Өмнөд Солонгосын хамгийн алдартай охидын хамтлаг болох "Twice"-н япон гишүүн Сана хамтлагийнхаа албан ёсны инстраграмм хуудсаар дамжуулан Японы эзэн хааны талаар пост оруулсан нь Солонгосчуудын шүүмжлэлийг дагуулж байна. Тэрбээр өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр "өөрийнхөө зурагны дор Хэйсэй эриний үед мэндэлсэн хүний хувьд өнөөдөр маш гунигтай өдөр байна. Гэхдээ би чадлаараа хичээсэн. Хэйсэй эриний сүүлчийн өдрийг гуниглалгүйгээр өнгөрүүлж, шинээр эхэлцгээе" хэмээн бичжээ. Солонгосын интернэт хэрэглэгчид үүнд маш шүүмжлэлтэй хандаж, "Өмнөд Солонгосыг олон улсад төлөөлж буй охидын хамтлагийн гишүүн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан өөрийнхөө эх орны талаар бичиж байгаа нь ёс зүйд таарахгүй" хэмээн үзэж байгаа бөгөөд зарим хүн Солонгосын кпоп хамтлагуудад япон гишүүн оруулахыг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлжээ.
Ташрамд дурдахад, Солонгосын хойг дахь Японы колончлолын бодлогыг “угсаатны дарангуйлал” гэж томъёолдог бөгөөд энэ үеэр Солонгосын соёлын нэгээхэн хэсэг устаж үгүй болсон гэж үздэг. Ийм учраас Солонгосчууд Япончуудад тийм ч таатай ханддаггүй бөгөөд Япончуудыг хийсэн дарангуйлалдаа албан ёсоор уучлалт гуйгаагүй гэж үздэг байна.