хог бий болгодог. Дээрх хогийн машинууд нийслэлийн 380 мянга гаруй өрхийн хог хаягдлыг тээвэрлэж барах уу.
Энэ талаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга С.Аригуун “Хөгжил сайтай орны туршлага, техник технологи манай улсад нэвтрэх хараахан болоогүй. Учир нь иргэд ахуйн хог хаягдлаа ангилан ялгадаггүй. Тэр ч бүү хэл уут, саванд хийлгүй шидчихдэг. Үүнээс болж хогийг хүрздэх, түүх зэргээр гар аргаар ачдаг. Уг нь 2015 онд 118 машинд хог ачих автомат төхөөрөмж суурилуулсан. Түүндээ зориулан хэд хэдэн төмөр сав тусгайлан хийлгэсэн боловч иргэд хогоо ангилаагүй, хальж асгарснаас болоод гараар ачиж байгаа” гэлээ. Иргэд харин өөр бодолтой байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Ш.Баярцэцэг “Манайх саяхан ашиглалтад орсон шинэ орон сууцанд амьдардаг. Одоохондоо хог хаях цэггүй учир хүүхдийн тоглоомын талбайн хажууд төмөр хашаа хийж, хогоо хаядаг. Тээвэрлэх машин тогтмол ирдэггүйгээс дулааны улиралд үнэр танар нь дийлдэхгүй болдог. Мөн уут саванд хийсэн хогийг нохой, хог түүдэг хүмүүс задлаад тараачихдаг. Уут нимгэн, амархан урагддаг учир хогоо тогтмол ачих хэрэгтэй” гэлээ. Гэр хороолол болон гадна орчиндоо хог асгах цэгтэй орон сууцныхыг долоо хоногт тус бүр хоёр, дундын цэгийнхийг өдөрт нэг удаа ачдаг гэнэ. Зарим тохиолдолд машин эвдэрснээс болоод гэр хорооллын өрхүүдийн хогийг сард нэг, эсвэл хоёр сард ганц удаа ачдаг гэх. Баянзүрх дүүргийн хогийг сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд ачаагүй гэх гомдол удаа дараа иржээ. Хуваарийн дагуу ажилладаггүй, хогийн машины жолооч нарт хэрхэн хариуцлага тооцдог талаар тодрууллаа. ТҮК-иуд нь дүүргийн Засаг даргын Тамгын газартай гэрээ хийдэг тул хуваарийн дагуу хогоо ачаагүй тохиолдолд гадна орчныг бохирдуулсан торгууль төлүүлж, хийсэн гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авдаг.
Хүрэлцээгүй, эвдэрч саатах нь ихэссэн машинд хогоо ачиж чаддаггүй, дээрээс нь хариуцлаггүй жолооч нараас болж иргэд хохирох нь цөөнгүй. Тиймээс торгох нь зөв шийдэл хэмээн Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан үзэж байгаа аж.
Хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулах нь эдийн засагт төдийгүй байгальд ээлтэй. Гэвч манай иргэд хогоо ангилаж хаях нь битгий хэл ачуулах машингүй сууна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дээрх асуудлаа ухаалгаар шийджээ. Жишээлбэл, Швейцарт хүн бүр хогийн савны хэмжээнд тохируулан тодорхой хэмжээний татвар төлдөг. Мөнгөө хэмнэхийн тулд бизнес эрхлэгчид чигжих машин авдаг. Японд хог хаягдлын дүрмийг хотын захиргаанаас тодорхойлдог. Мөн томоохон цахилгаан хэрэгслээ хаяхыг хүссэн тохиолдолд тодорхой хэмжээний мөнгө төлдөг. Бээжинд хуванцар, шил, лааз гээд хаягдлыг хүлээн авах цэгүүд рүү аваачиж өгөх шаардлагагүй ба хог цуглуулагчдад зардаг. Тухайн хог цуглуулагчид дахин боловсруулах үйлдвэрт аваачиж өгдөг байна.
Хөгжил сайтай орнуудын жишиг ярьж суухаар бага болов ч санаачилга гаргаж ажиллаж эхэлмээр байна. Булган аймгийнхан хогны асуудлаа хэмжээнд бүрэн шийджээ. Орон сууц, гэр хороолол, замын хажууд шар, ногоон өнгийн хоёр хайрцаг бий. Шард нь энгийн, ногоонд дахин ашиглах хог хаягдлыг хийдэг. Хатуу хог хаягдлын менежментийн мастер төлөвлөгөөг 2011-2016, 2017-2020 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж. 2018 онд нийтийн эзэмшлийн талбайд 114, гэр хорооллын айл өрхийн хашаанд хог төрөлжүүлэн хийх 2037 ширхэг савыг хийсэн ба энэ онд 833-ыг нэмж байршуулжээ.
Ж.Отгонтуул