-Эмчийн илүүдэл, сувилагчийн хомсдол нүүрлэв –
Эрүүл мэндийн байгууллагууд судас олдоггүй сувилагч, оношоо мэддэггүй эмч, энэрэх сэтгэлгүй эх баригч, зургаа таньдаггүй рентгенч, шинжилгээгээ уншиж чаддаггүй лаборантаар “хахаж” байна гэвэл үгүй гээд хэлчих хүн хэд бол. Амаржихаар очсон эхийг “Төрөх болоогүй байна” гэж буцаасаар хэчнээн гэр бүлийг өнчрүүлэв. Дөнгөж төрсөн нярайг халуун усанд түлж, газар унагааж тахир дутуу болгосон тохиолдол нэг биш.
Эх, хүүхдийг хоёуланг нь, эсвэл хэн нэгнийг нь хохироож байж “санаа нь амардаг” аймшигт нийгэмд бид аж төрөх боллоо. Даралт нь ихсэж, зүрх нь дэлссэн эцгийгээ үүрээд очсон нэгнийг “Манай харьяаных биш, үзэхгүй” гэж хөөж туусаар хоёр эмнэлгийн хооронд нүд аниулсан гэх мэт явдлыг иргэд мартаагүй. Улаан бурхан, менингитийн тууралтыг ялгахгүй мэдрэлийн эмчээс болж хүний амь хохирох шахсан нь саяхан. Халуун бууруулах тариа хийж чадахгүй сувилагчаас болж нэг нас ч хүрээгүй бяцхан амь тасрах шахлаа.
Эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, сэтгэл, харилцаа, хандлага ингэтлээ уруудах болсон шалтгааныг “Өнөөдөр” сонин тодруулж, анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлддэг сургуулиудын “гологдол бүтээгдэхүүн”-ий балгийг иргэд үүрч, төлөөсөнд нь эрүүл мэнд, амиа өгч байгааг “Хүн эмчилдэг мэргэжилтнүүдийн сургалтыг хөсөр хаяжээ” нийтлэлээрээ хөндсөн билээ. Эрүүл мэндийн байгууллагад мэргэжилтэн бэлдэж, нийлүүлдэг их, дээд сургуулиудын сургалтын чанар, орчин нөхцөлийг МХЕГ-ынхан өнгөрсөн оны сүүлчээр шалгасан дүнг бид олж, олон нийтэд мэдээлсэн юм.
Тодруулбал, анагаахын 11 сургуулийн зарим салбар нь дундаа нэг тусгай зөвшөөрөлтэй, туслах сувилагчийг гуравхан сар бэлдэж, хууль ёсны газраар нь сургалтын төлөвлөгөөг боловсруулаагүй байсан зэрэг зөрчил гаргасан. Түүнчлэн таваас доошгүй жил ажилласан эмнэлгийн ажилтнуудыг туслах сувилагчаар сурган, төлбөрийг төрөөс санхүүжүүлэх ёстой атал эл салбарт огт ажиллаагүй хүмүүсийг богино хугацаанд мэргэшүүлэх нэрээр мөнгийг нь улсаас гаргуулж, завшсан зэрэг ноцтой зөрчил илрүүлсэн байна. Ерөнхийд нь “базвал” эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулдаг улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад мэргэжлийн багш дутмаг, дадлага хийх орчин нөхцөл хангалтгүй байхад тусгай зөвшөөрөл олгосоор байгаа нь асуудал юм.
Тиймээс холбогдох байгууллагууд эдгээр зөрчлийг арилгуулсан, эсэхийг бид энэ удаа нэхэн сурвалжиллаа. Дээд сургуулийн бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй мэргэжилтэн бэлдэх тусгай зөвшөөрлийг БСШУСЯ олгодог. Тус яамныхны анагаахын сургуулиудад хэрхэн, ямар шалгуураар тусгай зөвшөөрөл олгож буйг Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шалгахад хууль, ёс журмынхаа дагуу ажилладаггүй нь илэрчээ. Нэр бүхий сургуулиуд сургалт хийх орчин, нөхцөл, дадлагын газаргүй байхад үйл ажиллагаа явуулах эрх өгсөн нь бодлогын маш том алдаа гэдгийг улсын байцаагч нар хэлсэн юм.
Үүний мөрөөр БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалантай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд дээд боловсролын сургалтын хөтөлбөрийн чанарыг сайжруулахад онцгой анхаарч байна. Урьд нь сургалтын хөтөлбөрүүдийг сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлүүлдэг байсан. Гэвч ижил чиглэл, хөтөлбөрөөр сургалт явуулдаг байгууллагуудын чанар ялгарах болсон. Тиймээс бид их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийн чанарыг үнэлсэн юм. Ялангуяа анагаахын чиглэлийнхэд ихээхэн ач холбогдол өглөө. Ингэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагынхны шалгалтыг үндэслэн, Эрүүл мэндийн болон манай яамны удирдах албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсэг сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, бодит байдалд ямар асуудал тулгараад байгааг тодруулсан.
Боловсролын хүрээлэнгийнхэн эрүүл мэндийн сургалт явуулдаг бүх сургуулийн хөтөлбөрийг харьцуулж, судаллаа. Мөн анагаахын сургуулиудын II, III дамжааны 3000 гаруй оюутныг санамсаргүй түүврийн аргаар сонгож, гэнэтийн шалгалт авсан. Төрийн, хувийн болон салбар сургуулиудын сурлагын чанар асар зөрүүтэй буюу суралцагчдын мэдлэгийн түвшин 30-60 хувьтай байна. Тиймээс сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Эмч бэлдэх сургалт явуулах тусгай зөвшөөрөл нэмж олгоогүй. Салбарын зохистой харьцааг хангах үүднээс ойрын жилүүдэд 3000 сувилагч бэлдэх шаардлагатай болсон тул сувилахуйн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг дэмжиж байгаа” гэж ярилаа.
МХЕГ-ынхан хийсэн шалгалтынхаа мөрөөр анагаахын сургуулиудын зөрчил дутагдлыг арилгуулсан, эсэхийг нь тодруулахад “Бид хяналт шалгалт хийсэн дүнгээ холбогдох байгууллагуудад уламжилсан. 2-3 жилийн өмнө хийсэн шалгалтын талаар мэдээлэл өгмөөргүй байна” гэв. Түүгээр ч зогсохгүй манай сонинд өмнө нь мэдээлэл өгсөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийг дарамталж, “АШУҮИС-ийн нэр хүндийг гутаалаа. Ерөнхий газраас зөвшөөрөл авалгүй ярилцлага өгсөн” гэж хатуу зэмлэсэн сурагтай. Уг нь тус газрын үүрэг олон нийтийн эрх ашгийн төлөө, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хянан шалгаж, илэрсэн зөрчлийг нь арилгуулах ёстой баймаар. Гэтэл аль нэг талд нь “зогсож”, нэр хүндийг нь “гутаасан” байцаагч нараа дарамталдаг газар болж хувирчээ дээ, янз нь. Тэгээгүй сэн бол өнгөрсөн оны сүүлчээр хийсэн хяналт шалгалтаа “2-3 жилийн өмнөх” гэж мэлзэх хэрэг байсан уу.
Эрүүл мэндийн яамныхнаас салбарын хүний нөөцийн асуудлаар тодруулах гэсэн боловч мэддэг ганц дарга нь бас л амарчихаж. Хүний нөөцийн бодлого нь алдагдаж, эмч, мэргэжилтнүүдийнх нь чадвар ингэтлээ дордчихоод байхад анхаарч, арга хэмжээ авдаг л гэж найдъя. Уг нь сувилагч нарыг нэмэгдүүлэх албан хүсэлт БСШУСЯ-нд өгсөн ч харамсалтай нь мэргэжилтэн бэлддэг сургуулиуд нь үүний эсрэг байна. “Өнгөрсөн хичээлийн жилд АШУҮИС гэхэд эмчийн ангидаа 800, сувилагчийнхад 40 хүн л элсүүлсэн” гэж Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэллээ.
Тэрбээр “Эрүүл мэндийн салбарт эмчийн илүүдэл, сувилагчийн хомсдол нүүрлэсэн. Улсын нэг эмнэлэгт дунджаар 30-40 сувилагч дутагдаж байна. Олон улсад нэг их эмчид дөрвөн сувилагч ногддог бол манайд энэ үзүүлэлт 1:1 байгаа. Анагаахын сургалттай их, дээд сургуулиуд жилд дунджаар 100 эмч бэлдэхэд өнөөдрийн эрэлт, хэрэгцээг хангана. БСШУСЯ-ны бодлого нь Эрүүл мэндийнхтэй уялддаггүйгээс завхрал бий болсон. Урьд нь эмчийн ангид тэнцээгүй нь асрагч, сувилагч болдог байлаа. Гэтэл их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог жил ирэх тусам бууруулж, хүссэн хүн бүр эмч болж байгаа нь аюул. Хүн ардын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарт ч сөргөөр нөлөөлөөд эхэлсэн. Сургуулиуд нь элсэгчдийн эрэлтэд дөрөөлж, бизнесийн байгууллага болж хувирлаа.
Чанаргүй, чадваргүй олон мянган эмч бэлдэж байгаагийн горыг алсдаа иргэд амсана. Тиймээс бид анагаахын сургуулиудын сургалт, хүний нөөцийн чадал, чансааг судалж байгаа. Удахгүй асуудлыг холбогдох байгууллагуудад уламжилна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна гэж үргэлж ярьдаг. Тийм бол сувилагч нарыг олноор бэлдэх шаардлагатай. Эмч өвчтөн үзэж, оношилно. Харин эмчилгээ, асаргааг нь сувилагч хийдэг. Харамсалтай нь, сувилагчийн сургуулиуд нь эмч бэлдэж, сургалтын баазгүй байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа чөлөөтэй явуулах болжээ. ЭМЯ салбарынхаа хүний нөөцийн эрэлтэд үндэслэж, эмч, мэргэжилтэн бэлдэх квот тогтоож, бодлогоор зангидах ёстой” гэсэн юм.
Холбогдох хуулийн дагуу их, дээд сургуулиуд 2016 оноос ямар мэргэжлийн ангидаа, хэчнээн хүн элсүүлэхээ шийддэг болсон юм байна. Үүнийг БСШУСЯ-ныхан “академик эрх чөлөө” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийг харгалзахгүйгээр хүмүүсийн суралцах хүсэл эрмэлзэлд үндэслэсэн эл шийдвэр “зөв” аж. Тиймдээ ч сүүлийн хоёр жил анагаахын чиглэлээр мэргэжилтэн бэлддэг улсын сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог 480-д “барьжээ”.
Гэтэл хувийн сургуулиуд гомдоллож, “Бусдын суралцах эрхийг боож болохгүй. Зарим нь эрүүл мэндийн боловсрол олж авахын тулд их, дээд сургуульд элсдэг. Тиймээс элсэгчдийн босго оноог бууруулаач” гэсэн хүсэлтийг удаа дараа тавьж, 410 болгуулсан гэнэ. Хувийн сургуулиудын удирдлагын хэлж буйгаар бол манай иргэд эрүүл мэндийн боловсрол олж авахын тулд эмчийн мэргэжил эзэмших хүртлээ гэгээрсэн юм байх.