ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Имамович Норовын хамт
БНХАУ-ын Гадаад харилцааны яамны урилгаар Монгол, Орос, Иран, Балба, Энэтхэг, Киргиз, Казахстан зэрэг 18 орны хэвлэл мэдээллийн 30 гаруй төлөөлөл урд хөршид 10 хоног ажлын айлчлал хийж, Бээжин, Сиань, Жухай, Шэньжэнь гэсэн дөрвөн том хотоор аялаад ирлээ. Үнэндээ бол ажил гэхээсээ илүүтэй амралт, аятай сайхан аялал байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу.
Монголоос “Unuudur.mn” цахим хэвлэлийн орлогч эрхлэгч Ц.Хашзаяа “Zaluu.com”-ын сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ нар энэ сарын 4-нд Хятадын агаарын тээврийн “Air China”-гийн хөлгөөр урд хөршийн нийслэлийг зорив. Тэнд очсон бид бусад орны төлөөлөгчтэйгөө нэгдэн, таван одтой “Бээжин ритан” зочид буудалд буусан. Тус хотод гурав хонохдоо багагүй ажил амжуулж, олон зүйл үзэж, сэтгэл, оюунаа цэнэглэлээ. Онцлон дурдахад, 18 орны 30 гаруй сэтгүүлч, төлөөлөгч унадаг дугуйгаар ШХАБ-ын байранд хүрсэн. Заавал унадаг дугуй хөлөглүүлсэн нь учиртай аж.
“Нэг бүс, нэг зам” ногоон хөгжлийг олон орны төлөөлөгчид хамтдаа хэрэгжүүлэх, хамтдаа мэдрэх нь эл аяллын зорилго
“Нэг бүс, нэг зам” ногоон хөгжлийг олон орны төлөөлөгчид хамтдаа хэрэгжүүлэх, хамтдаа мэдрэх нь эл аяллын зорилго гэдгийг албаныхан тайлбарласан юм. Тэнд биднийг ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Имамович Норов угтаж, санал бодлоо солилцсон. Тэрбээр ШХАБ-ын үйл ажиллагааг товч, тодорхой тайлбарлахын зэрэгцээ дэлхий нийтийн хөгжлийн хандлага аялал жуулчлалаар нэгдэх, харилцан ойлголцох зэрэг чухал санаа хэлж байлаа. Тодруулбал, Төв Азийн орнуудын соёлын аялал жуулчлалын холбоо бий болгох, ШХАБ-ын орнууд хоорондын найрамдлыг хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.
Энэ өдрийн өөр нэгэн үйл явдал нь олон орны хэвлэл мэдээллийнхэн Хятадын “Хуаньцюван” сайтын редакцтай танилцсан бөгөөд “Unuudur.mn” хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ бол бидний хамтын ажиллагааны нэгэн өгөөж байв.
Бээжинд өнгөрүүлсэн эхний өдөр олон орны сэтгүүлч, хэвлэлийн төлөөлөгчдийг ШХАБ-ын хүрээн дэх Хүрээлэн буй орчныг хамгаалах төвтэй танилцуулсан нь сонирхолтой байлаа. Гадна орчноосоо эхлээд л байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилт техник, технологийн шийдэлтэй аж.
Биднийг өндөр албаны олон хүн хүлээн авч уулзсаны нэг нь БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Зүүн Европ, Төв Азийн хэлтсийн зөвлөх Юй Цюнь байв. Тэрбээр эл аяллын гол зорилго болсон ногоон хөгжил, “Нэг бүс, нэг зам” бодлогын чухлыг ухуулан таниулсан. Биднийг хүлээн авсан байгууллагад сэтгэл татам нэг зүйл байсан нь Олон улсын хэвлэл мэдээллийн төвд дэлгэсэн номуудаас хүссэнээ авах. Ийм боломж олгосонд үнэхээр талархууштай. Ёстой л хорхой хүргэм олон төрлийн ном байснаас мэддэг, “мэддэггүй” хэлээрх хэдийг цүнхлэв.
Хятадын нийслэл улам өнгөтэй, илүү боловсон, шуурхай болжээ. Цаг, минуттай уралдан хөгжиж, дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд яваа улсын нийслэлийн өнгө төрх сайхан байлаа.
Орой нь үдийн хоол, найрсаг хүлээн авалтаар дүүрэн байсан бөгөөд Бээжин хоттой танилцуулах аялал үргэлжилсэн. Хятадын нийслэл улам өнгөтэй, илүү боловсон, шуурхай болжээ. Цаг, минуттай уралдан хөгжиж, дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд яваа улсын нийслэлийн өнгө төрх сайхан байлаа.
Энэ удаа нэг дор цугласан олон орны хүмүүсийн ойлголцлын хэл нь орос, англи байлаа. Бээжин хотод бидэнд энэ хоёр хэлээр орчуулагч хийсэн Миша, Жерри хоёр үнэхээр сэтгэлтэй, басхүү хөгжилтэй, найрсаг байсныг онцлохын ялдамд эл арга хэмжээг дээд түвшинд зохион байгуулахад онцгой үүрэгтэй оролцсон ШХАБ-ын Найрамдал, хамтын ажиллагааны хэлтсийн ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Чэн Вэй болон Хятадын ГХЯ-ны Зүүн Европ, Төв Азийн хэлтсийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ван Юнчунь нарт гүн талархал илэрхийлье. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олонд баярлалаа. Бээжинд хоноглосны дараах хоёр өдөрт Хятадын түүх, соёлын өлгий болсон Цагаан хэрэм, Хааны ордон, тус улсын уламжлалт эд өлгийн зүйл бүхий “Гугун” музей үзэж, Бээжингийн цахилгаан машины үйлдвэрээр орж, сонирхсон юм. “Beijing electric vehicle” компанийнхан биднийг төрөл бүрийн машинаараа аялуулсан нь тун таатай байв.
ХЯТАДЫН ЭРТНИЙ НИЙСЛЭЛ “САЙН БАЙНА УУ”
Бээжингээс Сиань хот руу өндөр хурдны галт тэргээр явсан нь үнэхээр супер байсныг тэмдэглэе. Тус хотууд 911.52 км зайтай оршдог. Авто замаар зорчвол 1100 орчим км явдаг аж. Тэгтэл өндөр хурдны галт тэргээр ердөө дөрвөн цагийн хугацаанд 1000-гаад км замыг “нүд ирмэхийн” зуурт туулж байна. Хөгжил дэвшлийн гайхамшиг гэж энэ бөлгөө. Галт тэрэгний сандлууд нь 360 хэм эргэх нь тун зугаатай. Асар хурдтай явж байгаа “машин” дотор аягатай ус цалгихгүй, бие ийш тийш зайлагдахгүй, дуу чимээгүй, гэртээ байгаа мэт тухтай аялах нь үнэхээр гайхалтай. Бусад орны төлөөлөгчид сандлаа эргүүлэн, хүүхэд шиг хөөрөх нь бас л сонихон.
Сиань тасархай хот ажээ. Биднийг буухад бүрий болсон байлаа. Тэгсэн ч өдрөөс дутахгүй гэрэлтэй, энд тэндгүй гоёмсог дэнлүү өлгөөтэй. Модод битүү дэнлүү. Бид гайхаад “Ямар нэгэн баяр болж байгаа юм уу” гэж асуухад “Сианийн өдөр бүр нь баяр баясгалан байдаг. Манайд хэдэн сая жуулчныг өдөр тутам хүлээн авдаг болохоор бүгдийг нь баяр мэт ингэж угтдаг” хэмээн тайлбарласан юм. Хотын гэрлэн чимэглэлийг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Ердөө л гайхалтай, гоё, “солиотой” гэхээс өөр үг олдохгүй нь.
"Сианийн өдөр бүр нь баяр баясгалан байдаг. Манайд хэдэн сая жуулчныг өдөр тутам хүлээн авдаг болохоор бүгдийг нь баяр мэт ингэж угтдаг"
Энэ хот эртний уламжлалт төрхөө хадгалахын зэрэгцээ орчин цагийн хэв маяг нэвт шингээстэй. Зам харгуйнх нь талаар ярих юм биш. Үй олон машин, унаа зөрөлдөх ч түгжрэл гэдэг зүйл лав тэдний хувьд толгойн өвчин биш санагдсан. Дэд бүтэц, зөв төлөвлөлт гэдгийг тэндээс ёстой л мэдэрлээ. 3100 жилийн түүхтэй, Хятадын эртний нийслэл асан Сиань бол Шэньси мужийн төв бөгөөд 3.9 сая гаруй хүн амтай аж. Торгоны замын гол уулзваруудын нэг байснаараа онцлогтой эл хот Хятадын цагаан хэрэм шиг өөрийн гэсэн агуу ханан хэрэмтэй. Тэрхүү ханыг 1374-1379 онд байгуулжээ. Эл дурсгалт газрынхаа өмнө залуучууд нь хуримын зургаа авхуулдаг уламжлал тогтсон гэнэ.
Торгоны замын гол уулзваруудын нэг байснаараа онцлогтой эл хот Хятадын цагаан хэрэм шиг өөрийн гэсэн агуу ханан хэрэмтэй.
Сиань хотын хэрэм
Эрт цагт хотыг баруун, зүүн жигүүрт хуваадаг байжээ. Баруун хэсэгт нь гадаадын худалдаачид буюу торгоны замаар аялагсад амьдардаг байсан онцлогтой. Олон газрынхны соёл өдгөө ч эл хотынхны амьдралын хэв маяг, ахуй хэрэглээнээс нь илт харагдана. Жишээ нь, хотын хаа сайгүй төрөл бүрийн талх, анар жимс дэлгэсэн мухлаг, худалдаачин харагдана. Талхны нэр төрөл нь миний тоолсноор 20 гаруй.
Мэдээж, үүнээс олон байгаа. Дундад газарт талхны соёлыг ийм өргөн дэлгэр түгээж чадсан нь Сиань эртний торгоны замын гол уулзвар байж, олон хэлийн хүмүүсийн өв соёл, ахуй амьдралын хэв маягийг шингээж чадсантай холбоотой юм. Биднийг эртний түүхийн улбаа болсон исламын сүмээр зочлуулав. Энэ хот Монголын хаан Хубилай, түүний гурав дахь хүүтэй түүхийн жимээр холбоотойг түүхэн сурвалжуудаас харж болно. 3100 жилийн хугацаанд 13 гүрний оршин тогтнолын гэрч болсон, 72 хааны бунхныг “өлгийдсөн” Сиань хотыг дэлхийн хүмүүс шавар цэргүүд болон археологийн бусад олдвороор нь андахгүй.
Тиймдээ энэ хотод Торгоны замын археологийн холбоо гэсэн судалгааны байгууллага бий болжээ. Өөрөөр хэлбэл, эртний түүхээрээ дэндүү гайхуулсан Сианийг жилд хэдэн арван сая жуулчин зорьдог гэсэн баримт байна. Сианийг үзээгүй бол Хятадад зорчсон гэж бүү ярь гэсэн үг байдаг аж. Үнэхээр тийм санагдлаа.
Сиань хотын дарга Ван Юн биднийг хүлээн авсан нь том хүндэтгэл байсныг энэ ташрамд дурдъя. Тэрбээр “Нэг бүс, нэг зам” бол олон улсын бодлого гэдгийг онцолсон. Мөн “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд дэлхийн бүх хоттой хамтран ажиллах зорилготойгоо онцолсон.
Энэ хотод үлдсэн хамгийн гоё дурсамжуудын нэг нь ШХАБ-аас Сиань хотод йог, хийн дасгалын өдрийг тэмдэглэж, эртний Тан улсын үед байгуулсан цэцэрлэгт хүрээлэнд олуул нэгэн зэрэг дасгал хийсэн явдал. Эл арга хэмжээг ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга В.И.Норов болон албаны бусад хүмүүс зорин ирсэн байлаа. Эрүүл амьдралын хэв маягийг ийнхүү сурталчилдаг аж.
Хятадын өмнө зүгийн мужууд аялал жуулчлалын онцгой бүсээс гадна халуун, дулаан уур амьсгалтай учир хоол хүнс нь дагаад “халдаг” юм байна. Зарим хоол нь амнаас гал авалцуулах шахам. Бүс нутгийн онцлогоос шалтгаалан халуун ногоо их хэрэглэдэг талаараа тайлбарлаж байлаа.
Олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Сиань хотод ирэхэд Евразийн эдийн засгийн найм дахь удаагийн форум эхэлж байлаа. Энэ удаагийн форум “Бүс ба зам барилгын ажил: Өндөр түвшний хамтын ажиллагаа ба чанарын хөгжил” сэдвийн дор болж, Монгол, Хятад, Афганистан, Энэтхэг, Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Беларусь, Иран, Шри Ланка, Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк улсын төлөөлөгчид оролцож, санхүү, экологи, соёл, аялал жуулчлал, цаг уур, шинжлэх ухаан, технологи, боловсрол, геологийн судалгаа, цахим худалдаа, ногоон архитектур зэрэг нийт 10 асуудал хэлэлцсэн.
Евразийн эдийн засгийн чуулга уулзалт нь Ази, Европын улс орнуудын харилцан ойлголцлыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж, Шэньси мужийн экспортод чиглэсэн эдийн засгийн хөгжлийн түвшнийг дээшлүүлнэ хэмээн зохион байгуулагчид нь онцолж байлаа. Эл арга хэмжээг сурвалжлах боломжийг бидэнд олгосонд талархъя.
МАКАОГ “ШҮРГЭЭД” ӨНГӨРӨВ
Бидний очсон дараагийн хот нь Гуандун мужийн Чухай хот. Нэр нь хятадаар "СУВДАН ТЭНГИС" гэсэн утгатай аж. “Хонконг-Жухай-Макао” гүүр нь Линдийн далай дээгүүр тавигдаж дорно зүгт тусгай захиргааны бүс болох Хонконг, Жухай хотыг баруун тийш Хятадын хоёр дахь тусгай захиргааны бүс Макао хоттой холбожээ. Бид Хонконг, Чухай, Макаог холбосон гүүрэн дээгүүр тусгай автобусаар зорчив. Нээгдээд удаагүй эл байгууламжаар тусгай зөвшөөрлийн дагуу зорчдог юм билээ.
Учир нь засаг захиргааны тусгай бүсээр зорчих тул ийнхүү анхаарч, зөвшөөрлийн хуудас өгдөг гэнэ. Энэ нь Хятадын “нэг улс-хоёр систем” бодлогын хүрээнд дээрх гурван хотын хамарсан усан замын анхны том төсөл юм. Гүүрний төсөл хэдэн хэдэн гол хэсгээс бүрджээ. Үүнд “Хонконгийн боомт болон түүний холбогдох хэсэг”, “Жухай болон Макао боомт ба тэдгээрийн холбогдох хэсэг” орно. Төслийн нийт зам Хонконгийн олон улсын нисэх буудлаас тус бүс нутгийн мэдлийн хиймэл арлаар дамжин Жухай болон Макао боомт хүрээд зогсохгүй цаашлаад Жухай хотын Хуньван дүүрэг ордог бөгөөд 41,6 км-ийн урттай юм.
Төслийн гол хэсэг “гүүр болон усан доорх хонгил”-ын урт 29,6 км. Эл хэсэг гүүр, хонгил болон хиймэл арлын барилгын ажил, тээврийн хөдөлгөөний зохицуулалтын мульти систем гээд уг төслийн хамгийн хүнд ажлыг гүйцэтгэсэн аж. “Хонконг-Жухай-Макао” гүүр одоогоор далай дээгүүрх дэлхий хамгийн урт гүүр болоод байна. Төслийн нийт өртөг 120 тэрбум юань (ойролцоогоор 20 тэрбум ам.доллар) болжээ. Барилгын ажил зургаан жил бэлтгэсний дараа 2009 оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлээд 2018 оны аравдугаар сарын 24-нд ашиглалтад өгсөн ажээ.
Эл гүүр Линдин далай дээгүүр тавигдсан бөгөөд тэнд дэлхийд нэн ховорт тооцогддог цагаан далайн гахай байдаг гэсэн. ШХАБ-ын найрамдал, хамтын ажиллагааны хэлтсийн ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Чэн Вэй надад “Та энэ гүүрэн дээгүүр зорчсон анхны монгол хүн боллоо. Нийтлэлдээ энэ талаар дурдвал сонирхолтой болов уу” хэмээн онцолж байсан. Аялал жуулчлалын гол төвүүдийн нэг хэрнээ хоол хүнс, бараа, бүтээгдэхүүн харьцангуй хямд гэдгээрээ Чухай хот бас их алдартай юм байна.
Эл гүүр Линдин далай дээгүүр тавигдсан бөгөөд тэнд дэлхийд нэн ховорт тооцогддог цагаан далайн гахай байдаг гэсэн.
САРНЫ БАЯРЫГ ШЭНЬЖЭНЬД ТЭМДЭГЛЭВ
Монголчууд урд хөршийн Гуандун мужийн Шэньжэнь хотыг андахгүй. Учир нь тэр бол олон улсын техник, технологийн төв шахам болсон газар юм. Бидний хэдэн төлөөлөгч тус хотод бууснаар эл аяллаа өндөрлөсөн. Шэньжэнийн бахархал болсон Умардын шинжлэх ухаан, техникийн их сургуулиар бид зочиллоо. Харьцангуй шинэ буюу байгуулагдаад 10-аад жил болж буй тус сургуулийн багш, оюутнуудтай уулзахад тус улс эл салбарт ямар их ач холбогдол өгч, хөрөнгө хаяж байгааг мэдэрлээ. Техник, технологи бол хөгжлийн хөшүүрэг гэдгийг хятад хүмүүс хэдийн ойлгожээ.
Энэ үеэр Хятадын сарны өдөр хэмээх эртний уламжлалт баяр нь тохиосон юм. Монголчууд үүнийг еэвэн сар гэдгээр нь мэднэ. Хайрын домгоос үүдэлтэй эл баяраа халуун ам бүлээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Эл өдөр төрөл бүрийн еэвэн хийдэг аж. Уг уламжлалын дагуу гадаадын хэвлэл мэдээллийнхэн тус сургуулийн оюутнуудтай еэвэн хийсэн нь сонирхолтой байлаа. Орой нь оюутнуудын тоглолт үзсэн олон улсын сэтгүүлчид оюутан насаа дурсацгаав.
18 орны хэвлэл мэдээллийн 30 төлөөлөгчийн хамт байх хугацаа өнгөрсөн бямба гарагт дуусаж, нутаг нутгийн зүг хөдөлцгөөлөө. Гэхдээ ШХАБ-ын хамтын ажиллагааны хүрээнд нөхөрлөсөн бидний холбоо тасрахгүй, цаашид улам бэхжих буй за. Энэ бол “Нэг бүс, нэг зам” бодлогын нэгэн зорилго билээ.
Бэлтгэсэн: Ц.Хашзаяа